Ипотекийн зээлийн хөтөлбөрийг энэ онд багтаан Засгийн газарт шилжүүлэх талаар Монголбанкнаас мэдээлж байсан билээ. 

Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Жилд 500 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээл гаргахаар бид төлөвлөж, олон улсын байгууллагуудтай ярилцаж байна. Дэлхийн банктай ч санал солилцож байгаа. 

Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр бид анхаарч ажиллана. Энэ хүрээнд 2027 онд багтаагаад 82 мянган орон сууцыг барьж, эдгээрт ипотекийн зээлийг олгоно гэж төлөвлөж байгаа. 

Нөгөө талаар бид ипотекийн зээл олгохдоо анхааралтай хандахгүй бол барилгын материалын дийлэнх хэсгийг импортоор оруулж ирдэг учраас валютын нөөцийг сороод байгаа юм. Жишээ нь, арматур оруулж ирэхийн тулд жилдээ 200 сая төгрөгийг гадагшаа урсгадаг. Тэгэхээр бид ипотекийн зээлээ хөгжүүлэхийн зэрэгцээ валютын нөөцдөө анхаарах хэрэгтэй. Үүний тулд дотоодын барилгын материалын үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай байна. 

Ипотекийн зээлийг олгохдоо эдийн засгийн чадавхтай уялдуулах ёстой гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол инфляц хөөрөгдөж, их хэмжээний валют гадагшаа урсана. 

Мөн хөдөө орон нутаг руу, эсвэл гэр хороолол руу чиглэж, ипотекийн зээлийг олгоно. Орон нутагтаа очиж ажиллая, тэнд орон сууцтай болъё гэвэл зээл олгоно. Эсвэл гэр хорооллын айлууд гудамжиндаа дахин төлөвлөлт хийлгэе гэвэл ипотекийн зээл олгох байдлаар зохицуулахаар төлөвлөж байна.

Ингэж зохицуулахгүй бол хөдөөнөөс нэг хүн ирээд Улаанбаатарт ипотекийн зээлээр байр аваад байвал хүн амын төвлөрөл, урсгал дуусахгүй” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу