Улаанбаатар хотод өдөртөө нэмэх хэмтэй байх болжээ. Нийслэлд өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас харьцангуй хүйтэн болсон. Байгаль дэлхий хэзээнээс л хүчирхгээ илтгэх мэт хүссэнээрээ аашилж, хувирсаар өдийг хүрсэн билээ. Түүн дунд бид нийгмээрээ амьдрах аргаа олчих гээд л хичээж явна.

Өнгөрсөн өвөл ч нийслэлчүүд маань хөгөө чирэх дөхсөн дөө. Удирдлагын зүгээс утааг бууруулж, түгжрэлийг багасгах мэргэн санаа олж, түүнийгээ гэнэт л нэг өглөө баруун, солгойгүй туршиж эхэлсэн.

Зүүдлээ ч гүй байтал нэг өглөө ажилдаа явтал автобусны чиглэл нь ор мөргүй алга болчихсон. Тэгээд хотоор дүүрэн өөртэйгөө адилхан хүмүүс алхаж байгааг харсан. Мөн ажлаа тараад, машиндаа бензин авах гэтэл дуусчихсан байсан. Бүр бүх шатахуун түгээх газарт шүү. Ингээд л бидэнд өмнөх жилүүдээс илүү хүйтэн бус, илүү уур бухимдал л ирсэн дээ.

Нийслэлчүүд маань бухимдахаараа тамхи татаж, шар айраг уудаг болсон юм билээ. Хэсэг алхаад автобус ирэхгүй болохоор шантарсан уу, булан эргээд тамхи татна. Ганцаараа, хоёулаа, бүр олноороо… Хачирхалтай нь, тэр булан тохой бүрд хогийн сав байхгүй шүү дээ.

Өвөл овоолсон цасанд янжуурын ишээ шигтгэж орхиод, цааш явна. Ядахад гудамж талбайн цасыг цэвэрлээд, тэр дор нь ачаад явчих техник бараг л байхгүй. Овоолж болох л газар байвал овоолоод орхичихно. Авто замын цас ч бай, явган хүний замын цас ч бай нэг тал руу нь овоолж орхиод л бол оо. Өвлийн туршид цасан өмсгөлтэй цав цагаан хот байлаа.

Одоо харин өнөөх л тохиолддог олон гэнэтийн өдрийн нэг нь гэхэд хилсдэхгүй.

Замын хажуугаар тарьсан бут болгоны доороос бидний өвөлжин татаж хаясан тамхины иш, хэн нэгний бөөлжис, нойлын цаас гарч ирлээ. Цагаан цасанд булж орхисон хотынхны үнэн төрх ил болно. 

Автобусны буудал, гудамжны үзүүр, булан тохой бүрд бий болж буй хур хог. Хогийн сав хаа сaйгүй, тамхины иш мэт байсан бол бут болгоны ёроолд үүсээ ч билүү, үгүй ч билүү гэж бодох шиг.

Хамгийн хачирхалтай нь, цасан доороос гарч буй эдгээр хур хогон дунд иргэн бүр айж эмээх зүйлгүй алхаж явна гээч. Нэг буудал, хоёр буудал, гурван буудал… бүх л газар хог хөглөрч байхад бид ажрахгүй алхсаар л…

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу