“Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо. Шилдгүүдэд шагнал гардуулах ёслол Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулав. Энэ үеэр бид “Сайхан бичигтэн”-үүдийн сэтгэгдлийг сонслоо.

Уралдаанд 1,600 орчим хүн оролцож, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орон, Япон Улс, БНЧУ-ын бичигтнүүд бүтээлээ ирүүлжээ. Хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар ангийн сурагч Э.Алтантүлхүүр байсан бол хамгийн ахмад нь 101 настай н.Жигмэдсүрэн байсан аж. Улмаар найман ангилалд 49 бүтээлийг шалгаруулан шагналаа. 

Э.ПҮРЭВЖАРГАЛ: ТУУШТАЙ ХИЧЭЭЛЛЭСНИЙ АЧААР ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 7Б ангийн сурагч Э.Пүрэвжаргал 1-7-р ангийн сурагчдын төрөлд оролцож, дэд байранд шалгарчээ.

Тэрбээр “Үндэсний бичиг өв соёлоо гээлгүйгээр олон зуун хүүхэдтэй өрсөлдөж, шагналт байр эзэлсэндээ баяртай байна. Зургаадугаар ангиасаа эхлэн хичээллэж, хоёр жилийн турш суралцаж явна. Энэ хугацаанд бэрхшээлтэй, хэцүү зүйл олон тулгарсан. Эхэндээ үгээ буруу харж, алддаг байлаа. Үүнээсээ болж их бухимдсан.

Багшаасаа зөвлөгөө авч, олон дахин бичсээр энэ амжилтад хүрлээ. Надад уран бичлэгээр хичээллэхийн бүх зүйл нь таалагддаг. Цаашдаа илүү их хичээх болно.

Уран бичлэг бичиж сурч байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд тууштай байгаарай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

З.МОНГОЛЖИНГОО: НАДАД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН ХҮМҮҮСИЙН УРМЫГ ХУГАЛАХГҮЙН ТУЛД ИХ ХИЧЭЭСЭН

Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 7Б ангийн сурагч “Бичвэрийн бус бүтээл” ангилалд тэргүүн байр эзэлжээ.

Тэрбээр уран хатгамлаар үндэсний бичиг хатгажээ. Эл бүтээлээ хоёр сарын турш хийсэн байна. Энэ тухайгаа тэр “Анх Үндэсний бичгийг ээжээрээ заалгасан. Үндэсний бичлэгийг уран хатгамлаар хийхэд маш их анхаарал, тэвчээр шаарддаг. Нам гүм, чимээгүй орчинд тайван суугаад хийвэл илүү төвлөрдөг. Энэхүү шагналыг хүртэхэд гэр бүлийнхэн болоод багш минь их тусалж дэмжсэн. Надад итгэл хүлээлгэсэн тэр хүмүүсийн урмыг хугалахыг хүсээгүй учир их хичээлээ. Сэтгэл дүүрэн, баяртай байна” хэмээн инээмсэглэн ярьсан юм. 

Д.НЯМДЭЛГЭР: ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫН ХЭРЭЭР УРАМШИЖ, ШАРГУУ ХИЧЭЭЛЛЭДЭГ БОЛСОН

МУБИС-ийн Монгол хэл, утга зохиолын багшийн гуравдугаар  дамжааны оюутан Д.Нямдэлгэр насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн  байранд шалгарлаа.

Эх хэлээ хойч үедээ өвлүүлэн сургахаар суралцаж яваа тэрбээр үндэсний бичиг сурч эхэлж буй хүмүүст зөвлөгөө өгсөн юм. Д.Нямдэлгэр “Энэ уралдаанд дөрөв дөх жилдээ оролцож байна. Уран бичлэгээр 10-р ангиасаа хичээллэсэн. Таван жилийн турш тасралтгүй суралцаж явна. Анх сонирхлоороо сурч эхэлсэн ч олон тэмцээнд оролцохын хэрээр урамшиж, шаргуу хичээллэдэг болсон. Уран бичлэг бичихэд бухимдал тайлагдаж, сэтгэлийн амар амгаланг олж авдаг юм.

Үндэсний бичгийг сурч эхэлж буй хүмүүст хандаж хэлэхэд тууштай байх хэрэгтэй шүү. Шантарсан ч даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байгаарай.

Монгол бичгээр бичигдсэн ном судар хомс болохоор хүн бүр мэддэггүй. Зарим нь суръя гэж ч боддоггүй байх. Ирэх 2025 оноос хос бичигтэн болох шийдвэр гарсанд маш их баяртай байгаа. Үндэсний бичгийн хэрэглээ нэмэгдэнэ гэж найдаж байна” хэмээн ярилаа. 

А.МЭРГЭНБАТ: ЭНЭ ШАГНАЛ НАДАД УРАН БИЧЛЭГЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТАШУУР БОЛЛОО

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон уран бичээч А.Мэргэнбат гадаад иргэдийн ангилал дэд байранд шалгарав.

Тэрбээр2018 оноос Үндэсний бичгээр хичээллэж, дөрөв жилийг ардаа үджээ. Суралцах явцдаа Монголын түүхийн ном, толь бичгийг уншиж судалсан.

Үндэсний сайхан бичигтэн тэмцээнд дэд байранд шалгарсандаа маш их баяртай байна. Миний бичсэн бүтээл хамгийн эртний, хулсан үеийн бичээс юм. Энэ шагнал надад уран бичлэгээр үргэлжлүүлэн бичих ташуур боллоо” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 

О.ОЮУНДАРЬ, А.НОМИН-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу