Удтал олны анхааралд байсан Оюу Толгой төслийн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэлж байна. Уг төслийн гэрээг 2009 онд анх байгуулалцаж байсан Сангийн сайд асан С.Баярцогт байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Өнөөдөр Монголчуудын хувьд баярт үйл явдал тохиож байна. Манай улсын эдийн засгийн хамгийн их нөлөө бүхий уул уурхайн төслийн хоёр дахь үе шат буюу Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг томруулахаас гадна Оюу Толгойн зэс, алтны орд дэлхийд эхний тавд орох тийм том бүтээн байгуулалт болж байгаа юм.

Мөн Оюу Толгойн хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ зурагдсанаас хойш 14 жилийн дараа Оюу Толгойн ил болон далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл бүрдэж, дэлхий нийтийг хамарсан мега төсөл анх удаа хэрэгжиж байна гэж бид ойлгож болно. Энэ нь Монгол Улсын хувьд ихээхэн хэмжээний экспортын болон боловсруулах үйлдвэрлэлийн амжилтыг эхлүүлнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах маш том түлхүүр нөхцөл болно. Оюу Толгой төслийн түүхэн дэх 14 жилийн хугацаа нь маш их хэмжээний улс төр, үл ойлголцол, хардлага дагуулж байсан. Энэ гэрээ зурагдсанаас хойш 2011, 2015, 2019 онуудад холбогдох хэлэлцээрүүд хийгдэж, үүний үр дүнд гүний уурхайн бүтээн байгуулалт жигдэрч байна.

Өөрөөр хэлбэл нэг том мега төслийг Монголчууд өөрсдөө эхлүүлж чадаж байгаа нь дараа дараагийн том мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хэдий хэр хугацаа шаардагддаг төдийгүй ийм олон Засгийн газар, УИХ дамждаг юм байна. Үе үеийн Засгийн газар өөрсдийнхөөрөө оролцоогоо хангаж байж амжилттай гүйцэтгэдэг гэдгийг Монголчууд маань ойлгосон байх гэж бодож байна.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд ЗГХЭГ-ын дарга байхдаа ч тэр, Засгийн газрын тэргүүнийхээ хувиар ч тэр үр дүнтэй хэлэлцээрүүд хийсний дүнд холбогдох гэрээ хэлэлцээр Монголд ашигтайгаар шийдэгдэж, гүний уурхайн бүтээн байгуулалт амжилттай эхэлж байна. Ер нь бол Оюу Толгойн бүтээн байгуулалт жигдэрснээр нэг хүнд ногдох ДНБ эрс өсч, Монголд орох валютын урсгал нэмэгдэж, үйлдвэрлэл үйлчилгээ, татвар хураамжийн хэмжээ нэмэгдэнэ. Монголчууд Оюу Толгой, байгалийн баялгийнхаа ач тусыг бүгд хүртэх ийм боломж цаашид улам илүү мэдрэгдэнэ ээ” гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу