Улаанбаатар хотод сургалт үйл ажиллагаа явуулж буй Соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нээлттэй өдөрлөг өнөөдөр (2023.04.12) эхэлсэн билээ. Энэхүү өдөрлөгт зочилсон тэмдэглэлийг  хүргэж байна.

“Хаврын баяр-2023” нээлтийн арга хэмжээ эхлэх бэлтгэлээ зэхэж үлээвэр найрал хөгжим төв талбайд жагссан байлаа. Цэргийн хөгжмийн политехник коллежийн сурагчид “баярын марш” тоглохоор хөг тааруулж, жагсаалын алхаагаа бэлдэх бөгөөд хэдийнээ тэд Монгол цэргийн жавхааг гайхуулам үлээвэр хөгжимчид болж бэлтгэгдсэн нь илхэн харагдана. Харин талбайн урд хэсэгт зассан тоглолтын тайзанд Монгол Улсын консерваторын симфони найрал хөгжим байраа эзэлжээ. Театрын тайзнаас, эсвэл аль нэг нэвтрүүлгээс л хардаг сонгодог хөгжмийн бүрэн бүрэлдэхүүн ийнхүү ард олны өмнө мэндчилгээ дэвшүүлэхээр бэлэн болжээ.

Ерөнхий боловсролын сурагчид, аав ээжийгээ хөтлөн алхах бага насны хүүхдүүдийн анхаарал цөм тэдэн дээр байх аж. Сонгодог гэмээн л ийм байдаг болов уу? гэмээр хөгжмийн чамин хийц, дуугаралт, удирдаачийн цэх зогсон дохиураа хөдөлгөхийг ширтэх хүүхэд багачуудын харц нүднээ илт. Тайзны араас жагсаалын алхаагаар баярын марш эхэлсээр орж ирэхэд, үзэгчид суудлаасаа өндийн сониучирхах нь ихэслээ. Гадаадын жуулчид цөөнгүй харагдах бөгөөд бүгд утсаараа анхааралтай гэгч нь бичлэг хийнэ. Урлаг соёлын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй хийж байгаа нь гадны улс орнуудад түгээмэл байдаг зүйл. Цаашид ч манай улс ийнхүү урлагаараа гоёж, гадаад дотоодын жуулчдын нүд, сэтгэлийг баясгахаар төлөвлөн, ажиллаж эхлээд буй. Ийнхүү нээлтийн арга хэмжээ олны анхаарлын төвд зүй ёсоор орж, нижигнэсэн алга ташилтаар үргэлжилсээр байх ажээ. Төв тайзны хойд хэсгээр тойруулан зассан асруудад 20 гаруй их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалтын төвүүд танилцуулга хийхэд бэлэн болсон байлаа.

Хамгийн зүүн захад “Кино урлагийн дээд сургууль” байх аж. БҮХ УРЛАГИЙН ДОТРООС ХАМГИЙН ЧУХАЛ НЬ КИНО хэмээн улаан туг намируулсан цагаан асар дотор МУГЖ Ё.Цог, багш сурагчдын хамт сууна. Нэгдлийн үеийн кинон дээр гардаг ногоон ачааны машин, “Шинэ үсгийн багш” дээр гардаг улаан бүч ногоон дээл гээд үнэхээр л Монгол кино ертөнцийн дүр төрх энд байна. Сонирхохгүй өнгөрөх хүмүүс тун ховор.

Түүнээс хойшлоод Театр урлагийн сургууль, Бүжгийн сургууль, Соёлын сургууль гээд цөм өөрсдийн сургалтыг танилцуулахад бэлдэнэ. Энд сурагчдад “яагаад урлагт хайртай вэ?” гэдэг асуултын хариулт маш олон төрлөөрөө байлаа. Үүнийг илтгэх мэт танилцуулга хийж буй багш нарын яриа цэгцтэй, цэвэрхэн, сонирхол татам байсан юм. Төв талбайн тоглолт дуусаж цугласан олон аажмаар тарж эхэллээ.

Асар бүрийн өмнө нэг содон зүйл байх бөгөөд “Грийнч” яг өөрийн дүрээрээ нүүрээ үрчийлгэж хүүхдүүдтэй зураг даруулна. “Аватар” нум сум агсах агаад эргэн тойрноо ажиглан зураг авалтын талбайд байгаа юм шиг харцаар ширтэнэ. Бүжигчин охид торгон цагаан дээл намируулан хэсэг хэсгээрээ тайзны ар руу гүйлдэнэ. Том даавуун дээр зурсан сонгодог маягийн уран зургууд. Тайз чимэглэлийн баримал бүтээлүүд гээд, үзэгдэх бүхэн цөм урлагийн нэгэн хэсэг болсон байлаа.  Эцэг, эхчүүд үр хүүхдээ урлагаар хүмүүжүүлэхийг илүүд үздэг нь ч нууц биш. Тийм дээ ч үзэгчдийн суудал дүүрэн байх агаад тоглолт дуусмагц асаруудын урд бүтэн эргэх зайгүй болж эхэлсэн юм. Олны хөлд  дарагдсан цагаан асруудыг сонирхох иргэд нэмэгдсээр, тайзнаа гарч зогссон дуучин хүүхэд инээмсэглэн дуулсаар байлаа.

Цаашид урлагийн чиглэлээр суралцах хүсэл эрмэлзэлтэй хүүхэд багачууд төв талбайд болж буй уг арга хэмжээг сонирхохыг зөвлөж байна. Их дээд сургуулиудын салбар чиглэл, сургалтын онцлог үйл ажиллагаа, танилцуулга, элсэлтийн шалгалтын бүртгэл зэргийг нэг дор мэдэх бүрэн боломжтой. Сургалтын давуу тал, боломжыг судлах нь мэргэжлээ сонгоход тун дөхөм болгох биз ээ. Урлагаар амьсгалсан энэхүү үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 13-ны өдөр мөн үргэлжлэх юм.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу