Орхоны хөндийд байгуулах шинэ хотын суурьшлын “Шинэ Хархорум” төслийн үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр (2023.10.25) боллоо. Тус хуралдаанаар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас хэрэгжүүлсэн ажлын явц, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын магадлалын ерөнхий дүгнэлт, судалгааны талбайд хийгдсэн гидрогеологийн хайгуул судалгааны ажлын талаарх мэдээлэл, хотын мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний төлөвлөлт зэрэг асуудлыг хэлэлцэв.

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа Орхоны хөндийд хийгдсэн судалгааны ажлуудыг нэгтгэж, нэгдсэн мэдээллийн сан бий болгож байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган мэдээллийн нэгдсэн сан үүсгэсний зэрэгцээ шинэ хот байгуулах байршил буюу Архангай, Өвөрхангай аймгийн иргэн, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, санал авах ажил зохион байгуулж буй юм байна.

ШИНЭ ХОТЫН ХӨГЖИЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ДЭЭР СУУРИЛНА

Хот байгуулах хоёр аймгийн нутгийн 189,000 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар ажиллаж эхэлжээ. Энэ талаар Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээ гаргасан бол Архангай аймгийн ИТХ удахгүй шийдвэрээ гаргах аж.

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас мэдээлснээр, журмаараа Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар Засгийн газарт асуудлыг тавьснаар эцсийн шийдвэр гарах юм байна.

Орхоны хөндийд эртний таван хотын туурь байдаг учраас хотын хөгжил аялал жуулчлал дээр суурилах нь. Ашигт малтмалын орд байхгүй учраас ажлын байр бий болгох үүднээс өндөр технологид суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх нь зохимжтой гэж үзэж байгаа учир хөгжлийн таван чиглэлийг боловсруулсан аж.

Мөн эртний Хархорум хот олон үндэстэн нэг дор оршиж байсан учир тус түүхийг сэргээх, эрүүл мэндийн орчин үеийн үзлэг оношилгооны төв бий болгохоор төлөвлөжээ.

Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн талбайн 50 хувь ногоон байгууламж, 30 хувь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм байна.

“САЛБАРЫН ЭРДЭМТЭД, ОЛОН УЛСЫН АРХИТЕКТУРЧДЫГ ОРОЛЦУУЛАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ЗОХИОН БАЙГУУЛЖ, САНАЛ АВЧ БАЙНА”

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны хэлтсийн дарга Г.ДАРХАНЧУЛУУН:

-Өнгөрсөн жил Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Хот төлөвлөлт судалгааны институт Орхоны хөндийн аль байршилд шинэ хот байвал зүгээр вэ гэх судалгааны ажлыг хийж дууссан. Энэ зун тухайн байршил дээр инженер, геологийн нарийвчилсан судалгаа, зураглалын ажил хийх тендер зарлагдсан.

Урьдчилсан концепцыг боловсруулаад, салбарын эрдэмтэд, олон улсын архитектурчид, хот төлөвлөгч нарыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж, санал авч байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу