Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Шагдарын Дулмаа 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын уран зохиол, соёл, урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо. 

Түүнийг үүрд сануулан мөнхөлсөн хүнлэг энэрэнгүй сэтгэл мэт шүлэг уран бүтээлээс нь онцлон хүргэж байна. 

Бүсгүй

Харцуулын бяр заасан чадал тэнхээг бишрэн
Хамгийн энгийн агаад гүндүүгүй чанарыг нь дээдлэн
Хан уул шиг ноён нуруугий нь түшиж
Хайлган зангаар уяраан эрхэлж суух гэж
Уяхан дуу аялж туяхан биетэй төрсөн
Урт сайхан гэзэг, гоолиг нуруутай заяасан
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “Дар эх”
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас,
Тэгшхэн заяатай айлын хугаршгүй нэгэн нуруу нь
Тэнгэрлэг сайхан амьдралын хугаршгүй нэгэн багана нь
Хонгор бяцхан үрсдээ өрлөг дагина эх,
Хосгүй янаг ханьдаа үүрд туяарах дэнлүү!
Хотол түмэн арддаа үйлсийн уран эзэн
Хорвоо дэлхийн цээжинд үнэнийг дуулах эгшиг
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “Дарь эх”
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас.
Хүүхнүүдийн хайр, дөлгөөн харцгүй бол
Хүний орчлонгийн жаргал юу байхсан билээ
Хүүхнүүдийн халамж эхийн сэтгэл үгүй бол
Хүүхдийн зүрхэнд өлгийн дуу хэн аялахсан билээ
Эргэх хорвоод хүн болж төрөхдөө
Эхийн бүүвэйг анх сонссон үрс
Уужим гүн орчлонгийн уянгыг тэгж мэдрэхдээ
Унтахдаа хүртэл үнэгчлэн мишээдэг бус уу
Өргөө гэртээ асаасан гал голомт нь өөдрөг
Өр зүрхэндээ дээдэлсэн хайр сэтгэл нь үнэнч
Төр улсдаа өргөх үйлс нь ариун
Түмэн олондоо аялах эгшиг дуу нь уянгалаг-
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн Дар эх
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас
Мишилзэн дуниарах талимаанд нь ган төмөр ч Уясах
Мэлмэрэн дуслах нулимсанд нь “галзуу” барс ч уярах
Байгаль эхээс заяатай гоо тансгийн охь,
Баяр жаргалаас уяатай гоё сайхны од,
Бүсгүй хүн-хорвоо дэлхийн уянга
Бөхөшгүй амьдрал хайрлах хоёр “туйлын” нэг.

***

Хүүгийн эцэгт бичсэн захиа

Хорин насныхаа босгон дээр золгон уулзаж танилцсан
Хонгорхон зүрхээрээ анх хайрын бал амталсан
Хүүгийн аав, эрхэм хүн таныг
Хүндэтгэн дурсаж энэхүү захидлыг бичиж байна.

Өнөөдөр хүү чинь арван найм хүрч
Өөртэй чинь адилхан, ханхар эр болжээ
Эх орондоо тангараг өргөн цэрэгт мордож
Эрийн цээнд хүрч алсын моринд дөрөөлөв
Яг л энэ өдөр чамайг би дурсаж
Янаг сэтгэлийн хайраар цалгиж явснаа санаж
Залуугийн чинь царайтай ав адилхан хүүгээ харж
Захидал бичиж суунаа, хүүгийн аав чамдаа!
Хоёр даалимбан дээлнээс өөр сольж өмсөх хувцасгүй
Хоногтоо л ганцхан олддог лавшаанаас өөр хоолгүй
Хотын нэгэн дүүрэгт ядуухан оюутны амьдрал
Хомсхон байсан цагт, чи намайг орхиж
Гэрээр дүүрэн хивстэй баян айлын охиныг
Гэргий болгож аваад алс нүүж билээ
Гэм зэмгүй мөртлөө бөөн гуниг өвөрлөсөөр
Гэнэтхэн бид хоёр хаягдан үлдэж билээ
”0пель” дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуурч
Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи!
Одоо түүнээс хойш сар жил өнгөрөн
Орчлон дэлхий эргэсээр олон намрыг үджээ
Энэ олон жилд хүүгээ чи эргээгүй ээ!
Энхрий бяцхан түүнийхээ турьхан биеийг тэврээгүй ээ
Элэг нь эмтэрсэн үрийнхээ уйлан гунихыг үзээгүй ээ
Эцгээ гэж дуудах шингэн дуугий нь сонсоогүй ээ
Анх чамайг явахад гуравхан настай байсан ч
Ааваа гэж үгүйлсээр арван хэдэн жил болов
Аавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрч
Арван таван намартай аанай бас золгов
Хүнийх болон одож, сэтгэл буруулсан чамд
Хүү чинь саналаа гэж, хэлж би зүрхлээгүй ээ!
Хүүхнүүд шиг бас мөнгө горилон заалдаж
Хөөрхий чамайг зовоож, нэхэл дагал болоогүй ээ!
Сайхан амраг хувирдгийг зүрхээрээ тэгэхэд амсаж
Сартай шөнөдөө нойргүй уйлан суудаг байлаа
Салаа замын уртад цөхрөн хүлээж суугаад
Санаа бодол үймрэн дэн дун явдаг байлаа.
Yүрийн цолмон шиг гоо сайхан бүсгүйтэй ханилсан гэж
Yеийн хүүхнүүд ярихад, атаархан хорсож байгаагүй ээ
Yйлээ дагасан сэтгэлдээ гуниг зовлон тээж
Yрээ гэсэн хайраар хүүгээ л гэж явлаа.
Хэдэн хүүхнээс салсан гэж олны яриа сонсоод
Хэлтгий гишгэсэн чамайг өрөвдөн санадаг байлаа
Хээнцэр ганган юманд нүд хууртсаныг чинь бодоод
Хэвтэртээ хүртэл би гомдон уйлдаг байлаа
Хүний сайхан аавууд үрээ хөтлөн явахад
Миний бяцхан хүү ганцаараа торойн гүйж
Сайн хүн болно гэж ээждээ эрхлэн хэлээд
Сургуулийнхаа зүг, уруу царайтай алхдаг байлаа.
Бид хоёрын амьдралыг хэзээ ч чи мэдээгүй болохоор
Бие сэтгэлээ барьж өдий хүрсэн ч гэсэн
Орчлонд эр хүн болсон хүүгээрээ бахархаж
Одоо би чамд сүүлчийн зурвас бичиж байна.
Эргэн санах нас
Хөгжилтэй сайхан хотын төвийн нэгэн дүүрэгт
Хөөрхөн бор гэр дандаа л галтай байдагсан
Аавын хийсэн хоолыг чи бид хоёр
Амтархан идэж суудаг сан, санаж байна уу, чи?
Гурван есийн жаварт хөвөнтэй цамцтай гүйж
Гудиггүй бас чи, намайг гарахыг хүлээж
Давтлага тарав уу үгүй юу хоёулаа хөтлөлцөн явж
Дандаа л чи надтай тоглон эрхэлдэг байсаан!
Хаврын сүүлч болоход сургуулъ маань ч тарж
Хаа хол газраас мориор чи ирж,
Ээж аав хоёр ч баяр хөөр болж
Элэг бүтэн жаргалын сайхан бүхнийг амсаж
Хос морьд унан сумын наадамд давхиж,
Хоолтын өндөр даваагаар уралдан гарч байсан
Хосгүй сайхан дуртгал зүрхнээс минь гараагүйг
Холдож одсон чи минь эргэж нэг санаарай!
Залуу насныхаа хайрыг энэхүү орчлонд амталж
Жаргал гэдгийг үзсэн ид хорин насандаа
Сайхан хүүтэй болж хөөр баяраар дүүрэн
Цайлж суусан шүү дээ, тэр нэгэн өдөр!
Хүний орчлон тэгэхэд хүй их жаргалаа
Хүслээр учирсан надад, харамгүй өгсөн мөртлөө
Ямар гуниг зүрхэнд минь орхиж
Яасан билээ дээ, чи минь!
Хорин насны минь босгонд дэндүү жаргал хайрлаад
Хожим нь харин намайг гэнэдүүлж их хуурсан
Хорвоогийн энэхэн амьдрал эрээнтэй бараантай гэдгийг
Хожимдсон ч гэсэн чамд эргэн яримаар байна…
Хүний эдлэх жаргалыг амсана хэмээн итгэж
Хүж их дэлхийн дов сондуултай амьдралыг
Хөнгөн залуу нас минь ухаарч гүйцээгүй байжээ
Анхны ариун хайрын онгон охииг амталж
Алаг үр тэвэрсэндээ сэтгэл өегшин сууж
Аав нь үрээ орхидог гэж зүүдлээгүй явсан
Анхил залуу нас минь эргэж ирэхгүй одсон ч
Эмзэглэн уярах зүрхний үнэн үгийг хэлж
Энэ л нэгэн захидлыг өмнө чинь би дэлгэе!

***

Чиний гарыг чичрээгүй гараар барьж чадна

Чиний гарыг чичрээгүй гараар барьж чадна
Чиний дэргэд чиглэн харалгүй сууж би чадна
Чамайг хараад энгийн танил шиг байж чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна

Чиний нэрийг хайш яйш дуудаж би чадна
Чиний харцыг хээгүй харцаар хариулж чадна
Чамд өгсөн хайраа буцааж би чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна

Чамтай би юухэн хээхнийг ярьж би чадна
Чам уруу очих замд ногоо ургахыг тэвчиж би чадна
Чамайг хүнтэй явахад зам тавьж өгч чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна

***

Амьдралаа, би чамаас дандаа сайныг горьлохгүй
Алаг эрэн хорвоо наян тvмэн бартаатай
Тэмцэлгүй жаргал гэж байдаггүй болохоор
Тэрнээс гажууд явахыг би ч гэсэн хүсэхгүй ээ…..

***

Март даа намайг

Март даа чи намайг бүр март
Магадлан дурсч санах хэрэггүй
Угтах ирээдүй жаргалтай сайхан ч
Учрах жаргал заяахгүй бол яана Сайн ч хүн, сайхан ч хүн гэж
Санан дурсан бодож явна, би
Надаас болж зовбол яана чи
Найдвар гэдэг баталгаа биш шүү дээ
Үзээгүй жаргалаас, үзсэн зовлон
Үнэндээ дээр байж ч мэдэх юм
Аз жаргалыг чинь зовлон болгож
Алаг зүрхийг чинь эзэмдэв үү би
Сайны ерөөл өргөн дэвшүүлээд
Салахын золвонгоор чамайгаа жаргаая
Ухаант нүдэнд чинь тунасан гунигийг
Улирах цаг мөч ариусгах болтугай
Март даа чи намайг бүр март
Маргааш би холын хол явна
Эргэж мөддөө би ирэхгүй шүү
Эгээрэл хүслээс чи салахгүй шүү
Хүсэл дурлалдаа шунан автагдаж
Хүний жаргалыг эвдэж би чадахгүй
Өрөөлийн жаргалыг хэвээр үлдээж
Өрөвчхөн зүрхэндээ нууцхан зовъё доо
Хэзээ чюм, хожмын нэгэн цагт
Хэрэх замын уулзварт тохиолдвол
Жаргал гэрэлтсэн царайг чинь хараад
Жамыг хүндэтгэж баярлах болноо, би

***

ЧИНГИСИЙН ТАМГА

Эзэн Чингисийн тамгыг зуун дамжуулан эрээд
Эртний монгол газраас эдүгээ хүртэл олоогүй
Чин үнэнийг өгүүлэхүй
Чингисийн тамгыг эрээд яана
Нутаг. эзэн хоёртоо л
Нуугдаж үлдсэн юм чинь
Туурайт сүрэг шийрээрээн тамгалдаг
Туургат гэр бууриараа тамгалдаг
Тусгаар тогтнол хилээрзэн тамгалдаг
Туг сүлд нь улсаан зарладаг

Чингисийн тамга монголдоо л бий
Цэнхэр униарт нутагтаа л бий
Зулын бүдэгхэн гэрэл, еөхөн дэнгийн анивчаанд
Зуун найман ботийг барлаж хэн чадлаа
Зууханд улалзах галын зүмбэр улаан делөнд
Зургийн гоо дарь эхийг амилуулж хэн чадлаа

Чингисийн тамга монголдоо л байгаа
Чилээрхэж туурвисан мэргэдийн оюун ухаанд байгаа
Догшин хар сүлдзн дор ертөнцийн талыг хурааж
Домгийн найман шарга газарт буусан түүхтэй
Есөн хөлт цагаан туганд дэлхий бөхийн сөгдөж
Ер бусын тавилангаар дээвэр дороо цугларсан

Тамгат төрийн алтан ураг
Та бид байгаа бус уу?

Хүй дарсан газар-орчлонд мэндэлсний минь тамга
Хүүхэд ахуйн минь хөх толбо-онгон сахиусын тамга
Хүн нь хүртэл тэнгэрийн тамгатай тердөг улс гүрэн
Хөрст энэ дэлхийд өөр хаана байна?!

Чингисийн тамга монголдоо л бий
Чиний, миний, таны цусанд бий
Их эзнийхээ тамгыг зуун дамжуулан эрээд
Энэ монгол газраас эдүгээ хүртэл олоогүй,
Хөрст газраан бусдаар тандуулан, шинжүүлэн
Хөх монголын нутгийг “буулгах” шахан хайлаа

Больцгооё та минь эрэхийн хэрэггүй
Богд эзний тамга- Их монголын нэрэнд бий
Эсгий гэрийн бууринд бий
Эх орны шороонд бий
Эзэн бидний зүрхэнд бий

***

Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна

Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна 
Эх дэлхий эргэх бөмбөрцөг дээр
Энд тэндгүй, ээвэр газрын тохойд
Хар цагаан олон үндэс угсааны
Хайрын дээд, хүний ертөнцийн цэцгүүд
Элс, шавар, мод, төмрөөр
Энд тэндгүй, эрт оройгүй тоглож л байна
Зарим нь сайхан барилгууд ярайтал барьж
Захад нь бас төмөр зам тавьжээ
Хойд хэсгээр нь мод тарьж
Хотныхоо дунд цөөрөм байгуулжээ.
Гар, ухаан, хүч, хөдөлмөрөөрөө
Гайхамшигтай сайхнаар барьж босгосон
Хүүхдийн энэ хотуудыг тайван байлгая
Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна!

Ноёдоо наана чинь хүүхэд тоглож байна
Номин талд ч, таны ордны дэргэд ч
Хөөрхөн гараараа, хөнгөн ухаанаараа
Бүхэл өдөржин ядрахаа мартан
Та бидний голомтыг залгах
Танхилхан үрс тоглож байна
Танай хүү цэцэрлэг дунд тоглож байхад
Миний хүү цэлгэрхэн талд бас л тоглож байна.
Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна.

Варшав, Лондон, Парис, Дели
Вашигтон, Москва, Праг, Токио
Бээжин, Улаанбаатар, Ханой
Берлин, Пхнеьян, Нью-Иорк аль нь ч гэсэн
Газар сайгүй, гадаа гэртгүй
Тоодон дээлтэй, тормойсон нүдтэй
Шар, хар, цагаан арьстан
Сая сая хүүхдүүд, та бидний хойч
Энэ бөмбөрцгийн эзэд
Эгэл түмний үрс
Тоглож л байна, тоглож л байна
Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна!

Хөрст газар – эх дэлхий дээр минь
Хүүхэд тоглоогүй өнцөг булан бий гэж үү!
Хонгорхон үрс жаргалын цэцгүүд
Хорвоо дахины хойч үе
Хаана ч гэсэн тоглож л байг!
Харин та минь битгий цочоо!
Булбарайхан гараараа хийсэн бүхнийг нь
Бутарган сарниулах зүрхтэй хүн энэ дэлхийд бий гэж үү
Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна!

***

Эргэн санахуй

Дурлал хайрын балнаас онгон зүрхээр амтлан
Дулаан бүлээн харцанд чинь уусан алдарч явлаа л
Алаг нүдний чинь талимаанд нуурын хун шиг жаргаж
Ассан хайрын илчинд сэтгэлээ өлгийдүүлж байлаа л
Он жилүүдийн буурал тоосон дундаас эргэж нэг санахуй
Онгон тэргэл насандаа цалгиж явсан байна шүү
Орчлонгийн тэрхэн зайд хос сүүдэр унаган
Одтой ханьсан зогссон шүтээн минь чи байж шүү
Хайртай бүхэн ханьсдаггүй салгуу замын уулзвараас
Харууслын мананд төөрч өнчин зүрхээр гансанрсан
Халуун залуу цагийн минь өнө холын дурдатгал
Хатууг ухааруулсан хорвоод шүлгэн нулимс л болж дээ.

***

Торгон хил
Торгон хил гэдэг

Нас биеийг минь тэтгэсэн

Нарны дулаан илч юм

Намтар түүхийг агуулсан

Нарлаг нутгийн минь хязгаар юм

Торгон хил гэдэг

Цэнхэр униарт талын минь

Цэцэгсийн түмэн түрүү юм

Цэнгэл баяр хурсан

Цэцэн ардын минь өлгий юм

Торгон хил гэдэг

Мөнгөн цацлага хаяласан

Мөрөн голын минь долгио юм

Мөнхөд дээдлэх түмний

Мөрөө үлдээх талбар юм

Торгон хил гэдэг

Морин туураар тамгалсан

Түмэн сүргийн бэлчир юм

Монгол хэмээн дуурссан

Түрлэг дууны айзам юм

Торгон хил гэдэг

Эрх чөлөөт ардын минь

Эх орноо гэсэн сэтгэл юм

Эр цэргийн хүний

Эрхэмлэн өргөсөн тангараг юм

Тийм болохоор хилчин

Тэнгэрлэг орныхоо мэлмий юм

Тэнгэр газраа өмгөөлсөн

Тэнхээ чадалт баатар юм

Мөн түүний зохиосон “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй”  шүлгүүд нь дуу болж  ард түмний дунд хагас зуун жил дуулагдаж, цаашид ч эгшиглэх бизээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу