Мал, малчин хоёрт их зүйл хэрэггүй. Их зүйлийг ч тэд шаардахгүй явж ирсэн. Тэдний хөдөлмөрийн хөнгөвчилсөн технологи, малчдад үр шимээ өгсөн ажлуудыг эхлүүлэх ёстой гэж ярьдаг хүмүүс. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олдохгүй, малчны зээл нь хязгаарлагдмал, хүү өндөр зэргээс шалтгаалан тэдэнд хөдлөх боломж олдоггүй. Харин Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжих юм. Цас зудын хүнд бэрхийг давсан малчдад Засгийн газраас өгч буй маш том дэмжлэг болж байна. Сар шинийн өмнөхөн мянгат малчны үнэмлэхээ авсан малчин өнөөдөр 100 гаруйхан хонь, ямаатай дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу хэрхэхээ мэдэхгүй хот мөрөөдөн сууж байхтай таарсан. “Олон жилийн хүч хөдөлмөр нь нэг л зуднаар хотных нь гадаа сэг зэм болон хэвтэхийг харах шиг хүнд зүйл малчин хүнд байдаггүй юм байна” хэмээн хоолой зангируулан суусан малчны үг одоо ч гашуун сонсогдож байна. Үлдсэн малаа өсгөх үү, аймгийн төв бараадаж ажил олж хийх үү гэх сонголттой нүүр тулж байхад нь “Шинэ хоршоо хөдөлгөөн” мэндэлж байх цаг давхцсан нь хонгилын үзүүр дэх гэрэл болж байгаа талаар малчид ярьж байна.
Алс буйдхан нутагтаа ганц гэрээр амьдрах бус хэд хэдэн малчин өрх нийлж, хоршооны хэлбэрт шилжин дэм дэмэндээ амьдрах боломжийг “Шинэ хоршоо хөдөлгөөн” нээж өглөө. Хуучин цагийн хоршооны хэлбэр бус шинэ цагийн хамтын хөдөлмөрийн үр шимээ хүртэх боломжийг нээж өгч байгаа юм байна. Өнгөрөгч өвлийн цас зуд олон малчинд тоо бус малын чанарт анхаарах, мал аж ахуйн салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсоны хамгийн том дохио болов. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд малчид Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалтын дэмжлэгтэйгээр есөөс дээш тооны малчин нэгдэж 50 сая хүртэлх төгрөгийн жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой болж байна. Эхний байдлаар арилжааны банкуудад 560 тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа юм гэнэ. Тиймээс эхний ээлжийн хөнгөлөлттэй зээл малчдын гарт очиход ойрхон байна гэсэн үг.
Ингэснээр малчин бүр бизнес эрхлэх боломж нээгдэж, зөвхөн хэдэн малаа дагаж, өөрсдөдөө олигтой илүүчилж чаддаггүй байдалд цэг тавих цаг ойрхон байна. Малчид байгаа бүхнээ малдаа өгөх биш малын ашиг шимээрээ аятайхан амьдарч болох тэр нөхцөл рүү орох ёстой. Малын гаралтай түүхий эд хог дээр хаягдах бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болж зах зээлд гарах ёстой. Өнөөдөр хаяж буй бүхэн нь ирээдүйд малчдад санхүүгийн эх үүсвэртэй болох гарц нь “Шинэ хоршоо хөдөлгөөн” юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан “Шинэ хоршоо хөдөлгөөн” Монгол орны 21 аймгийг бүсчилэн нээлтээ хийлээ. Малчид шинэ боломж, мал аж ахуйн салбарын маш том хөрөнгө оруулалт хэмээн харж байгаагаа хэлж байна. Малчид өөрсдийн орон нутаг, амьдралын ахуй нөхцлөөс шалтгаалан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд малын гаралтай түүхий эдийн брэнд, малын гаралтай түүхий эдээ боловсруулах үйлдвэр, малын хашаа саравчаа сайжруулах, худаг гаргах, малын тэжээл тариалах, боловсруулах цех, мал эмнэлгийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж гэх мэтчилэн яг өөрсдийн өмнө тулгамдсан асуудлуудаа шийдэх бүрэн боломжтой болж байна хэмээн ярьцгааж байгаа юм.
Шинэ цагийн мал аж ахуйн хөгжил хоршоолох хэлбэрт шилжихгүйгээр нэг өрх, мянган мал гэсэн хуучин хэлбэрээр явах ямар ч боломжгүй болж байна. Хүн бүл цөөтэй малчид намрын хадлан бэлтгэл, хаврын мал төллөх үеэр хүртэл хүн хүчгүйдэж байгааг, дундын байдлаар асуудлаа шийдэх гарц шийдлийг санхүүгийн боломжтой нь нээж өгсөн Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлж байна.
Монгол Улсын хүн амын 52 хувь нь орон нутагт амьдардаг. Тэдний дийлэнх нь мал аж ахуй эрхэлж байна. Таван малаас нь өөр барьцаа хөрөнгө байхгүй тул зээл хуульд хамрагдах, хөрөнгө оруулалт хийх боломж хязгаарлагдмал. Үүнээс үүдэлтэй хот, хөдөөгийн ялгаа 2024 онд хүртэл яг л нэг хэв загвартай явж ирсэн. Үндсээр тасалж, өөрөөр амьдрах гарц, шийдэл “Шинэ хоршоо хөдөлгөөн” болж байна.
Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу