Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Төв банк болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, зудын гамшгийн эрсдэлийг бууруулахад банк, санхүүгийн салбарынхны дэмжлэг, оролцоо чухал байгааг уламжилж, хүнд цаг үед малчдаа дэмжин, банкны зээлийн эргэн төлөлтийг нь хойшлуулах тал дээр хамтарч ажиллахаар ярилцсан.

Төв банк энэ асуудалд бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Хаан банк өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж эхлэн, нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой гэж мэдээлсэн юм.

Төрийн банкны хувьд эхний ээлжид энэ оны зургадугаар сарын 1 хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтойгоо хэлснээр малчид харъяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломж бүрдсэн билээ.

Монголбанкны мэдээллийн санд өнөөдрийн байдлаар 140 мянга гаруй малчны 1.3 их наяд төгрөгийн зээл бүртгэлтэй байгаагаас 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус олгожээ.

Бид дээрх асуудлаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо. 

“МАЛЧДЫН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛСНААР ЭДИЙН ЗАСАГТ АЙХТАР ТОМ АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ”

Эдийн засгийн ухааны доктор Р.ДАВААДОРЖ

-Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ. Сөрөг үр дагавар гарах болов уу?

-Шадар сайд өчигдөр Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй малчдын зээлийн асуудлаар хуралдсан байна лээ. 2023 оны эцсийн байдлаар банкны системээс олгосон нийт зээлийн хэмжээ 27 орчим их наяд төгрөгт хүрсэн. Үүнээс малчдын зээл нь 1.2 их наяд төгрөг орчим гэж мэдэгдэж байсан.

Дийлэнх нь буюу 600 тэрбум төгрөг нь Төрийн банк, 580 тэрбум нь ХААН банкны зээл. Өөрөөр хэлбэл, энэ хоёр банк л малчдад ихэнх зээлийг өгчээ. Тэгэхээр тус хоёр арилжааны банк энэ асуудлыг шийдвэрлэхэд манай улсын эдийн засагт айхтар том асуудал үүсэхгүй.

Өнгөрсөн жилүүдэд арилжааны банкууд маш өндөр цэвэр ашигтай ажилласан. Эрсдэлийн сан нь ч боломжтой хэмжээнд байгаа гэдэгт итгэж байна. Тиймээс дээрх зээлийг тодорхой хугацаанд хойшлуулах боломж хангалттай бий. Монголбанк ч энэ бүхнийг харгалзаж үзэх байх.

Одоохондоо банк, санхүүгийн салбарт айхтар доргио үүсэхгүй. Гэхдээ зудын хүндрэл дөнгөж эхэлж байна. Цаашид асуудал ар араасаа цуврах нь тодорхой. Монголын төр энэ бүхэнд бэлэн байна уу гэдэгт харин би эргэлзэж байна. Зуд боллоо анхаараач гэж жилийн өмнөөс сөрөг хүчин анхааруулсан.

Харамсалтай нь, нэг улс төрийн хүчнийг хэт олонхи болгохоор тэдний чих хатуурчихдаг юм шиг байна. Удахгүй махны үнэ тэнгэрт хадаж, малаа алдсан иргэдийн урсгал хотод орж ирнэ. Энэ нь хотын шийдэж чадаагүй агаарын бохирдол, түгжрэл, нийгмийн бусад олон сөрөг асуудлуудыг даамжруулна гэж санаа зовж байна.

-Банкууд Шадар сайд С.Амарсайханы гаргасан малчдын зээл төлөлтийг хойшлуулах санаачилгыг хүлээн авсан. Үүний цаана ямар нэгэн ашиг сонирхол байна уу? Та юу хэлэх вэ?

-Хувийн ашиг сонирхол байхгүй биз ээ. Нийгэм маань элдэв хулгай, ашиг сонирхлоос их айдаг болсон тул хардаж байгаа байх. Ковидтой адилтгаж болох хүнд нөхцөл байдал малчдын хувьд үүссэн тул төрөөс тодорхой хэмжээнд анхаарч үзэх ёстой.

ХААН болон Төрийн банкны шийдвэр гаргагчид олон жил хамтарч ажилласан малчдынхаа зээлийн төлөлтийг хэдэн сараар сунгасан явдалд талархаж байна.

Монголын төр харин хурдтай ажилламаар байна. УИХ нь хуралдаж, дараа дараагийн шийдвэрээ цаг алдалгүй авч хэрэгжүүлэх ёстой. Цаг алдах тусам асуудал хүндэрнэ. Харин өчигдрийн уулзалтыг зурагтаар харж байхад Шадар сайд Монголбанкны Ерөнхийлөгчийг дуудаж авчраад, урдаа суулгачихсан байсан нь эвгүй харагдсан. Манай сайд нар Монголбанкны үүрэг роль, мөнгөний бодлогоо ойлгодоггүйг батлах бодит жишээ.

-Банкны лобби төрд үүрээ засчих вий гэсэн болгоомжлол зарим хүмүүст төрж байх шиг байна. Та санал нийлэх үү?

-Манай арилжааны банкуудын лобби парламент, шийдвэр гаргах түвшинд нэн хүчтэй. Хүүгийн түвшин нэн өндөр, мөнгө хүүлэлтийн тогтолцоотой улс оронд ийм л байдаг. Харин яг зудын асуудал нэн хүндэрсэн өнөө үед малчдын зээлийн эргэн төлөлттэй асуудлаар ингэж дүгнэх болохгүй.

-Баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.



“ГАМШГИЙГ ДАВАН ТУУЛДАГ ГОЛ АРГА НЬ ДААТГАЛ БАЙДАГ”

Эдийн засагч Г.БАТЗОРИГ:

-Улсын онцгой комисс Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй малчдын зээлийн асуудлаар хуралдаж, нийт 140 гаруй мянган малчны зээлийн эргэн төлөлтийг зургадугаар сар хүртэл хойшлуулах зөвшилцөлд хүрсэн. Энэ нь улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү? Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү? 

-Малчдын зээлийн багц нийт 1.2 их наяд төгрөг орчим байх шиг байна лээ. Зээлийн багцтай харьцуулахад нэгдүгээрт бага дүн байгаа. Зээл тэглээгүй учраас тухайн ээлийн үлдэгдэл байхгүй болчихно гэх асуудал байхгүй. Тэгэхээр эргэн төлөлтийг нь зургаан сар хүртэл хойшуулна гээг гамшгийн үед хэрэгжүүлж буй богино хугацаанд иргэд дээр ялангуяа малчин өрхүүд дээр ирж буй зээлийн дарамт багасгахад эерэг нөлөөтэй болов уу.

Малчдын зээлийн ихэнх нь ХААН банк, Төрий банканд байна. Төлөхийн хувьд зээлээ төлнө. Хугацааны хувьд жаахан зарцаагаад, эргээд төлье гэдэг асуудал шүү дээ. Тэр үүднээс үзүүлж буй хор нөлөөллийн хувьд банкны төлөвлөсөн, зээлийн эргэн төлөлтөөс орж ирж буй мөнгөн дүн, хүүгийн орлого тодорхой хэмжээгээр алдагдана. Тухайн банкуудтай холбоотой тодоохо хэмжээний мөнгөний цаг хугацаанд хохирол үүснэ гэсэн үг. Эдийн засагт өөр эрсдэл үүснэ гэсэн сөрөг нөлөөлөл харьцангуй бага.

-Монголд зуд анх удаа нүүрлээгүй. Гэтэл бас л бодлогын түвшинд тодорхой, оновчтой шийдэл байхгүй, “барьц алдах” байдал анзаарагдсаар байна. Яавал бид энэ байдлаас гарна гэж та бодож байна вэ? 

-Цаашид бид зарчмын хувьд ийм байдлаар асуудлыг шийдэхгүй шүү дээ. Улс орон болгонд л гамшиг нүүрлэж байна. Улс орон болгонд ийм асуудлууд тулж байна. Энийг даван туулдаг гол арга нь ерөөсөө даатгал байдаг. Гамшиг боллоо гэхэд төр юу хийх вэ гэхээр гамшгийн менежментийг хэрэгжүүлнэ. Тийм үед төр нь нэгд, төсөв мөнгөтэй байх ёстой. Хоёрт, хөрөнгийн хохирлыг даатгалууд барагдуулдаг. Ажилладаг зарчим нь уул нь энэ. Бидэнд даатгал, эрсдэлийн талаарх ойлголт маш бага байгаа учраас арилжааны банктай очиж уулзаж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэргээр ярилцаж байна шүү дээ.

-Баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу