Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Financial Times” хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монгол Улс Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний улмаас хохирол амсаж байна гэжээ. 

Монгол Улс ардчилсан орон хэдий ч Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний дарамтад мөн өртөж байна гэж Оюун-Эрдэнэ онцолсон байна. Түүний хэлснээр, ОХУ-ын эсрэг тавьсан хязгаарлалтууд нь “гэмгүй” Монголын хувьд давхар хориг болж байна. Тухайлбал, урьд өмнө Оросын агаарын орон зайгаар дамжин Европ-Азийн чиглэлд нислэг үйлдэж байсан агаарын тээврийн компаниуд мөн Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисдэг байсан. Үүний төлөө Улаанбаатарт тодорхой татвар төлдөг байв. Европын Холбооны эсрэг Москвагийн авсан хариу хориг арга хэмжээний хүрээнд Оросын нутаг дэвсгэр дээгүүр нийслэг үйлдэхийг зарим оронд хориглосноор нөхцөл байдал өөрчлөгдсөн.

Тиймээс эдийн засгийн хориг арга хэмжээ авахдаа сайтар судалсны үндсэн дээр тавих ёстой. Учир нь эдгээр арга хэмжээ нь бусад улсад сөргөөр нөлөөлж байна гэж Оюун-Эрдэнэ онцолжээ. Тэрбээр, Украин дахь нөхцөл байдал зөвхөн хоёр улс хоорондын мөргөлдөөн төдийгүй дэлхийн эдийн засаг, тэр дундаа далайд гарцгүй жижиг орнуудад сөргөөр нөлөөлж байна гэв.