Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр (2024.05.13) болсон. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэрийг гаргажээ.

Энэхүү шийдвэр нь дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцнэ гэж үзсэн байна.

Жилийн инфляц дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 6.4%, Улаанбаатар хотод 6.1%-тай гарчээ. Импортын бараа бүтээгдэхүүний инфляц саарах хандлага үргэлжилсний зэрэгцээ дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжсоноор инфляц буурсан байна.

Цалин, тэтгэврийн өсөлт төсөв, түүнтэй адилтгах санхүүжилт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй хэдий ч түүний нөлөө хүлээлтээс бага байгаа тул инфляцын богино хугацааны төсөөллөө бууруулсан болохыг Монголбанкнаас мэдээллээ.

Сануулахад, Мөнгөний бодлогын хороо энэ оны гуравдугаар сард 13 хувьтай байсан бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж 12 хувь болгосон. Энэ удаад дахин нэг нэгжээр бууруулж байна. Ийн он гарснаас хойш Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлж, хоёр нэгжээр буурууллаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу