Төв банк Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгээс инфляц болон валютын ханшийн түүхэн тоон мэдээлэл дээр суурилсан календарь гаргажээ.

Энэхүү календарь нь:

▪ Хэрэглээний болон хүнсний үнийн улсын индексийн өөрчлөлт, өмнөх оны мөн үетэй харьцуулсан инфляцыг 1999-2023 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд

▪ Импортын барааны болон хэрэглээний үнийн суурь индексийн өөрчлөлт, өмнөх оны мөн үетэй харьцуулсан инфляцыг 2007-2023 оны есдүгээр сар хүртэлх хугацаагаар зэрэг, цогц дөрвөн инфляцын түүхэн мэдээллийг агуулжээ.

Инфляцын хурдцын ангилал: Жилийн инфляцын хурдцыг морины явдлаар зургаа ангилж болдог. Тодруулбал, алхаа, шогшоо, цогио, хатираа, давхиа, ба жолоодлогогүй инфляц. Жилийн 5 хувь хүртэлх инфляцыг алхаа, 6-10% хүртэлхийг шогшоо, 11-15 хувьтайг цогио, 16-20 хувийг хатираа, 20 хувь + давхиа, 50 хувиас дээш буюу хайпер инфляцыг жолоодлогогүй (жолоо алдсан) инфляц гэж ангилжээ.

Сарын инфляцын түүхэн мэдээллээс харахад, Монгол Улсад шогшоо инфляц ажиглагдаж байна.

❖ Өнгөний ялгарал нь тухайн сарын ХҮИ-ийн дунджийн өсөлт болон бууралтыг илэрхийлжээ.

❖ Дефляц болон дисинфляцыг хооронд нь андуурах тохиолдол байдаг. Дефляц гэж үнийн ерөнхий түвшин (level) сөрөг болохыг хэлнэ. Харин, дисинфляц нь өмнөх үетэй харьцуулахад инфляцын хурдац (rate) буурсан үеийг хэлдэг.

2023 оны саруудын инфляцын түүхэн мэдээллээс харахад 3, 5, 6 болон 8, 11 дүгээр саруудад дисинфляц ажиглагджээ.

Инфляцад нөлөөлөх гол шалтгаанууд: Инфляцыг эрэлтийн өдөөлттэй инфляц болон нийлүүлэлтийн гаралтай инфляц гэж хоёр ангилдаг. Эрэлтийн өдөөлттэй инфляц нь нийт эрэлтийн өсөлтөөс үүдэх инфляц юм.

Нийлүүлэлтийн инфляц гэж үйлдвэрлэл болон үйлчилгээний зардал нэмэгдэж, нийлүүлэлт багасахад үүсэх инфляцыг хэлдэг. Мөнгөний тооны онолоор инфляц нь мөнгөний нийлүүлэлтийн хурдцаас тодорхой хугацааны хожмын нөлөөтэйгөөр (lag) үүсдэг гэж үздэг. Тиймээс “Инфляц бол хаана ч, хэзээ ч мөнгөний үзэгдэл байдаг” (inflation is always and everywhere a monetary phenomenon) гэж М.Фридман хэлжээ.

❖ Энэхүү календарь нь:

▪ Төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн дундаж өсөлтийн хувийг 1993 оны нэгдүгээр сараас 2023 оны 8-р сар хүртэлх хугацаанд

▪ Нэрлэсэн үйлчилж буй ханшийн индекс болох NEER болон бодит үйлчилж буй ханшийн индекс болох REER-ийн өсөлтийн хувийг 2001 оны нэгдүгээр сараас 2023 оны 8-р сар хүртэлх хугацаанд зэрэг ханшийн 3 цогц түүхэн мэдээллийг агуулжээ.

▪ Өмнөх сартай нь харьцуулахад, сар бүрийн өсөлтийн хувийн түүхэн геометр дундаж нь- 𝑋̅, голч буюу медиан нь 𝑋̃ болно.

▪ Өнгөний өөрчлөлт нь тухайн сарын ханшийн түүхэн дунджийн өсөлт, бууралтыг үзүүлсэн. Улаан өнгө нь төгрөгийн ханшийн сулралтыг, цэнхэр өнгө нь чангаралтыг илэрхийлнэ. Нийт 367 сарын 251 сард нь төгрөгийн ханш суларсан бол 111 сард чангарч, 5 сард нь тогтвортой хадгалагдсан байна.

Ханш болон инфляцын түүхэн геометрийн дунджийг харьцуулсан доорх хүснэгтээс, ханшийн өөрчлөлт 3-7 сарын хугацааны хоцрогдолтой инфляцын хурдцад нөлөөлөх хандлагатай байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу