Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намууд хуралддаг билээ. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2023.11.27) хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. 

Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, ковидын сонсгол болон ногоон автобусны талаар хэлэлцжээ. 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газар авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлэх зорилгоор авлигын хэргийг дагнан хэлэлцэх шүүх байгуулах тухай санаачилга гаргасан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Шүүхийн тухай хууль бэлдэж, яаралтай горимоор УИХ-д өргөн барьсан. 

Өргөн барьсан хуульд авлигын дагнасан шүүхийн тухай ямар нэгэн заалт, үг байхгүй. Тийм учраас үүнийг авлигатай холбоотой шүүхийн тогтолцооны өөрчлөлт гэж хэлж болохгүй.

Харин эрүүгийн маргааныг шийдвэрлэдэг шүүхийн процессыг хялбарчлах маягтайгаар анхан шатны шүүхийн процессоос хасаад, давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн эрхийг шилжүүлж, авлигын хэргийг Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн журмаар хэлэлцдэг болох. Мөн Улсын Дээд шүүх Давж заалдах шатны шүүхийн журмаар хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах байдлаар процессыг богино болгох гэж оролдож байна.

Шударгаар шүүлгэх эрхийг хайчилж танаад, хялбаршуулсан систем хийхээр оролдож эхэллээ.

Энэ нь Үндсэн хуульд заасан шударга шүүлгэх эрхийг хязгаарлахаас гадна шүүхийн үйл ажиллагааг доголдуулах вий гэдэг болгоомжлол байна. 

Хоёрдугаарт, МАН-ынхны байнга, давтамжтайгаар хийдэг уламжлалт зан “амилж” байна. 2006 онд МАН-ынхан УИХ-д олонх болсны дараа нэг ажил хийсэн. 2017 оны сонгуульд намынх нь дарга М.Энхболд ялж, Ерөнхийлөгч болох учраас Ерөнхийлөгчдөө эрх мэдэл овоолъё гээд, маш их эрх мэдлийг хуулиар шилжүүлж байсан.

Н.Энхбаяр Ерөнхийлөгчид мөн адил эрх мэдэл овоолсон.

Хамгийн том эрх мэдэлтэй даргадаа эрх мэдэл бэлэглэдэг зангаараа Ерөнхийлөгчид хонгилынхоо түлхүүрийг атгуулахыг оролдож байна. 

Өөрөөр хэлбэл, АТГ-ын мөрдөн шалгадаг хэргийг Дээд шүүх давж заалдах журмаар шийдвэрлэнэ гэдэг нь Ерөнхийлөгчид шүүхийн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа эрх мэдлийн нотолгоог үнэлэх хэмжээнд өгч байна гэсэн үг. 

Гуравдугаарт, Засгийн газар шүүхийг авлигачдад бага хэмжээний ял өгч байна гэх гомдол хэлсэн. Гэхдээ шүүх хуульд захирагдаж шийдвэр гаргадаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хуулиас давсан шийдвэр гаргасан нь дандаа эрх баригчдын улс төрийн муйхар шаардлагын үр дүн байсан. Харин хууль тогтоох эрх мэдлийг өнгөрсөн найман жилийн турш МАН-ынхан эдэлсэн. Энэ хугацаанд шүүхийн хэрэглэж байгаа авлигын, эрүүгийн хуулиудыг огт засаагүй. 

Шүүх дээр очоод, хэргүүд нь хойшилж байгаагийн шалтгаан нь мөрдөн шалгах байгууллагын алдаанаас болж байна. Гэтэл авлигатай тэмцэх мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байгууллага нь Засгийн газрын дор байдаг. Хоёрхон жилийн өмнө АТГ-ын даргын томилгоог хүртэл Засгийн газар өөрсдөдөө шилжүүлж авсан.

Засгийн газрын дор байгаа энэ байгууллага хуулиа мөрдөж ажиллахгүй байна. Хууль зөрчсөн үйлдлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа явуулчихаад, тэр нь шүүх дээр очоод илрэхээр шүүх авлигачдын талд орлоо гэж ярьж болохгүй. 

Дөрөвдүгээрт, анхан шатны шүүгч нарын мэдлэг, боловсрол дутмаг байгаа учраас авлигын хэргийг анхан шатны шүүхээр шийдэхэд учир дутагдалтай байна гэсэн. Гэтэл тэр шүүх бусад иргэдийн өдөр тутмын амьдралыг шийдэж байна. Иргэд чанаргүй үйлчилгээ авч болдог, эрх мэдэлтнүүд давж заалдах болон дээд шүүхээр үйлчлүүлнэ гэж тусдаа ангилж болохгүй.

Шүүх хуулийн өмнө эрх тэгш байна гэдэг зарчмыг улдан сүйтгэж байгаа Засгийн газар өөрөө Үндсэн хууль зөрчих алхам хийж байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу