“Эрдэнэс Монгол” ХХК гэж хөл толгойгүй газар бий болоод удаж байна. С.Наранцогт гэж нөхөр хувийн вант улсаа байгуулсан мэт дураараа аашлах болсон. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Наранцогтыг тус компанийг удирд гээд явуултал хувийн компани шигээ аашилж эхэлсэн байдаг. Удирдана гэж улангассан галзуу юм л түйрэн болгож буй талаар ажилтнууд нь ярих болов.

“Их хүссэн хүнээр төрийн жолоо бүү атгуул” гэдэгчлэн хэт их улайрсан хүнээр төрийн өмчит компанийг удирдуулах нь эргээд компаниа хөмрөх зам руу хөтөлдөг. Өнгөрөгч хавар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнуудыг бүгдийг нь нэг дор ажлаас чөлөөлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь шоу болж өндөрлөсөн.

Мэдлэг чадвартай хүмүүс нь жагсаалтын гадна үлдэж, нам дагасан, улстөрчдийн тэр дундаа МАН дагасан хүмүүс голдуу нөхөд үүрлэж, орогносон. Эхэндээ нэг их сүрхий болж баахан хүний анкет, шалгалт авсан ч одоо бол утас цохисон улстөрч болгоны хүмүүсийг албан тушаалд тавьж байгаа аж.

Сонгон шалгаруулалтаар орж ирсэн хүмүүс нь эхнээсээ “Ямар газар ажилд орчихов оо. Ёстой бүтэхгүй компани байна. Ажлаасаа гаръя” хэмээн өргөдлөө өгөөд эхэлсэн. Магадгүй сонгон шалгаруулалтаар орж ирсэн хүмүүсийг эелдгээр “зайлуулах” ажлаа тэр гарамгай хийж байгаа бололтой. Сонгон шалгаруулалтын өмнө хуучин ажилтнуудыг хуйгаар нь “хөөж” явуулсан. Зарим хүмүүс нь хуулийн байгууллагад хандаж эхэлсэн байдаг. Тэгвэл тэд эхнээсээ анхан шатны шүүх дээр ялалт байгуулцгааж эхэлжээ.

“Тэнэг хүн тэмдгэнд дуртай” гэдэгчлэн эрх мэдэлд дуртай С.Наранцогт охин компанийн удирдлагуудаа өөрийн дураар сэлгэж эхлэв. Бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх, өөрийн үгээр ажиллах, улстөрчдийн шахааны хүсэлтийг биелүүлэхийн тулд дураараа авирлаж эхэлсэн байна.

Наадмын өмнө “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал С.Баярмөнхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж тамгыг нь булааж авсан. Ингэхдээ “Эрдэнэс силвер ресурс” ХХК-иас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг шөнө хагаслан очиж “дээрэм”-ээ хийсэн байдаг. Одоо “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлаар хүнээ тавих гэж экс захирал С.Баярмөнх нь Худалдан авах ажиллагааны газрын захирал Э.Ууганбаярыг зүтгүүлж, өөрийн ажиллаж байсан хугацааны “булхай”-г нуух гэж зүтгэж байгаа аж.

Нөгөө талд нь “Баас хатавч өмхийгээ тавихгүй” гэдэг шиг “Эрдэнэс Монгол”-ын Зэс металлургийн группийн ерөнхийлөгч асан Хоохорын Бадамсүрэн баруун гарын хүн болох Ц.Төгсбуянг зүтгүүлж буй. Гэхдээ хэзээний ашиг сонирхол хаана байна түүнийг дагаж явдаг С.Наранцогтын хувьд ажлаа өгсөн С.Баярмөнх, үеэ өнгөрүүлсэн Х.Бадамсүрэн нарын “хэрэг” байхгүй.

Тиймээс улс төрийн нэлээд өндөр албан тушаалтны ойрын хүн гэгдэх Багануурын уурхайн ТУЗ-ийн дарга асан, Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатарыг томилуулахаар тохироонд хүрээд байгаа гэнэ. С.Наранцогтод улс төрийн өндөр албан тушаалтай хүн л хэрэгтэй болохоос өөр хүн хэрэггүй. Улс төрийн том артай болно гэдэг суудалдаа хэдэн жил шигдэхэд нэмэртэй байхаас яахав.

Н.Лхагвабаатар нь “Мон уран”-ы Б.Наранхүү, “Моннис”-ын захирал Н.Чулуунбаатар нартай тун ойр нэгэн. Ядаж л “Эрдэнэс Монгол” ХХК “Моннис” тауэрт давхар түрээслэдэг гээд цааш үргэлжилнэ. Төрийн өмчит компанийн захирлын суудлаар өөрийн улс төрийн хамгаалалтыг наймаалцах ухаан С.Наранцогтоос л гарна.

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлын тамгыг авсан шигээ “Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК”-ийн захирлыг тамгаа өгөхийг шахан шаардаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Мөн л улс төрд өөрт хэрэг болох хүнийхээ шахааг гүйцэлдүүлэхээр шахаж байгаа биз.

“Эрдэнэс Монгол” гэдэг их айл охин компаниудаараа оролдоод эхэлсэн. Улс төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүсийнхээ гуйлга гэх үү, хүсэлтийг биелүүлэхийн тулд энэ мэтчилэн халаа сэлгээ цааш үргэлжлэх нь.Түүнчлэн охин компаниудынхаа төлөвлөгөөг баталж өгөхгүй баахан гацаанд оруулсан буруутан нь С.Наранцогт болж байгаа юм.

Оны эцэст төлөвлөгөөний биелэлт хангагдаагүй бол төлөвлөгөөг хэзээ, яаж баталсан бэ гэдгийг нь түүнээс асуух хэрэгтэй. Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж чадаагүй байвал хариуцлагыг нь ч тэр үүрэх ёстой болж байгаа юм.

Насаараа яаманд “жаалж” явсан С.Наранцогтын байх газар “Эрдэнэс Монгол” ХХК лав биш юм байна.

Э.ЭНХБОЛД

1 сэтгэгдэл

  1. Ханаж цадахаа мэдэхээ байчихсан, яасан их шунал вэ. Мөнгө цагаан нүд улаан гэдэг л энэ байх даа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу