Франц улсын “Bourg-en-Bresse” шоронд хоригдож буй иргэн Г.Ган-Очир өнөөдөр /2023.09.06/ утсаар шууд холбогдож, хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр “Францын интерполын цагдаа нар намайг 2022 оны арванхоёрдугаар сарын 26-нд баривчилсан. Ямар шалтгаанаар баривчилсныг асуухад “Монгол Улсын Засгийн газраас Франц Улсын Засгийн газарт 2022 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн намайг авах хүсэлтээ өгсөн” гэж тайлбарласан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Улсын ерөнхий прокурорын газар намайг Олон Улсад аюултай гэмт хэрэгтэн хэмээн гүтгэж байна.

Мөн Олон Улсын хүний эрхийн байгууллагын ажилтан надтай уулзсан. Тус байгууллага Францын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэр тогтоолтой танилцах хүсэлт гаргасан.

Миний бие эрс муудаж байна. Францын хууль, хүчний байгууллагууд миний эрхийг маш их зөрчсөн. Тухайлбал, намайг баривчлагдсанаас хойш таван сар гаруй хугацаанд гэр бүлтэйгээ холбоо барих эрх олгоогүй. Энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд миний ах өөд болсон. Нас барснаас нь хойш сарын турш утсаар яриулахгүй байсаар, сарын дараа хүмүүстэй холбоо барих боломж олгож, утас өглөө.

Мөн нэг албан тушаалтан нь намайг өөрийн хүсэлтээр Францын шоронд хоригдож байгаа гэх агуулгатай бичиг хийж өгөхийг шаардсан. Тухайн албан тушаалтныг наймдугаар сарын 23-нд чөлөөлсөн байна лээ.

Өмнө нь манай улсын Засгийн газар Д.Энхбат гэдэг хүнийг Францад баривчлуулаад, Монгол руу татан авч, шоронд хорьж байсан юм билээ. Үүнтэй ижил ажиллагааг надад явуулах вий гэж хардаж байна. Надад худал хэлэх ямар ч шалтгаан байхгүй. Утсыг маань цаг үргэлж чагнаж, захидал ирвэл хуулбарлан авч, дараа нь байцаадаг. Тиймээс худлаа хэлэх боломж ч байхгүй.

Надад нүүрсний гэрээний талаар нотлох баримтууд бий. Гэхдээ эл баримтуудыг манай эхнэр надад өгөхгүй байна. Мөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар БНХАУ-тай нүүрсний гэрээ хийхдээ авлигын мөнгөндөө зэвсэг авсан байж болзошгүй баримт ч бий. Дараагийн хэвлэлийн хурлаар би өөрийгөө хамгаалахын тулд хэн гэдгээ зарлана. Эрүүгийн цагдаагийн алба, тагнуулын байгууллага харамсахгүй байх гэж найдаж байна” гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

         

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу