Салхигүй тогтуун тул Дархан хот утаан хөшиг татаж хоножээ. Улаанбаатарт амьдрагч надад хэзээ эртийн танил мэт “ориг” нүүрсний эхүүн үнэр нэвт сэнхийнэ.

Товлосон цаг нэгэнт болсон тул Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу хөдөллөө. Өнөө жилийн өвлийн цас ихтэйг хэлэх үү, дэрсний толгой туулайлчихсан нь үзэсгэлэнтэй агаад тачигнах жаврыг мэдрүүлнэ.

Хөтөл хотоос цааш хэсэг яваад, зүүн гар тийш салж, Орхонтуул сум руу хөтлөв.

Монгол Улсын Засгийн газар Туулай жилийн Улсын аваргуудаа тодруулж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгаас сонгогдсон төлөөлөгчийн хувьд шагналыг гардуулахаар ийн явж байгаа нь тэр. Зам салаад, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж зам нийлэн, цааш цасан гуу, жавартай цайдам хөндийг сэгсчүүлэн туулсаар Увсын ясан хяртай мөнгөн эмээл, хазаартай хүлэг морьд дүүрсэн уяан дээр дөрөө амсхийлгэв.

Бидний очиж буй энэ айл Дамирангийн Баатархүүгийнх. Туулай жилийн “Улсын аварга малчин”-аар шалгарсан өрх байх.

Хорвоог онож дөнгөж тэнцэж буй жаалаас эхлээд 70 насны босго хэдийнэ давсан ахмадууд цуглаж, хөлтэй байгаа нь илт. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тэргүүтэй шагнал гардуулахаар ирсэн зочдоо угтан, Монгол Улсын заан Дамирангийн Бумбаяр иржээ. Урд өдөр нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баян шинэ зам” ХХК-ийн хамт олон “Улсын аварга тариаланч” болоход Бумаа заан үеэлдээ баяр хүргэхээр ирсэн байсан.

Энэ өдөр харин түүний төрсөн дүү болох Д.Баатархүү “Улсын аварга малчин” болж байгаа тул ахын хувиар ирээд байгаа нь тэр ажээ. Бумаа заан зочидтой хөөрөг зөрүүлэн мэнд мэдэж, Ж.Эрдэнэбат гишүүн тэргүүтэй хүмүүс гэрт орцгоолоо.

Гэрийн гадуур жаалууд ноцолдож барилдахаас эхлээд чөлөө завгүй харагдана. Харин залуус нь морь мал барьж унаад, Увсын алдарт суран бугуйл адууны толгойд хэн нь тогтоохоо үзэж, уурга даялсан адуучид уяа тойрон багширч байна.

Бумаа заан өөрийн эмээл, хазаар тэргүүтнийг авч ирэн морь зүсэлжээ. Морио унаж, адуу эргүүлэхээс эхлээд улсын заан гэлтгүй тэнд сул хүн байсангүй.

“Монгол Улсын аварга малчин” болсон болсон Д.Баатархүү, гэргий Ц.Пагмын хамт шагналаа хүндэтгэлтэй гардан авч, Монгол Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлэн, цааш уламжилж өгөхийг хүссэн юм.

Улсын аварга малчин Д.Баатархүүд шагналыг нь гардуулав.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Улсын аварга малчин” Д.Баатархүүд шагналыг нь гардуулав.

Д.Баатархүү, Ц.Пагма нар 1994 онд гэр бүл болсноос хойш нэгэн жарны талыг хамтдаа өнгөрүүлж байгаа гэнэ. Тэд Увс аймгийн Тэс суманд мал маллаж байгаад, 2002 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд шилжин ирж амьдраад, 22 жил болж байгаа талаар Ц.Баатархүү дурсан ярьсан юм.

Газрын гарц сайтай, амьдрах орчин нөхцөл боломжийн тул тэд Сэлэнгийн Орхонтуулыг зорин ирж нутагласан байна. Малчин хүний амьдрал малаа дагаж явдаг тул цаг агаарын нөхцөл байдлаа даган, отор нүүдэл хийх явдал бишгүй л тохиолддог байж.

Сүүлийн жилүүдэд ган гачгаас эхлээд байгаль нүүрээ буруулах жилүүд нэмэгдэх болсон тул аль болох эрчимжсэн чиглэлээр малаа өсгөхөөр тэд ажиллаж эхэлжээ.

Ямартай ч 1700 гаруй толгой малтай болсон талаар тэд ярьцгааж байсан юм. Гэрийнх нь урд энгэрийг дүүргэн үүрсэх адуунууд хэн бүхний харааг булаана. Ц.Баатархүүгийнх 600 гаруй адуутай гэнэ. Бумаа заанаас эхлээд хүүхдүүдийнх нь адуу байдаг бололтой.

Сум, аймгийн сайн малчин болж, энэ жил хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, суугуул сайхан нутагтаа “Улсын аварга малчин” болсондоо баярлаж буйгаа хэлж байлаа. Тэрбээр өнөөдрийн энэ шагналын минь 50 хувь Пагмын минь гавьяа шүү хэмээн, гэргийгээ магтахаа мартсангүй. Тэднийх таван хүү, гурван охинтой өнөр өтгөн гэр бүл юм байна. Том хүү нь малчин болж, аав, ээждээ тус нэмэр болж байгаа гэнэ.

Ц.Пагма “Аав, ээж минь малын зах зухтай болгож, өсгөсөнд баярлаж байна. Хань бид хоёр малчин удамтай. Өглөө эрт би цай цүй болж, нөхөр минь малдаа явдаг. Энэ их ажлын хажуугаар хань минь морь уядаг. Сум, бүс, улсад морьд нь сайн давхидаг.

Ер нь мал маллана гэдэг салхи, шуурга, бороо, цас, ган, зудаас эхлээд бэрхшээл их. Тиймээс малчин айлууд цагийн бэрхэд аль алинд нь бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэдгийг хэлж байсан юм.

Багагүй хугацаанд тэднийд саатсаны эцэст бид Орхонтуул сумаас тодорсон “Улсын аварга фермер” Б.Чинтөгсийнх рүү хөдлөв. Цээлийн хөндийг захлан туулсаар Шар ус багт ирлээ. Гар утасны сүлжээ, интернэт гэх зүйл алга. Ийм орчинд хүн яаж амьдарч болж байнаа хэмээн бодох ч эрүүл орчинд, эко бүтээгдэхүүн хэрэглэж, малынхаа үр шимээр сайхан амьдарч байгаа болохоор энэ бүхэн бэрхшээл биш хэмээн Б.Чинтөгс, С.Солонго нар хэлж байсан юм.

Тэд 2008 онд гэр бүл болж, мал маллаж эхэлсэн байна. Хашаанд нь тахиа, шувуу, муур, нохой, меринос хонь, Сэлэнгэ үүлдрийн үхэр гээд байхгүй зүйл алга аа.

Улсын аварга фермер Б.Чинтөгс, гэргий С.Солонгын хамт шагналаа гардан авлаа.
Улсын аварга фермер Б.Чинтөгс, гэргий С.Солонгын хамт шагналаа гардан авлаа.

Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг тул анхнаасаа эрчимжсэн мал аж ахуй эрхлэхээр зориг шулуудан хөдөлмөрлөж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд малынхаа үүлдэр угсааг сайжруулахад анхаарч, малын тоо толгойноос илүү чанарт шилжиж эхэлжээ.

Б.Чинтөгс хоёр туслах малчин авч ажиллуулж, мал тасалж өгч, нийгмийн асуудлыг нь шийдэж, тусад нь гаргасан юм байна. Мөн дахин хоёр туслах малчин авч ажиллуулж, арга туршлагаа харамгүй зааж, хамтдаа урагшилж байгаа талаар зочид нь ч ам уралдан сайрхан ярьж байх юм.

Орон нутагт фермер эрхлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь ажиллах хүчний хомсдол юм байна. Туслах малчнаас эхлээд цагаар, сараар, жилээр гэрээ байгуулан ажиллах хүн олдохгүй амаргүй байдаг гэнэ. Зам харилцаа, гар утасны сүлжээнээс эхлээд шийдээд өгвөл залуус орон нутагт шилжин амьдрах бүрэн боломжтой хэмээн ярьж байлаа.

Б.Чинтөгсийнх 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 200 гаруй толгой үхэр, 700 гаруй бог мал тоолуулжээ. Малын хашаа хороо, фермерийн байраас эхлээд бүх зүйл нь цэмцгэр гэж жигтэйхэн. Зундаа найр наадам хэсээд явах цаг нар ч байдаггүй талаар гэргий нь өгүүлэв.

Хөдөлмөрлөж чадсанаар байгалийн эрсдэлээс эхлээд бэрхшээлтэй бүх зүйлсийг даван туулах чадвартай болсон талаар хэлж байсан юм.

“Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных” гэдэг Цэндийн Чимэддорж агсны шүлэг бидэнд зориулсан хамгийн сайн үг шүү хэмээн ярьцгаах. Гэргий С.Солонго “Монгол Улсын аварга фермер болсондоо маш их баярлаж байна. Бид залуу хүмүүс ч гэсэн аль аль талаасаа малчин удамтай, хөдөлмөрч аав, ээжийн буянаар өнөөдрийн өндөрлөгт хамтдаа хүрлээ” хэмээн ярьж байв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат Засгийн газрын шагналыг гардуулан өгч, амжилт хүслээ. Мөн тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг сонсон, холбогдох хлбаны хүмүүст нь уламжлахаар боллоо.

Б.Чинтулгынхаас бич цагийн эхэнд гарч, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн бригад руу хөдөлсөн юм. Энэ жилийн “Улсын аварга тариаланч” болсон ногоочин У.Эрдэнэсан, гэргий Ж.Алтантуяагийн хамт хүлээж байгаа тул цас бургуулан жаахан эрчимтэй явлаа.

“Шийрийн хөндий”-д тарьсан төмс хамгийн түрүүнд ургацаа өгдөг. Улсын их баяр наадмын дараахан нийслэлчүүд шинэ төмс хүнсэндээ хэрэглэдэг. Тэр нь энэ нутагт, хөдөлмөрч түмний бүтээл, хөлс, хүчээр урган, хэрэглэгчдийн гарт очдог юм.

У.Эрдэнэсан, Ж.Алтантуяа нар 20 гаруй жил төмс тариалж байгаа аж. Тэд гурав дахь үеийн тариаланчид бөгөөд 2004 оноос хойш бие даан төмс тарьж эхэлсэн байна.

Тэднийх 100 га-д зургаан төрлийн төмс, хүнсний ногоо тариалж байгаа аж. 2023 онд 1500 гаруй тонн хүнсний ногоо хураан авч, нийслэлд нийлүүлсэн байгаа гэв.

Өнгөрөгч онд бүрэн автомат усалгааны систем нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ. Мөн 200 тоннын хоёр зооринд хүнсний ногоо агуулан хадгалж байна. 2018 онд Аймгийн аварга ногоочин болсон бол таван жилийн дараа ийнхүү улсын аварга болж байгаа гэсэн юм.

"Улсын аварга тариаланч" У.Эрдэнэсан, гэргий Ж.Алтантуяагийн хамт шагналаа гардан авч буй агшин.
“Улсын аварга тариаланч” У.Эрдэнэсан, гэргий Ж.Алтантуяагийн хамт шагналаа гардан авч буй агшин.

“Улсын аварга тариаланч” У.Эрдэнэсан, Ж.Алтантуяа нарт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шагналыг нь гардуулах үедээ Атрын аянуудын үр өгөөж, Хүнсний хувьсгалын ач холбогдлыг тайлбарлан, цаашид арвин ургац авахын ерөөл өргөлөө.

У.Эрдэнэсангийнд цугласан ногоочид “Өмнө нь өдөрт 2000 мянган төгрөгийн туслах ажилтнууд их байдаг байсан. Одоо өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллуулах гээд ажиллах хүн олдохгүй байгаа талаар хэлж байсан юм.

Орон нутагт ажлын байр хомс гэдэг ч цагаа тулахаар ажиллах хүчин олдохгүй байгаа нь хамгийн том тулгамдсан асуудал болоод байгааг онцолж байв.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу