Азийн Хөгжлийн Банк (АХБ) -наас жил бүр эрхлэн гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайлан болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг өнөөдөр (2023.04.04) танилцууллаа.

Энэхүү танилцуулгад манай улсыг “цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийн мөчлөгт шилжиж байгаа”-г онцолсон юм. Тодруулбал, эдийн засгийн гол түншлэгч БНХАУ-ын эдийн засаг нээлттэй болж, ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, дотоодын эрэлт сэргэсэнтэй холбоотой гэж үзжээ.

“Монгол Улсын  эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбаруудад үзүүлж буй эерэг нөлөөгөөр:

  • 2022 оны эдийн засаг 4.8 хувийн өсөлтөөс сэргэж,
  • 2023 онд 5.4 хувь,
  • 2024 онд 6.1 хувиар тус тус өсөх хүлээлттэй байна”.

Монгол Улсын эдийн засаг сэргэх замдаа ороод байна

Дэлхий дахиныг хамарсан цар тахал болон Орос, Украины халдлага зэрэг гадаад орчноос нөлөөлж Монгол улсын эдийн засагт гурван жилийн турш хүндрэл учирсан.  Гэвч экспортын эргэлт сэргэсэн болон хямралын эсрэг хэрэгжүүлсэн бодлогын хариу арга хэмжээний нөлөөгөөр эдийн засаг сэргэх замдаа ороод байна” гэж АХБ-ны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч  Эдуард Фавэр хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.

Цаашид жилийн дундаж инфляцын түвшин буурна

Эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгохын тулд өсөлтийн түвшинг хадгалахын зэрэгцээ өндөр инфляцыг бууруулах зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ. Цаашид бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буурахтай уялдан жилийн дундаж инфляцын түвшин 2023 онд 10.9 хувь, 2024 онд 8.7 хувь болж буурахаар байна. Гэвч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах болон дотоод эргэлт нэмэгдэх нөлөөгөөр инфляц төв банкны зорилтот түвшин болох 6 хувиас өндөр хэвээр байх төсөөлөлтэй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу