УИХ-ын сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах процесс үргэлжилж байгаа энэ үед олны анхаарлыг татсан хүмүүс хаана нэр дэвшихээс шалтгаалж сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр харагдаж байгаа юм. Ардчилсан намаас хэд хэдэн сэтгүүлч энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр байна.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойргийн 5 мандатын төлөө Ардчилсан намаас сэтгүүлч Жанцандоржийн Баттуул нэр дэвшихээр горилж байгаа бол Говийн бүс буюу Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн долоон мандат дээр Ардчилсан намаас 14 хүн нэр дэвшихээр горилж байгаагийн нэг нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалан юм.

Улсын Их Хурлын сонгуулийн өмнө сэтгүүлч Н.Өнөрцэцэг улс төрийн сонголтоо хийж, Ардчилсан намд элссэн нь анхаарал татаж байна. Тэрбээр Баянзүрх дүүрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тойрогт нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн ч Төвийн бүсэд нэр дэвшихээр болсон талаар эх сурвалж мэдээлэв.

Мөн сэтгүүлч Ч.Лодойсамбуу энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болоод байна. Эсхүл намын жагсаалтаар орж ирэх бас нэг хувилбар байгаа аж.

Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр сэтгүүлчид Ардчилсан намд эерэг нөлөөлөл үзүүлэх магадлал өндөр байгаа гэнэ.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу