АНУ-ын хууль сахиулах албаныхан өнгөрсөн Бямба гаргийн орой Доналд Трампыг буудсан сэжигтнээр Томас Мэтью Круксын нэрийг зарлажээ. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч өнгөрсөн Бямба гаригт сонгуулийн сурталчилгааны уулзалт дээр Трампыг буудаж, Нууц албаны мэргэн буучдын гарт амиа алдсан, Пенсильвани мужийн оршин суугч, 20 настай залуугийн талаар мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч асан Дональд Трампыг буудаж, амийг нь хөнөөхийг завдсан хэрэгт сэжиглэгдсэн этгээд сонгуулийн сурталчилгааны цуглаан болсон газраас холгүй орших Питтсбургийн захад амьдардаг байжээ.

Холбооны мөрдөх товчооны албан тушаалтан Бямба гаригийн орой гэмт этгээд юуны учир нэр дэвшигч рүү гал нээсэн шалтгаан хараахан тогтоогдоогүй байгаа талаар мэдээлсэн байна.

Сэжигтний аав Мэттью Крукс өнгөрсөн Бямба гаргийн орой CNN-д “ямар чөтгөр нь болоод байгаа”-г олж мэдэхийг хичээж буйгаа хэлжээ. Хууль хяналтын байгууллагынхан Круксын амьдардаг байшин орчмыг хяналтад авч, ойролцоох уулзвар дээр цагдаагийн машинууд байрлаж, цагдаа нар ойр хавиар нь эргэлдэж байсан аж.

Сэжигтэн этгээд “Бетел Парк” ахлах сургуулийг 2022 онд төгссөн талаар сургуулийн ажилтан KDKA телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаад, мөрдөн байцаагч нартай хамтран ажиллахаа мэдэгджээ. Крукс 2022 онд математик, шинжлэх ухааны чиглэлээр шагнал авсан оюутнуудын нэг байсан талаар тухайн үед “Tribune-Review” сэтгүүлд бичсэн байсан аж.

Крукс Пенсильвани мужид Бүгд найрамдах намын сонгогчоор бүртгэгдсэн байсан ч ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөсөн өдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 20-нд улс төрийн хороонд 15 ам.доллар өгсөн гэж холбооны сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тайланд дурдсан байна. Крукс өмнө нь эрүүгийн ямар нэгэн хэрэгт холбогдож байсан гэх бүртгэл олдоогүй аж.

Холбооны мөрдөх товчоо Трампыг буудуулснаас хойш хэдэн цагийн дараа, Ням гаргийн өглөө сэжигтний талаар мэдээлсэн байна. Эрх баригчид сэтгүүлчидтэй уулзахдаа сэжигтэн этгээд Крукс мөн эсэхийг батлахын тулд ДНХ-гийн шинжилгээ хийж, бусад аргуудыг ашигласан талаараа мэдээлжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн, хэргийн талаар сайн мэдэх хүн “Хэргийн газраас хууль сахиулах байгууллагынхан AR загварын винтов буу олсон” гэж мэдээлсэн байна.

Трампын уулзалт болсон газраас авсан арав гаруй видео, гэрэл зураг, мөн хиймэл дагуулын зургуудаас буудсан этгээд экс ерөнхийлөгчийн үг хэлж байсан тайзан руу ойртож чадсан нь харагджээ.

Мөн Трампын жагсаал болсон Батлерийн хойд талд байрлах “AGR International Inc”-ийн барилгын дээвэр дээр хөдөлгөөнгүй хэвтэж буй хүний дүрс дүрс бичлэгт бичигдэн үлдсэн байна. Эл газар нь Трампын үг хэлж байсан газраас 150 метр (164 ярд) хүрэхгүй зайд байсан бөгөөд буутай этгээд байг төвөггүй онож чадахуйц зайтай байжээ.

Хууль сахиулах байгууллагын хоёр ажилтан “Associated Press” агентлагт “Мөрдөн байцаагчид зэвсгийг Кроксын эцэг нь дор хаяж зургаан сарын өмнө худалдаж авсан гэж үзэж байна” хэмээн ярьсан байна. Холбооны агентууд Томас Крукс бууг хэзээ, хэрхэн олж авсныг тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдэгджээ.

Пенсильвани мужид болсон уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ыг буутай этгээд хөнөөхийг завдсан үйл явдлыг орон нутгийн телевизийн сувгуудаар цацсан байна.

Улстөрчийн Батлер хотод дэмжигчиддээ хэлсэн үг хэдхэн минут үргэлжилсэн бөгөөд хууль бус цагаачлалын асуудлын талаар ярих үеэр гэнэт буун дуу сонсогдож, тайзан дээр байсан Трамп чимээгүй болж, гараа чихэндээ наан, бие хамгаалагчид нь түүнийг тойрон зогсжээ.

Хэдхэн минутын дараа хамгаалалтын албаныхан экс Ерөнхийлөгчийг дагуулан явах үед Трампын баруун чихнээс нь цус гоожиж байсан аж.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Стивен Чунийн мэдээлснээр, улстөрч Пенсильванийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд чихэндээ буудуулж, их хэмжээний цус алдсан байна.

“BNO News” порталд мэдээлснээр, экс ерөнхийлөгч хэдийнэ эмнэлгээс гарчээ. Тэрбээр удахгүй Висконсинд болох Бүгд найрамдах намын Үндэсний их хуралд оролцохоор төлөвлөж байгаа аж.

Нууц албаныхан Трампыг буудсан этгээдийг устгажээ. Уг үйл явдлын улмаас сонгуулийн цуглааныг сонирхож байсан нэг үзэгч амиа алдаж, хоёр хүн хүнд шархадсан байна.

Байден Трампыг эдгэрэхийн төлөө залбирч байгаа ч “Энэ явдлыг улстөрчийн амь насанд халдах оролдлого гэж нэрлэх хангалттай баримт хараахан байхгүй байна” гэж хэлжээ. Тэрбээр дараа нь Трамтай утсаар ярьсан байна.

Пенсильванийн цагдаагийн газрын мэдээлснээр, тус хэлтэс халдлага үйлдэгчийн хамсаатан байж болзошгүй хэмээн үүэж, мэдээллийг хайж байгаа аж.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналт, хариуцлагын хороо экс Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг оролдсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлж, шүүх хурлыг долдугаар сарын 22-нд хийхээр товлосон байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS, ARISA NEWS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу