Монгол Улсад аялж явсан долоон настай канад охин хайртай бамбаруушаа гээсэн тул олж өгөхийг хүссэн тухай пост олон нийтийн сүлжээнд гарсан билээ. Эл бамбарууш охинд аавыг нь “орлох” үнэ цэнтэй зүйл хэмээж байсан юм. 

Түүний бамбаруушийг Өмнөговь аймгийн Сэврэй сумаас олж, сумын Засаг дарга Б.Батсайхан Улаанбаатарт хүргэн ирсэн байна. Улмаар Канад улс руу бамбаруушны эзэн охинд хүргэх бүсгүйд хүлээлгэн өгчээ. 

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан энэ талаар хэлэхдээ “Бамбаруушийн эзэн охин Канад улсын иргэн юм байна. Бамбаруушийг аав нь бэлэглэсэн, аавыг нь орлож үлдсэн ганц хайртай тоглоом юм байна.
Охин Монголоор аялах үедээ тоглоомоо Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг, алдарт Хонгорын элсний ар хормой дахь “Жуулчин говь 2” бааз дээр орныхоо ар хөндийд унагаад мартаад явсан байжээ. Тоглоомоо олохоор зар тавиулж, сайхан сэтгэлт Монгол түмэн олж өгч, өнчирсөн сэтгэлийг нь дэвтээх юмсан гэж санаа тавьж байлаа.
Жуулчин говь 2″ баазын У.Баярсайхан, Ж.Отгонжаргал нар орны араас олж, миний бие Улаанбаатарт авчирч, эзэнд нь хүргэж өгөх үүрэг хүлээсэн юм. Гэр бүлийн хамт уг тоглоомыг үнэр нь гарчих вий гэж гялгар уутанд хийж, хямгадан явсаар Канад улс руу бамбаруушийн эзэн охинд хүргэх бүсгүйд хүлээлгэн өгөв. Бамбарууш удахгүй эзэндээ хүрч охин баярлах байх аа. 
Энэ тоглоом нэг охины хувийн хэрэг хэдий ч монголчууд зөв зүйлд хүн хүнээ хайрлах, өрөвдөх, туслах, нинжин сэтгэл гаргах, гээд ямар их агуу сэтгэл гаргаж чаддаг гэдгийг баталж чадсан үйл боллоо. Монголчууддаа баярлалаа” хэмээн цахим хуудастаа бичжээ.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу