Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход арав хүрэхгүй хоногийн хугацаа үлджээ. Иргэдийн дийлэнх нь тавгийн боов, бууз, ууц зэрэг идээ ундаагаа бэлдэж дууссан байна. Харин зочилсон айл, ирсэн гийчиндээ өгөх гарын бэлгээ хараахан авч дуусаагүй явна. 

Тиймээс иргэд сар шинийн баяраар ямар бэлэг өгөхөөр зэхэж буй талаар “UB palace”-д болж байгаа “Ерөөлтэй Цагаан сар-2024” төвийн бүсийн сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанаас сурвалжилга бэлтгэлээ. 

Тус үзэсгэлэн худалдаа “UB palace”-д хоёрдугаар сарын 08-ныг дуустал зохион байгуулагдах ажээ. 1000 машины зогсоолтой, ийш тийш явж түгжрэхгүйгээр хотын төвд байрлах газраас үндэсний үйлдвэрлэлийн олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос үйлдвэрийн үнээр авах боломжтой байгааг иргэд сайшааж байлаа.

Үүдээр ороход тус заал олны хөлд дарагдаагүй ч хөдөлгөөн үл тасарна. Харин лангуунуудад үндэсний хээ хуараар гоёсон чамин дээл, хөөрөгний дайлан зэргүүд өнгө өнгөөрөө өрөөтэй харагдав.

З.ЖАВХЛАН: ХУДАЛДАН АВАЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭЭС БАГА БАЙНА

Хувиараа бизнес эрхлэгч З.Жавхлан энэхүү үзэсгэлэн худалдаанд гурав дахь удаагаа оролцож буй ажээ. Тэрбээр “Намайг одоо хүмүүс мэддэг болсон. Содон малгайтай хүн жил бүр сууж байдаг гэж боддог байх. Би бүс, тэлээ, түрийвч, түлхүүрийн оосор зэрэг жижиг хэрэгслүүдийг өөрийн гараар хийж, худалдаалдаг юм. Үүнээс бүс, тэлээ, түрүүвч гурав сайн зарагддаг. Гэхдээ энэ жил иргэдийн худалдан авалт өмнөх жилүүдээс бага байна” гэлээ.

О.ЦЭЭЛХАГВА: ХАЙРЦАГЛАСАН ҮНДЭСНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН МААНЬ ХЯМД, БЭЛГЭНД ӨГӨХӨД ТОХИРОМЖТОЙ

Худалдагч О.Цээлхагва  “Манайх “Содон фүүдс” үндэсний үйлдвэрлэлийн компани юм. Бэлгэнд өгөхөд зориулан бараа бүтээгдэхүүнээ хайрцаглаад худалдаалж байна. Хамгийн хямд нь гэвэл дотроо таван ширхгээр нь хайрцагласан кофе байна. Үүнийг бөөний үнээр нь буюу 2350 төгрөгөөр худалдаалж байна. Мөн үндэсний үйлдвэрлэлийн цагаан гаатай, улаан чавгатай цай гэх мэт зүйлс бий” хэмээв.

ИРГЭД: САР ШИНИЙН БЭЛЭГ СОНГОХДОО ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИНЭ 

Иргэд сар шинийн баярын гарын бэлгээ хэдэн төгрөгөөр бэлдэж буй болон ямар бараа бүтээгдэхүүн худалдан авч буйг тодрууллаа.

Ц.Маргад-Эрдэнэ “Сар шинийн баярынхаа гарын бэлгийг хараахан бэлдэж амжаагүй явна. Ойролцоогоор нэг сая орчим төгрөгт бэлдэнэ гэж бодож байна. Түлхүү үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг авч бэлэглэнэ” гэлээ.

Д.Эрина “Нас өндөр гарсан учир манайд ирж золгох төрөл садан их бий. Тиймээс хоёр сая орчим төгрөгөөр гарын бэлгээ бэлдэж явна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж “Янмал”-ын оймс, ноолууран ороолт, малгай авч байна. Цаашдаа эдэлж, хэрэглэж болохуйц бэлэг сонгож байгаа юм” гэв.

Ж.Батбилэг “Сар шинийн баярынхаа бэлгийг авахад харьцангуй үнэтэй болжээ. Гэхдээ газар газраас шалтгаалж өөр байна. Бэлгээ сонгохдоо мэдээж дотоодын үйлдвэрлэл үйлчилгээгээ дэмжинэ. Мөн сүү, цагаан идээгээ ч өгнө гэж бодож байгаа” хэмээн ярилаа.

Д.Саруул “Залуу гэр бүл болохоор манайд нэг их олон хүн ирэхгүй гэж тооцож байна. Харин золголтын мөнгө их гарах байх” гэв.

Ташрамд дурдахад, Гаалийн Ерөнхий Газрын (ГЕГ) мэдээлснээр өнгөрсөн онд манай улс экспортод 15.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 21.1 хувиар өссөн үзүүлэлттэй юм.

А.НОМИН-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу