Монголын Үндэсний бөхийн холбооны Үндэсний “Pepsi АЛТАН ЦОМ”-ын барилдааны хоёрдугаар улирлын нэгдүгээр шатны барилдааны тав дахь өдөр Өмнөговь, Дархан-Уул аймгийн багууд учраа тааран барилдсанаас Өмнөговь аймгийн баг 19:6-аар эхний тойргийн ялалтаа авлаа.

Өмнөговь аймгийн багт улсын заан Ц.Одбаяр /5/, улсын начин Ш.Дарханбат /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Э.Нямаа /2/ аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /1/, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Баянсүх /4/ аймгийн заан С.Доржпалам /5/ нар нийт 19 даваа авсан.

Дархан-Уул аймгийн багт аймгийн хурц арслан Х.Энхчулуун /1/, аймгийн хурц арслан М.Төрбат /1/ аймгийн арслан С.Ерөөлт /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан С.Очирбат /0/, аймгийн арслан Э.Бат-Эрдэнэ /1/, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл /1/, нар нийт 6 даваа авчээ.

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав.

Өмнөговь аймгийн бөхчүүд шагналын таван сая төгрөгөө саяхан Дорноговь аймагт бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдсөн бяцхан охины ар гэрийнхэнд хандивлаж, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Өнөөдрийн барилдаанд Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ш.Дарханбат, Дархан-Уул аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан С.Очирбат нар ажилласан юм.

Одоо 16:45 цагаас Улаанбаатар хотын 1-р баг Дорноговь аймгийн багтай барилдана.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу