Үндэсний мод тарих өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржаалан хийд “Амгалан дэлхий” ТББ-тай хамтран хийдийнхээ гадаах талбайг моджуулах, цэцэрлэгжүүлэх ажлаа эхлүүлжээ. “Амгалан дэлхий” ТББ энэ жил дөрөв дэх жилдээ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орчноо моджуулах төслөө хэрэгжүүлж, 2500 дахь модоо хандивлан нутгийн иргэдтэй хамтран тарьсан байна.

240 гаруй жилийн түүхтэй Мөрөнгийн хүрээ хийдийн суурин дээр 1991 онд байгуулагдсан Ганданжаалан хийд нийт 5 га талбайтай ажээ. Түүнийхээ ихэнхийг моджуулж зүлэгжүүлж, аялагч сүсэгтнүүд, хүүхэд залуусын амарч салхилдаг газар болгохыг зорьж буй  юм байна.

Гандандаржаалан хийдийн хамба лам Д.Хоролбат “Мод тарих амархан, тарьснаа арчлах нь чухал. Дээр нь байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцах, ээлтэй байхыг манай хийд олон нийтэд уриалж байна.

Бурханы номлолд хог тарихаас эхлээд байгальтай зүй бус харьцаж, ул мөр үлдээх нь лус савдгийн хорлол, үйлийн муу үрийг тарьдаг гэдэг. Тиймээс эх дэлхий, ахуй орчинтойгоо зөв зохистой харьцах, ээлтэй байхыг зөв талаас нь таниулан сурталчлах нь өнөөдөр чухал байна. Тогтвортой хөгжлийн зарчим, сургааль ч энэ юм” гэжээ.

“Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам “Анх хүүхдийн орчныг моджуулъя, ногоон болгоё гэдэг үүднээс “Амгалан дэлхий” төслөө санаачлан, 2021 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Авьяас” ерөнхий боловсролын сургуульд 1000 мод бэлэглэж, хамтдаа тарьж байсан. “Дэлгэрмөрөн” ЕБЦС, Политехникийн коллеж гээд гурван сургуульд амжилттай хэрэгжсэн. Энэ жил Гандандаржаалан хийд санал тавьснаар хамтарч байна.

Мөрөн хот сайхан эмх цэгцтэй, бусад сумдад жишиг болохоор төлөвлөлттэй. Одоо бидэнд мод бут, ногоон орчин дутагдаж байна. Тиймээс “Миний, манай орчныг би, бид л өөрчилнө” гэж уриалж, 2500 дахь модоо И.Даваажавын үр хүүхдүүд бид, “Амгалан дэлхий” ТББ нутагтаа хандивлан, мөрөнчүүдтэйгээ хамтдаа тарьж, хамтдаа ургуулж байна. Гүйлс, хайлаас, голт бор, үхрийн нүд, гацуур зэрэг нийт таван төрлийн 500 модоо өнөөдөр хамтдаа Гандандаржаалан хийд дээр тарилаа” гэв.

“Амгалан дэлхий”  төслийн орон нутаг дахь зөвлөх, доктор Ж.Оюунмаа “Гандан хийд, лам нар, ер нь шашныхан хүний сэтгэлийг эмчилдэг, тэр чигт ажилладаг. Одоо бүтээлчээр байгалийг эмчлэхэд олон нийтийг уриалж, анхаарал хандуулах хэрэгтэй байна. Үүний нэг жишээ нь Мөрөнгийн хийдийн лам нар “Үндэсний мод тарих өдөр”-т нэгдэж, мод тарьж байгаа энэ үйл байх. Дэлхийг амгалан болгохын төлөөх зорилго, үйлсийн нэг шугаман дээр Гандандаржаалан хийд, ТББ хоёр явж байна гэж харлаа.

Мөрөнгийн орчим мод тарих, эвдэрсэн газар шороогоо эмчилж, зүлэгжүүлэх маш чухал байна. Эргэн тойрон хөрс шороо маш их эвдэрсэн байна. Дагтаршсан хөрсөө сийрэгжүүлж, усаар тэжээхэд л ногоорно” гэжээ.

Дашрамд дурдахад, Гандандаржаалан хийдэд сүсэгтэн олноос гадна  Улсын бүртгэлийн газрын хамт олон, залуу, ахмадууд гэр бүлээрээ ирж хамтдаа мод тарьсан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу