Израилийн эрх баригчид ХАМАС бүлэглэлтэй хийсэн, барьцаалагдсан хүмүүсийг суллах эвлэрлийн тохиролцооны хүрээнд Палестины 30 хоригдлыг сулласан байна. Энэ тухай Катарын “Аль-Жазира” телевизийн суваг мэдээлэв.

Тус суваг мэдээлэлдээ, Израилийн эрх баригчдын түр гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд “Офер” шоронгоос 30 палестин хоригдлыг суллаж, Улаан загалмайн нийгэмлэгийн эмнэлгийн багийн хамт автобусаар гаргасан тухай тэмдэглэсэн байна.

Өмнө нь Газын зурваст ХАМАС бүлэглэлийн барьцаанд байсан Израилийн зургаа дахь “бүлэг” хүмүүсийг сулласан талаар мэдээлсэн. Нийт 14 хүний ​​бүрэлдэхүүнтэй “бүлэг” Израильд эсэн мэнд хүрсэн бөгөөд тэднийг цэрэг, тагнуулын ажилтнууд угтан авчээ.

Израиль, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэний улмаас Газын зурваст хэдэн мянган энгийн иргэн амиа алдаж, тус бүс нутагт хүмүүнлэгийн сүйрэл нүүрлэсэн. Талууд Катар, Египетийн зуучлалтайгаар хэлэлцээ эхлүүлж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх, олзны хүмүүсийг суллах зорилгоор дөрөв хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцон, энэ хугацааг дахин хоёр өдрөөр сунгасан билээ.

Талууд эвлэрэл зарласан зургаа хоногийн хугацаанд “Нэгийг гурваар” зарчмын дагуу олзны хүмүүсийг палестин хоригдлуудаар солихоор тохиролцсон бөгөөд нийт 102 хүн суллагдсаны 73 нь Израилийн иргэн, 29 нь гадаадын иргэн байжээ.

Эх сурвалж: ALJAZEERA, APA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу