Казах үндэстний хаврын их баяр “Наурызын баяр” энэ сарын 22, 23-ны өдрүүдэд боллоо. Наурыз буюу Нарны баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодгоороо онцлогтой юм.
Ислам шашинт орнуудын цаг тооллоор энэ өдрийг шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. “Наурыз” гэдэг нь перс гаралтай үг бөгөөд “нау-шинэ”, “рыз-өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг ажээ.
Бид казах түмний уламжлал, ёс заншлын талаар сурвалжлахаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн малчин З.Хайролын гэрт зочилсон юм. Тэрбээр 2000 оноос Хонгор суманд мал маллан аж төрж байгаа ажээ.
Өдөр, шөнө тэнцэх эл өдөр цаг агаар ч маш тогтуун байлаа. 11:00 цагт гэрийнх нь гадна ирвэл ах дүү, хамаатан садан нь цөм тэднийд цугларсан байв.
Хонгор сумын хувьд энэ жил цас харьцангуй бага унажээ. Эргэн тойрон намрын налгар өдрийг санагдуулам шаргал байсан юм.
Бид гэрт орж, гутлаа тайлж, гараа угаагаад, ахмад настантай мэндлэн, зоогийн ширээний ард суулаа. Энэ нь казах түмний их эртнээс дагаж мөрдөж ирсэн дүрэм аж.
Идээ ундаатай ширээнд ойртохдоо хир буртаг хүргэхгүй байх үүднээс гутлаа заавал тайлна. Мөн баярын ширээнд гэр бүлийн гишүүн бүр нэг том тавгаас хооллох учир гараа сайтар угаадаг байна.
Гал тогооны хэсэгт гэрийн эзэгтэй, бэр охины хамтаар хоол цай бэлтгээд дуусч байгаа бололтой. Гэрийн эзэгтэй дөнгөж буцалж буй сүүтэй шаргал цайгаа самарч, нөгөө тогоон дээр мах буцална.
Наурызын баярын гол хоол бол каз, көж болон ахмад настнаас хүндэт бэрдээ барьдаг “жамбас” гэх хоол. “Жамбас” гэж хонины сүүжийг нэрлэх бөгөөд казах түмэн ийнхүү хүндэтгэдэг аж. Энэ нь бидний ахмад ястандаа хонины дал барьдагтай адил юм.
“Көж” нь мах чанасан шөлөнд хийсэн аарцтай, хөц будааг юм. Наурызын баяраар зочиндоо хамгийн эхэнд цай аягалан барьж, дараа нь көж өгнө. Көж долоон төрлийн орцтой бөгөөд ихэнх бэлтгэсэн хүнс нь долоо ба түүнээс дээш төрлийн орц найрлагатай байдаг аж. Энэ нь казах түмэн долоогийн тоог эрхэмлэдэгтэй холбоотой юм байна.
Казахуудын хувьд баярын хоолны орцонд доорхи долоон төрлийн бүтээгдэхүүн заавал орсон байх ёстой гэж үздэг аж. Үүнд, ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос багтана.
Дээрх долоон бүтээгдэхүүн баяр баясгалан, аз жаргал, амьдралын ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгаалах гээд дараагийн амьдралын утгыг илэрхийлдэг гэж үздэг. 
Зочны ширээний ард биднийг суувал Хайролын аав Б.Зурнай гуай хоолны өмнөх залбирал үйлдлээ.
Уг ерөөлийг хэлж байхад бүгд алгаа хавсран нүүр лүүгээ харуулж барина. Ерөөл хэлж дууссаны дараа хамтдаа бүгд “Амен” буюу “Ерөөл бат оршиг” гэсэн утгатай үг хэлж хавсарсан, хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь уг ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.
Энэхүү ерөөл нь “Наурызын баярын үйл ажиллагаанд ирсэн үр хүүхдүүд, зон олон минь эрүүл энх, ажил үйлс нь бүтэмжтэй байх болтугай. Эд хөрөнгө, идээ ундаа элбэг олдож, энэ жилийн баяр наадамтай цаашид ч адилхан элбэг дэлбэг яваарай” гэсэн утгатай. Залбиралд гэрт байгаа бүх хүн оролцох учиртай.
Урт цагаан сахалтай Зурнай гуай ерөөл уншиж дуусмагц ууган хүү Жулдыз баярын зоогт түрүүлж гар хүрлээ. Тэрбээр каз тэргүүтэй чанасан махыг хөндөж аавдаа эхлэн бариад, дараа нь жижиглэн хэрчиж үлдээв. Учир нь махыг хэрчиж, хүн хүний гарт нь өгөхгүй бөгөөд тухайн баярт оролцож буй хүн өөрийн тааллаар хүртэх эрхтэй ажээ.
Ширээнд хүнсний бүх төрлөөр бэлтгэсэн идээ ундаа байлаа. Тэдний дунд анхаарал татах нэгэн хүнс бол долоон өөр төрлийн идээ хольж хийсэн амттан болох “жент” юм. Үүнийг үзэм, шар тос, арвайн гурил, печень, шар будаа, элсэн чихэр зэргээр бүтээжээ.
Энэ мэтчилэн баярын ширээний ард бэлгэ дэмбэрэлтэй, эерэг сайхан бүхнийг хэлэлцэж, энэ жилийн ажил хөдөлмөрөө дүгнэн ярилцацгаана. Наурызын баяраар хэрүүл тэмцэл хийх, хов болон гуниг зовлон ярихыг хатуу цээрлэдэг. Энэ өдөр зөвхөн сайн сайхныг хэлцэн, тайван амгалан баярлах учиртай. 
Монголчуудын уламжлалт цагаан сарын баяртай нэн төстэй. Баярын өмнөх өдөр тоос шороогоо арчин, гэрээ цэвэрлэж, гэрийн эзэгтэй шинэ дээл хувцас бэлдэн, өөрийн оёж хатгасан зүйлээ дэлгэдэг аж. Гэрийн эзэгтэй А.Ынтымак мөн эдгээр баярын өдрүүдээр өөрийн гараар оёж хатгасан эдлэл хэрэглэлээр гэрээ гоёжээ.
Тэрбээр ахуйн ажлынхаа хажуугаар хөнжил, дэрний уут, орны бүтээлэг болон хөшиг, хувцас, малгай, алчуур зэргийг дэгээ зүүгээр оёжээ. Мөн тэрбээр хүүхдүүдийнхээ хувцас хэрэглэлийг ч оёчихдог. Казах түмэн хэзээнээсээ л ажилсаг, цэвэрч нямбай ард гэдгийн тод жишээ энэ ажээ.
Наурыз баяр нэг талаараа ах дүү, гэр бүлийн баяр, нөгөө талаараа хотол олны баяр гэж хэлж болохоор. Баярын өдөр эцэг эхтэйгээ золгоод дараа нь хамаатан садны хамгийн ахмад хүмүүстэй золгоно. Ингээд бид З.Хайролын гэрээс гарч том гэрийн эзэн болох З.Расолын гэрт зочлохоор болсон юм. Том гэрийн хэмээн тодотгосон нь З.Расол бол айлын отгон хүү бөгөөд эцгийнхээ голомтыг залгамжлан амьдарч буй юм.
Бусад ах нар нь энэ гэрээс амьдралаа зохион тусдаа гарч байсан бол өдгөө Расол аав, ээжийгээ асран голомтдоо амьдарч байгаагаа хэллээ. Иймээс тэд жил бүрийн Наурызын баяраар “том гэртээ” эхлэн ирдэг учиртай ажгуу.
Ийнхүү ёс уламжлалаа сайтар өвлөн тээж, ирээдүй хойчдоо ч уламжлуулан яваа нэгэн гэр бүлтэй өдрийг өнгөрүүлсэн нь сэтгэлд дулаахан байлаа. Гэрт, гадаагүй цэвэрхэн тохилог энэ айлд нутгийн зон олон ч зочлон ирэх нь их ажээ.
Наурызын баярын гурван өдөрт багтаан ойр хавийн 40 айлаар орно гэсэн дам яриа ч бий. Энэ нь заавал тоондоо биш бөгөөд аль болох олон айлд очин золгож, мэнд усаа мэдэлцэх уламжлалтай нь холбоотой ажээ. 
Бид Расолын гэрээс гарахаар бэлдтэл өөр нэгэн зан үйл дутуу байгааг гэрийн эзэн Расол сануулав. Удалгүй Зурнай гуайн гэргий ууттай чихэр гэрээр нэг цацаж эхлэв. Хүүхдүүд шуугилдан цацсан чихрээс түүж, хөгжилдөж байлаа. Энэ нь гэрт зочилсон бүх хүнийг дайлж буй хэрэг аж. Цацсан чихрийг хүүхэд, том хүн гэлтгүй л түүж байлаа. Хөөрөлдөөн, хөгжөөнтэй нэгэн өдөр ийнхүү шувтарч, бид нийслэлийн зүг жолоо залсан юм. 
Монгол Улсын минь нэгээхэн хэсэг болсон казах түмний олон зуун жил уламжлагдан ирсэн Наурыз эх орны өнцөг булан бүрт ийн баяр хөөртэй өнгөрч буй.
Хавар болж, мал төллөж, хаа хаанагүй л ажил төрөл ундарч байгаа тул тэд баяр дуусмагц яаравчлан ажилдаа орох талаар ярьцгааж байлаа. Мөн Наурызын баяраар архи дарс хүртэхийг цээрлэдэг тул гурван өдөртөө багтаан баярлахын зэрэгцээ ажил үйл цалгардах нь бага ажээ.
Баярын төгсгөлд гэрт домбор хөгжмийн аялгуу хадааж, уламжлалт ардын дуугаа дуулалдах нь сонсогдоно.Н.УЯНГА
А.САЙХАНБАЯР
Гэрэл зургийг: Ч.ДАШДОРЖ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу