Чөлөөт уран бүтээлч, судлаач Ө.Ирмүүний холимог материалаар хийсэн уран зураг, гэрлэн installation art болон логик оюуны тоглоом болох судоку наадгайг монгол тоогоор тайлах уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдлээ.

Ө.Ирмүүн 2008 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд 2015 онд СУИС-д Л.Бумандорж багшийн удирдлага дор Урлаг судлалын магистрын зэрэг хамгаалж, 2016 онд анхны бие даасан “Entropy” үзэсгэлэнгээ Монголын Уран Зургийн Галерейд дэлгэжээ. 2021 оноос эхлэн МУИС-д АНУ-ын Индиана Их Сургуулийн профессор, урлаг судлаач, доктор Ц.Уранчимэгийн удирдлага дор Урлаг судлалын докторантураар суралцаж буй аж.

Түүний бүтээлүүд монгол тооны уламжлалыг шингээжээ. Энэ нь ч Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-д ховор нандин, хэзээ ч давтагдашгүй 50 орчим уран бүтээлийг хадгалж буй Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн их танхимд дэлгэгдэж буй нэг шалтгаан гэлтэй.

Швейцарийн математикч Леонхард Эйлерийн бүтээл судоку логик тоглоом тайлагдашгүй асар их боломжтойгоороо алдартай. Энэхүү тоглоомыг өдгөө дижитал, биет хэлбэрээр дэлхий нийт тоглосон хэвээр буй.

Уран бүтээлч Ө.Ирмүүн энэхүү тоглоомыг Монгол уламжлал, тооны хэлбэр шинжид хөрвүүлсэн нь сонирхолтой. Тэрбээр “Эх хэлд маань устах аюул нүүрлэж буйтай адил монгол тооны утга бэлгэдэл устах вий хэмээн сэргийлж, монгол тоог мэдэж авцгаая, цаашдаа хэрэглэцгээе гэж сэтгэн, энэхүү үзэсгэлэнгээ дэлгэлээ” гэв.

Үзэсгэлэн нь нэгээс есийн хооронд оршин буй биш бөгөөд зах хязгааргүй мэдрэмжийг үзэгчдэд төрүүлж байгаа нь сонирхолтой. Гурван хэсгээс бүрдэх бөгөөд эцэст нь нэг л концепцыг илэрхийлэхийг зорьжээ. Эхний хэсэгт тоглоомоор дамжуулан монгол тоог үзэгчдэд ойлгуулна. Хоёр дахь хэсэг нь орчин үеийн инсталляцыг ашиглан, тооны хэлбэр дүрс, утга учрыг илэрхийлнэ. Гурав дахь хэсэг нь холимог техникийг ашиглан бүтээлүүдийг туурвисан.

Ер нь бүх хэсэгт тооны утгыг дам болон далд илэрхийлэхийг зорьжээ. Монгол наадгайн хэв шинж бүхий бүтээгдсэн судоку тоглоом багачууд гэлтгүй томчуудын сонирхлыг татна. Уламжлалт наадгай хорол тоглоомын хэлбэр хийцийг санагдуулам аж. Мөн судоку дээрх тоо монгол бичгээр бичигдсэн илүү “монголжуу” дүр төрхийг мэдрүүлнэ.

Дүрслэх урлагийнхны дунд “Монгол зургийн”, “Морины” хэмээн алдаршсан Ардын зураач Ш.Чимэддорж “Гоё үзэсгэлэн! Хамгийн чухал нь өөрийнхөөрөө ертөнцийг харах хэрэгтэй. Ер нь амьдрал яг өрөг тоглоом шиг хожих, хожигдох үе аль аль нь бий. Үүнийг яг уран бүтээлч чанараар үзэгчдэд ойлгуулж буй нь хамгийн сайхан. Анх удаа дэлгэгдэж буй энэ бүтээлүүдийг хараад сонирхолтой санагдаж байна. Монгол бичиг, эх орноо хайрласан сүүн цагаан сэтгэлээр хандсан бүтээлүүд байна” хэмээн онцолсон юм.

Гурав дахь хэсэгт байрлуулсан түүний бүтээлүүд дээр солонго туссан аятай. Тогтсон нэг өнгөгүй, олон төрлийн өнгийг хослуулжээ. Гэлээ ч ойлгомжгүй, толгой эргэм биш. Өнгөнүүд хоорондоо үнэхээр гайхалтай ууссан бөгөөд энэ нь холимог зургийн онцлог аж. Зураг бүрд монгол тооны агуулга шингэсэн нь үзэгчдийг тэр чигт нь нэгээс ес хооронд уусгана.

Нэг зурганд олон янзын өнгө хоршсон нь үзэгчдийн сонирхлыг их татаж байгаа аж. Янз бүрийн өнгийг туршин, түүн дээр тосон, усан будгаар гээд олон талын материалыг судалж, ашигласны үр дүнд энэ бүтээл төрж байна гэж ойлгож болно. Үүнийг холимог техник гэдэг. Өөрийн мэдрэмждээ тулгуурлаж, ийм том хэмжээний бүтээл туурвисан нь сайшаалтай.

“Бум Арт” галерейн куратор Л.БУМАНДОРЖ:

2013 онд Ө.Ирмүүн бид хоёр анх багш, шавь болсон. Энэ хугацаанд Монголын уран зургийн галерей, “Бум арт” галерей мөн гадны улсуудад үзэсгэлэн гаргасан. Өнөөдөр “Нэгээс ес” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэнгийн гол онцлог нь Монголын ард түмэн тооны билэгдлийг олон талаас нь хүндэтгэн үздэг.

Ө.Ирмүүн багадаа тоглох дуртай байсан судоко тоглоомын хэлбэрийг уран бүтээлийнхээ мэдрэмжтэй хослуулж, олон нийтэд толилуулж байна. Абстракт зурагтай тоог холбосон байна. Мөн гэрлэн инсталляцыг тоотой уялдуулсан нь содон. Ө.Ирмүүний зургийн санаа энгийн бөгөөд гүнзгий агуулгатай. Түүний уран бүтээлийн өнгө мэдрэмж өвөрмөц. Судалгаа уран бүтээлийг хослуулан ажиллаж буй залуу уран бүтээлч юм.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.БАЙГАЛМАА:

-Дүрслэх урлагийн чиглэлээр суралцахаар өвөрмонгол оюутнууд Монголд ирдэг. Энд суралцахаар ирсэн хүүхэд болгоны уран бүтээл болон судалгааны ажилд нь тус, дэмтэй байя гэж боддог. Хамгийн гол нь зураач хүн дотоод сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй. Тэр илэрхийллээс хүмүүс ямар эрч хүч, урам авч буй нь чухал байдаг. Тэгэхээр энэ мессэжийг хүмүүст гаргаж чадаж, ийм үзэсгэлэн дэлгэгдлээ гэж үзэж байна.

Ц.ХОНГОР
Гэрэл зургийг: Ч.ДАШДОРЖ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу