Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр (2024.03.29) мэдээлэл өглөө. Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ой хээрийн болон объектын гал түймрийн талаарх мэдээллийг өгсөн юм. 

Тодруулбал,  Улсын хэмжээнд он гарсаар Дорнод аймгийн Матад сум, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд тус тус ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Тухай бүрд аймаг, орон нутгийн онцгой байдлын газар шуурхай ажиллаж унтраажээ.

Өнөөдрийн (2024.03.29) байдлаар объектын гал түймрийн 943 дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Ирэх долоо хоногт ЕБС-ын амралт эхэлж байгаа болон цаг агаар дулаарч байгаатай холбоотой иргэд зуслангийн бүсэд ихээр зорчдог. Энэ үедээ зуслангийн хашааны шар өвс шатаах, хуучих хувцас шатаах зэрэг үйлдлүүд гаргадаг нь объектын гал түймрийн гаралтыг нэмэгдүүлдэг байна.

Иймд мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөмжийг иргэдэд хүргэж байна.

  1. Гэр ахуйн тог цахилгааны аюулгүй байдлыг хангах. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихдоо цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг сайтар шалах.
  2. Үнс нурам ил задгай асгахгүй байх. Хаврын салхи шуурга гэнэт гарах магадлалтай эдгээр өдрүүдэд галлагаа болон үнс нурам асгах асуудалд маш болгоомжтой, сонор сэрэмжтэй хандах.
  3. Ил гал алдахаас сэргийлэх. Урин цаг ирж буйтай холбоотой ууланд гарах, алхалт хийх, зугаалгаар явахдаа санамсаргүй гал алдахаас сэргийлэх. Тамхины иш, чүдэнз хаяхгүй байх. Ил гал, түүдэг асаахгүй байх.
  4. Баталгаагүй зам, гарцаар зорчихгүй байх. Орон нутгийн замд зорчиж буй иргэд мөсөн бүрхүүл үүссэнтэй холбоотой баталгаагүй зам, гарцаар гарахгүй байх. Машин хэрэгслийн оч баригчийг сайтар шалгах.
  5. Мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөгөө, мэдээ мэдээллийг өдөр тутмын үйл ажиллагаандаа сайтар хэрэгжүүлэх.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу