“Оюу толгой” компанийн ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан талаар ажилчдын төлөөлөл өнөөдөр (2024.02.26) мэдээлэл хийв.

“ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАРАХГҮЙ БОЛ ТЭМЦЛИЙН ДАРААГИЙН ШАТ БУЮУ АЖИЛ ХАЯХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА”

Тэд “Ажилчдын цалин хөлсний дундаж хэмжээг хасах нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад дүрэм, журмыг зөрчиж байгаа явдал. Үнэхээр хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарт компанийн ашиг орлого тодорхой хэмжээнд буучихсан, түүхий эдийн ханшийн үнэ уначихсан зэрэг зайлшгүй шалтгаан байсан бол үүнийг ажилчид хүлээн зөвшөөрөх байсан. Гэтэл өнөөдөр ийм нөхцөл байдал үүсээгүй.

Гэвч “Оюу толгой” компани хоёрдугаар сарын 7-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх шалтгаанаар ажилчдынхаа цалинг 25-30 хувиар бууруулах шийдвэр гаргасан.

Ажилчдын хувьд гэнэтийн энэ шийдвэрээ эргэж харахгүй бол бид тэмцлийн дараагийн шат буюу ажил хаях хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байна. Иймд компанийн удирдлагууд шийдвэрээ эргэн харж, ажилчдын эрх ашгийг хангаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

“ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮРЭЭНД АЖИЛТНЫ АЖИЛЛАХ ХУГАЦАА 25 ХУВЬ БАГАССАН Ч БИД ҮНДСЭН ЦАЛИНГ ХЭВЭЭР ХАДГАЛЖ ИРСЭН”

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан “Оюу Толгой” компаниас дараах тайлбарыг өгөв. Тус компани тайлбартаа “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт”-ийг хэрэгжүүлэх тухай.

2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжин, “Оюу толгой” компани дотоод журам, холбогдох бусад баримт бичгүүдээ хуульд нийцүүлэн өөрчлөн хэрэгжүүлсэн.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд ажилтны ажиллах хугацаа 25 хувь багассан ч бид үндсэн цалинг хэвээр хадгалж ирсэн. Уг шинэчилсэн хуулийн өөрчлөлтийг бүрэн хийлгүй хойшлуулж ирсэн нь Монгол Улсад амьдрах өртгийг тооцоолсноос гадна ажилтнуудад шууд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой байсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт”-ийн дагуу ажилтны нэмэгдэл хөлс тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулах өөрчлөлтийг “Оюу толгой” компани 2024 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Зарим ажилтнууд маань энэхүү өөрчлөлтөд санаа зовниж байгааг бид ойлгож байгаа бөгөөд дээрх журмын хэрэгжилтээс шалтгаалан тэдэнд үзүүлж болох сөрөг нөлөөллийг бууруулах бүхий л арга замыг эрэлхийлж, шийдвэрүүдээ уялдуулан гаргаж байна.

Тиймээс ч үндсэн цалин, уртын ээлжийн нэмэгдэл, хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, өндөр хариуцлага бүхий ажилтны үүргийг орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, нэмэлт ажил гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, шөнийн цагийн нэмэгдэл хөлс, илүү цагийн нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин болон бусад тогтмол нэмэгдлүүдийн хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй, хэвээр үлдэнэ.

Бидний энэхүү шийдвэр ажлын байрны тэгш байдал, ажилтнуудын маань эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулахад чухал нөлөөтэй гэдэгт итгэж байна” гэж мэдэгдэв.

Э.ЭГШИГЛЭН

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу