Жагаа маань “Нар харж, агаар амьсгалъя” хэмээн машины хаалга нээн буув. Тэрхэн зуурт “Нар хараагүй юм шиг, агаар амьсгалж үзээгүй юм шиг” гэх эгдүү бодол нэвт зурсхийнэ. Араас нь дагаад буулаа. Өглөөний нар нэн таатай туяарах. Хараа голын жавар тасхийж байсан ч урин цагийн аясаар эрч нь суларсан нь мэдрэгдэнэ.

Могой цаг хагаслах дөхжээ. Ууганаа дүү цаг ануухан байгааг сануулж, ажил эрт амжих талаар ярина. Зурагчин Бадмаа ганц нэг кадр тогшсон шиг цэвэр агаараар цээж дүүргэн байгаа нь харагдана. Улаанбаатарын утаа, замын түгжрэлээс холдсон нь энүүхэндээ сэтгэлийн амгаланг мэдрүүлэх ажаам.

Зам зууртаа Дарханы замын сайхан болсныг ярилцан явсаар нэг мэдэхэд Баруунхараад ирсэн нь энэ юм. Жавар дундуур “Ийм л өвөл болдог ш дээ” гэсэн мэт ирсэн нохой сүүл шарвагануулан эрхлэх гэснээ гэнэт цэрвэх мэт чихээ соотойлгон, алс газрыг хэсэг харж зогссоноо эргээд явлаа.

Хамт яваа нөхөд удалгүй зэрэгцэн ирж зогсоод, түр амсхийн Баруунхараагийн Соёлын төвийг зорив. Энд Монгол Улсын Засгийн газраас жил бүр тодруулдаг улсын аварга тариаланч хамт олон хүлээж байсан юм. Аймгийн заан Готовын Нямсамбуу захиралтай “Баян шинэ зам”-ынхан 30 жилийн хөдөлмөрөө Засгийн газраар үнэлүүлж, туулай жилийн “Улсын аварга тариаланч” хамт олон болжээ. Соёлын төвийн үүдэнд автомашин дүүрэн харагдана. Үндэсний хувцсаараа гоёсон нутгийнхан Соёлын төвийн хаалгаар орж нэг, гарч нэг дэгэлзэж байх аж.

Г.Нямсамбуу захирлын хүү нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Тулга, аавынхаа компанийн менежерээр ажиллаж буй аймгийн начин Н.Мягмар нар зочдоо угтан дотогш оруулж байлаа.

Соёлын төвийн заал дүүрэн хүн цуглажээ. “Баян шинэ зам” ХХК-ийн захирал Г.Нямсамбуу өмнө нь нутгийнхаа тариалангийн компаниудын аваргын шагнал гардуулахад өөрөө авсан мэт догдолж зогсдог байсан. Тэгвэл энэ жил өөрийнх нь компани Улсын аварга болж, зочидтой мэнд мэдэхийн сацуу үйл ажиллагаандаа анхаарал хандуулан, зогсоо зайгүй нааш цааш яваагаас харвал хэрэндээ л чармайж байгаа нь илт.

Монгол Улсын заан Дамирангийн Бумбаяр зочдын дунд “тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг содон харагдаж байх юм. Г.Нямсамбуу захирал, Д.Бумбаяр заан нар үеэлүүд аж. Тиймээс Улсын аварга болсон ахынхаа баярыг хуваалцахаар Улаанбаатар хотоос үүр захалж хөдөлсөн бололтой. Г.Нямсамбуу захирал уг нь малын зоотехникч мэргэжилтэй. Мал маллахын сацуу нийгэм солигдоод удаагүй байх үед 1994 онд Баруунхараагийн сангийн аж ахуйд компаниа байгуулжээ.

Тус компани 1146 га эргэлтийн талбайтай, 2.5 тэрбум орчим төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй болж чадсан байна. 2023 онд 665 га-гаас 1208 тонн улаанбуудай хураан авсан амжилтаар Улсын аварга тариаланч хамт олон болжээ. Газар тариалангийн завгүй хөдөлмөрийн хажуугаар нарийн ногоо тариалж, мал аж ахуй, туслах аж ахуйнууд давхар хөгжүүлж байгаа талаар түүний хүү Н.Мягмар онцолж байсан юм. Орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлж эхэлсний зэрэгцээ сайн чанарын бордоо, үр ашиглаж байгаа гэж байлаа.

“Баян шинэ зам” ХХК-ийнхан 2001 оноос хойш нэг га-гаас 18-25 центнер ургац хураан авч, Атрын 3, 4 дүгээр аян, Хүнсний хувьсгалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа аж. Газрын өгөөжийг хүртэн, нутаг орондоо Улсын аварга хэмээх эрхэм цол авч ирж байгаа нь энэ. Тус компанид Улсын аварга тариаланч Алтангэрэлээс эхлээд аймгийн аварга тариаланч, сумын аварга тариаланчид ажиллаж байгаа гэнэ.

Соёлын төвд цугласан хүн бүр цай цүй болж, удаан уулзаагүй холын хүмүүс мэндийн учрал эрэн мэндчилж, шавайгаа ханатал “буу халж” байгаа харагдана. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат хөдөлмөр бүтээлээрээ Улсын аварга тариаланч болсон хамт олны шагналыг нутгийн зон олных нь өмнө хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат цаашид компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх, Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжин ажиллахыг хүсэн, баярын сэтгэлээ хуваалцлаа.

Мөн “Нямсамбуу ахыг би багаасаа мэднэ. Уг нь Нямсамбуу захирал малын зоотехникч, миний ээж малын үржлийн зоотехникч гээд газар тариалангийн хүмүүс биш ч аль аль нь газар тариалангийн салбарт амжилттай ажиллаж байгаа нь хүн аливаа зүйлд хичээж зорьсон бол улсын аварга ч болдог юм гэдгийг харууллаа. Сэлэнгийнхэн маань малаа ч малладаг, газар тариалангаа ч эрхэлдэг ийм хөдөлмөрч хүмүүс ажиллаж, амьдардаг юм шүү” гэж онцолж байлаа.

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр тэргүүтэй сумын удирдлагууд шагнал гардуулах арга хэмжээнд оролцож, баяр хүргэсэн юм.

“Баян шинэ зам” компанийн захирал Г.Нямсамбуу дунд хүүгээ ШУТИС-д инеженерээр сургасан ч аавынхаа компанийг цаашид үргэлжлүүлэн авч явна хэмээн, мэргэжлээрээ бус газар тариалангийн салбарт ажиллах болсон байна. Тэр 15 жил цас, бороо, ган, үер усны алинд ч аавынхаа хамт сэтгэл чилээж, 20 гаруй ажилтныхаа цалин цавгийг цагт нь олгохоос эхлээд мундахгүй их ажилд дарагдаж байгаа талаар хүмүүс ярилцаж байсан юм.

Г.Нямсамбуу захирлын гэргий ч аяга цай тухтай оочих завгүй яваа харагдана. Зүүнхараагаас ээж Төмөрсүрэн нь ах, дүү нарыг нь дагуулан ирж, баярыг нь хуваалцаж байна гэсэн үг.

Г.Нямсамбуу захирал “Би мал аж ахуйн салбарт 10 жил, газар тарилангийн салбарт 30 жил ажиллаж байна. Компани маань 30 жилийн нүүр үзэж. Компанийн маань санхүү тогтворжиж, хүмүүсийг ажлын байраар хангаж байна. Компани байгуулснаас хойш 30 хавар, 30 намар яг ижилхэн дардан байгаагүй. Ган гачгаас эхлээд байгалийн давагдашгүй хүчин зүйлд унаж, босож явсаар өнөөдрийн энэ компаниа хөл дээр нь зогсоожээ.

Манай газар тариалангийн салбарынхан бүгд л эрсдэлээ өөрсдөө үүрдэг. Тиймээс аль болох шинжлэх ухаанч байдлаар ажилдаа хандаж, ургац алдах байдал багасч байна. Товчхондоо эрсдэлийг бага багаар даван туулж байна. Сүүлийн 10 жил ургацаа тогтвортой авч байна. Хөрсний үржил шимийг сайжруулахын тулд таван жилд нэг удаа биохимийн шинжилгээ хөрсөндөө хийлгэж, зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Өнөөдрийн энэ амжилт ханийн минь, үр хүүхдийн минь, хамт олны минь шагнал юм” хэмээн онцоллоо.

Бид сумын төвөөс 10 гаруй км цас бужигнуулан давхисаар Баянгол сумын Хоёр Борын өвөрт өвөлжиж буй фермер Я.Баатарсүрэнгийнд очлоо. Нар хүрээлэн, тэнгэр бүүдийх янз орж, хоёр гэрийн яндангаас шингэн цагаан утаа олгойдно. Өрхийн тэргүүн Я.Баатарсүрэн, гэргий Н.Сийлэгмаагийн хамт биднийг угтан авсан юм. Улсын аварга фермер болж буй сургаар ах дүү нар нь Говь-Алтай аймгаас, Улаанбаатараас зорин ирж, нэг голын айлууд нь ч гэр дүүргэн цуглажээ.

Үдийн нар тэнгэрийн баруунтаа таширлаж байхтай зэрэгцэн найман жилийн дараа Баянгол сумын Гонир багийн Улсын аварга малчин Б.Балжиннямын хотонд буулаа. Аварга малчин маань гэргий М.Тунгалагийн хамт угтан авч, зочдыг гэртээ урив. Өвөлжөөндөө байшин барьж, тохижжээ.

Б.Балжиннямынх туулай жилийн “Улсын хошой аварга малчин” цолоор шагнуулж, төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж байгаа аж. Байшингийн зүүн талд “Улсын хошой аварга малчин”-ы шагнал болох улаан халзтай гэр барьж, ах дүүс хамаатан садан нь цугласан байлаа. Малч хүний холч зангаар өвөлжихөд нөмөр газар бараадан, ийн төвхнөжээ. Гэрт хүмүүс хөөрөг зөрүүлэн, мэнд мэдэлцэж, хүүхэд багачууд бултганан тоглож харагдана.

Б.Балжиннямынх 2018 онд Улсын аварга малчин болж байсан бол зургаан жилийн дараа амжилтаа бататган, хошой аварга болж байгаа нь энэ юм. Сэлэнгэ аймгийн хэмжээнд Улсын хошой аварга малчин Мандал сумын малчин н.Аньсай ганцаар нэрлэгдэж байсан бол сэлэнгэчүүд ийнхүү хоёр дахь хошой Улсын аваргаа тосон авч байгаа нь энэ.

Б.Балжинням “Хөдөмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, Улсын хошой аварга малчин болсондоо баяртай байна. Би 30 жил тасралтгүй мал маллаж байна. Энэ хугацаанд байгалийн бэрхшээлээс эхлээд сорилт бүрийг даван туулж, аав, ээжийнхээ үлдээсэн малыг өсгөн үржүүлж байгаа болохоор буурлын буян ирж байна хэмээн бодож байна” хэмээсэн юм.

Тэднийх сүүлийн 10 гаруй жил малынхаа тоо толгойг хэт өсгөхөөс сэргийлэн, 1600 толгойноос хэтрүүлэхгүй байгаа” гэж байв. Цаашид малын тоонд биш, чанарт анхаарч, байгалийн уур амьсгал, нөхцлийг даван туулах мал сүрэгтэй болохын төлөө зорьж ажиллана. Өмнөх жил мал маллах амаргүй болсон талаар ч онцолж байсан юм.

Хошой аварга Б.Балжиннямынх хоёр туслах малчинтай аж. Туслах малчид нь өөрсдөө шагнуулж байгаа мэт хөөрцөглөж байгаа нь илт. Ирэх жилүүдэд газар тариалангийн бүс нутагтаа дасан зохицож, тариаланчидтайгаа ойлголцон, хэн хэнийгээ хүндэтгэн, хамтдаа хөгжинө гэдгийг ч хэлж байлаа.

Өглөө эртийн тачигнасан жавар үдээс хойхно уясч, Хараа голын хөндийд хачин сайхан хаврын цаг ирж, халуун хошуут малаа дагасан малчдын сэтгэл тэнэгэр байна.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу