Эрүүгийн Цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар өнөөдөр (2024.04.16) олон нийтэд мэдээлэл өглөө.
Тодруулбал, өчигдөр олон нийтийн сүлжээнд “Баян” хэмээх Р.Базарыг баривчилж буй дүрс бичлэг цацагдсан. Түүнийг их хэмжээний мөнгөөр сонгууль санхүүжүүлсэн гэх таамаглал хөвөрсөөр буй. 
Энэ талаар прокурорын байгууллагаас олгосон зөвшөөрлийн хүрээнд дараах мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга хурандаа Б.Ганчулуун танилцууллаа.
Тэрбээр “Нэгдүгээрт, нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөөр кредит болон бусад арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн байдлаар хувиргаж, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.
Хоёрдугаарт, нэр бүхий этгээдүүд бүлэглэн Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 9-11 сарыг хүртэлх хугацаанд бусдаар гадаад улсын мөрийтэй тоглоомын сайтад мөрий тавиулсан. Улмаар “Их хэмжээний бооцооны мөнгө алдсан” гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, хүлэхээр заналхийлж, “хүнийг хүчээр алга болгох гэх” хэргийг үйлдсэн байж болзошгүй. Иймээс хуулийн дагуу иргэн Р.Базарын хамаарал бүхий “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг“, “Тээвэр хөгжлийн банк” зэрэг компаниуд болон иргэдийн орон байр зэрэг нийт арван объектод нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр 100 гаруй боть, санхүүгийн баримт болон гадаад валют зэргийг хураан авсан.
Тодруулбал, бусдад дарамт үзүүлж, “алдсан мөнгөө олж өг” гэх байдлаар биед нь заналхийлж, айлган сүрдүүлж, эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна” гэлээ.
Дээрх хэрэгт холбогдох дөрвөн иргэнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж 48 цагийн хугацаатай баривчилж, хорих 461-р ангид хүргүүлсэн. Өнөөдөр (2024.04.16) эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлэх юм байна. 
Мөн иргэд олон нийтийг албаны эх сурвалжийн бус худал мэдээлэлд автахгүй, мэдээллийг тараахгүй байхыг зөвлөсөн юм. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа тул хэргийн мөрдөн байцаах үйл явцтай холбоотой мэдээллийг цаг тухайд хүргэх болно гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу