БНСУ-ын нийслэл Сөүл хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг “Everland Resort” цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 7-ны өдөр Ай Бао нэртэй хулсны баавгай хоёр ихэр бамбарууш төрүүлжээ.

YouTube-д нийтэлсэн видео бичлэгээс харахад, Ай Бао хулсны баавгай эхлээд 180 грамм жинтэй бамбарууш төрүүлсэн бол удалгүй 140 грамм жинтэй хоёр дахь бамбаруушаа төрүүлсэн байна.

Хулсны баавгай ихэрлэх тохиолдол 50 хувиас бага байдаг бөгөөд зэрлэг байгальд амьд үлдэхийн тулд эх нь ихэвчлэн зөвхөн нэг бамбарууш л асрах чадвартай байдаг аж.

“Everland Resort” цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд “Хулсны баавгай болон зулзагуудын биеийн байдал сайн байна” гэж мэдээлжээ. Улмаар тэд гурван жилийн өмнө есөн настай Фу Баог төрөхөд байсан бөгөөд тэрхүү туршлагаараа төрсний дараах үеийн асаргаа сувилгааг хийж байгаа талаар мэдэгдсэн байна.

Тус амьтны хүрээлэнгийн хулсны баавгайн хашаа барих үүрэгтэй ажилтан Кан Чеол Вон “Солонгост анх удаа хулсны ихэр бамбарууш төрсөнд би маш их баяртай байна. Бид тэднийг үргэлжлүүлэн халамжилж, олон нийтэд итгэл найдвар, баяр баясгалан бэлэглэдэг, хулсны баавгайн гэр бүл болоход туслах болно” гэж хэлжээ.

Ихэр бамбаруушт одоогийн байдлаар нэр өгөөгүй байгаа юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу