ХОЛЫН ХҮНИЙ ХАРАА ХУРЦ

Сэтгүүлч Ш.Содномжамц

Хаврын сарын дундуур амин хувийн ажлаар Швейцарын Женев хотыг зорьж, хүүхдүүдтэйгээ уулзан, хөгшин Европоор сар гаруйн хугацаанд амарч аялав. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас өглөө эртлэн хөөрч, Туркийн Стамбул хотын нисэх буудалд хоёр цаг амсхийгээд цааш дөрвөн цаг орчим нисээд Женевийн нисэх буудалд газардав. Стамбул хот манайхаас таван цаг, Женев хот долоон цагийн зөрүүтэй тул цагийн зөрүү, өдөр, шөнө тэнгэрийн уудамд өнгөрч таарав.

Хоёр улсын бум бужигнаж, түм түжигнэсэн нисэх онгоцны буудал дамжиж, арван хэдэн цаг нисээд зорьсон газраа саадгүй ирэв. Женевт урьд орой нь бага зэрэг бороо орсон, цаг агаар гэж ёстой янзтай сайхан. Орон сууцны гурван давхрын тавцанд агаарлаж, хавь орчныг ажиглаж суухад нэн таатай.

Женевт тавтай морил

Женев хотын энэ хэсэг голдуу орон сууцны хороололтой, гэхдээ манайх шиг шавааралдсан өндөр өндөр байшингүй, мод зүлэг, цэвэр сайхан орчинтой, дуу чимээ багатай, амар жимэр юм. Ер нь Женевийг хөгшчүүдийн хот, дүнсгэр хот, хүмүүс нь яаж амьдардаг байна гэх зэргээр бусад хотынхон, тэр дундаа залуус нь хэлдэг гэсэн.

Энэ дүүрэг нь хотынхоо төвөөс жаахан зайтай, харин нэг онцлог нь хэдхэн алхаад Францын хил рүү орчихдог юм байна. Женевт очсоныхоо маргааш өдөр нь ойр зуурыг сонирхон гудамж, талбайгаар орж явахад олон өнгийн харандаа босгож байршуулсан, трамбай, автобусны нэгэн содон уулзвар таарсан юм.

Энэ уулзвар нь Швейцар, Франц улсын хилийн зааг юм.

Гэтэл замын тэр уулзвараас л Францын хил эхэлдэг аж. Бид хоёр ч түүнийг анзаарсангүй, нэг улсын хил даваад нөгөө улс руу орсноо ч мэдсэнгүй. Хилийн шалгалт, хяналт ч гэж үгүй юм. Уулзварын ойролцоо Франц улсын далбаа мандуулсан нэг авсаархан байшин харагдсан. Тэр нь хилийн хяналтын байр бөгөөд нэг үгээр тэнд дүүргийн засаг захиргааны нэгж нь байрладаг юм байна.

Маргааш нь трамбайд суугаад Женев хотын төв рүү орж үзлээ. Хоёулаа гурав гурван швейцар франкаар киоск машинаас билет аваад суув. Энэ билетээр нэг цагийн хугацаанд трамбай, автобусны аль нэгэнд нь сууж, хэдэн ч буудал явж болох аж.

Женев хот нь амьдрахад хамгийн тааламжтай хотын нэгд тооцогддог ч бас дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг гэгддэг. Тус хот нь метро, автобус, трамбай, такси, хурдан галт тэрэг гээд нийтийн тээврийн хэрэгсэл олонтоо ч хагас, бүтэн сайн өдөр хөл ихтэй байдаг аж. Нэг хүн гурван швейцар франкаар трамбайн билет аваад хотоор нэг цаг явах боломжтой. Манайхаар нэг швейцар франк нь бараг дөрвөн мянган төгрөгтэй тэнцэнэ гэвэл гурван швейцар франк нь 12 мянга орчим төгрөгтэй дүйнэ гэсэн үг. Нэг цагийн хугацаа хэтэрч, дахиж билет авалгүй яваад гай дайрч шалгалт таарвал зуун франкаар торгуулж ч мэднэ. Хууль дүрэм нарийн, сахилга хариуцлага, ёс зүй өндөр ийм газар дүрэмгүй мэтээр дураар аашлах аваас ногдох торгууль шийтгэл нь тун чанга юм.

Хотын соёл замаас эхэлнэ

Женев хот нь Рон гэдэг нарийн цутгал гол Женев нуураас салдаг хэсэгт байрладаг бөгөөд Швейцарын 26 муж буюу кантоны нэг болох Женев кантоны нийслэл нь юм. Женев нуурын захын баруун, зүүн эргээр дэлхийд алдартай том том зочид буудлууд эгнэх агаад хэдийгээр хавар эхэлж, өдөртөө 12-15 хэмийн дулаантай байгаа ч хүмүүс нуурын эргийн усанд шумбаж, завиар зугаалж, зарим нь нуурын эргийн элс хайрга, наран шарлагын сандлууд дээр унтацгааж, хоол унд идэцгээнэ. Ер нь эндхийн хүмүүс гудамжинд сууцгаан ташаалтай нь аргагүй хооллож, дарс шимцгээн хөөрөлдөх аж. Пурхийх шороогүй, сэрхийх салхигүй, гудамж талбай нь цэвэрхэн болохоор хаана ч суугаад хооллож, ярьж хөөрөхөд санаа амар юм.

Женев нуурын эрэг

Тэр өдөртөө Женев хотын төвөөр баахан алхаж номын дэлгүүр, хуучин номын худалдаа, алдарт швейцар шоколад, брэндийн дэлгүүрүүдээр орж нүд хужирлахын зэрэгцээ аз таарч Үдэсний музейг нь үнэгүй үзэж амжив.

Энэ дашрамд та бүхэнд Швейцар улсын тухай зарим нэг баримт дуулгая. Швейцар нь холбооны улс бөгөөд нийтдээ 7.5 сая хүн амтай, 41,285 ам дөрвөлжин км газар нутагтай, далайд гарцгүй орон юм. Тус улсад нийслэл гэж байдаггүй бөгөөд хуулинд нь ч заагаагүй байдаг аж. Гэхдээ холбооны улсын Засгийн газар нь байрладаг Берн хот нь тус улсын де факто нийслэл хот, харин Женев, Цюрих хотууд нь эдийн засгийн гол төвүүд аж.

Швейцар улс нь Герман, Франц, Итали, Австри, Лихтенштайны вант улстай хиллэдэг. Дэлхийн олон хэлтэй улсын нэг бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг байна. Энд Олон улсын улаан Загалмайн нийгэмлэг, Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Европ дахь хоёр томоохон төв байр байрладаг. Тус улс нь эртнээс төвийг сахиж ирсэн уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш дайнд оролцож байгаагүй, дайн байлдаан, улс төрийн тэмцлийн хөлөөс хол хөндий явж ирсэн улс юм.

Түүх сөхвөл Швейцарын латин нэр буюу Confoederatio Helvetica гэдэг нь Альпийн бүс нутагт амьдарч байсан эртний кельт гаралтай хельвет аймгийн нэрээс гаралтай ажээ. Швейцарчууд анх Хельветчуудын нутаг дэвсгэрт оршин суудаг байсаг агаад өнөөгийн тус улсыг бүрдүүлж буй газар нутаг нь МЭӨ нэгдүгээр зууны үед Ромын эзэнт гүрний нэг хэсэг нь болж байж. Харин Ромын эзэнт гүрэн доройтож эхэлмэгц Швейцар хэд хэдэн овог, аймгуудад халдаж, улмаар 800 онд Чармемсагийн эзэнт гүрний нэг хэсэг болжээ.

Арвангуравдугаар зууны үед Альпийн нурууны худалдааны шинэ чиглэл нээгдэж, Швейцарын уулсын хөндий худалдааны гол зам болж эхэлсэн байна.  Улмаар 1291 онд Ариун Ромын эзэн хаан нас барж, АНУ-ын Төрийн Департаментын дагуу хэд хэдэн уулын бүлгийн эрх баригчдын гэр бүл энх тайван байдлыг хадгалж, бие даасан дүрмийг баримтлах гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй аж. Энэ үндсэн дээр Швейцар улсыг анх 1291 оны наймдугаар сарын 1-ний өдөр үүсэн байгуулагдсан гэж үздэг учир энэ өдрийг үндэсний баярын өдөр хэмээн тэмдэглэдэг байна.

ХОТ БА ТҮҮХ

Аль ч улсын, тэр дундаа хөгшин Европын аль ч орны аль ч хотод уран барилгын гайхамшгийг харж болно. Тэдгээр нь тухайн хот, улс орны үүх түүхийн түмэн нугачааны хэлхээс болж, он цагийг элээж ирсэн байдаг.

Орчин үеийн Женевийн нутаг дэвсгэрт анхны суурьшсан хүмүүс бол Кельт овгийн төлөөлөгчид байжээ. Энэ тухай Юлий Цезарь МЭӨ 58 онд легионеруудын ялалтыг дүрсэлсэн зохиолдоо дурдсан байдаг аж. Ромын эриний үед тус хот нь бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг гол төвүүдийн нэг байсан бол 443 оноос хойш Бургундчуудын герман овог, 534 онд Франкууд, дараа нь Каролингийн эзэнт гүрний мэдэлд шилжсэн түүхтэй аж. Харин манай эриний XI зуунаас хойш бишопууд захирч иржээ.

Эртний түүхт Женев хотын хуучин дүүрэг

Женев хот нь Женев нуурын цутгалд оршдог тул нуурын баруун, зүүн эргийн, хуучин ба шинэ хот гэх зэргээр нэрлэгдэх боловч аль ч хэсэгт нь эртний хийц загвар, соёлыг шингээсэн уран барилгууд элбэг. Алдарт зохиолч Достоевский нэгэнтээ “Женевийн нуур Женев. Нуур нь гайхалтай, эрэг нь үзэсгэлэнтэй, гэхдээ Женев өөрөө уйтгар гунигийн оргил юм” хэмээн бичсэн байдаг тухай номд өгүүлсэн нь бий.

Тайван амгалан, эгэл даруухан, нэг талаар дүнсгэр, ажин түжин мэт Женев нь гоо үзэсгэлэн, эрч хүчтэй амьдралаар дүүрэн аж. Түүний энэхүү даруу байдлын цаана олон сонирхолтой зүйл нуугдана. Энэ бол Европ дахь хамгийн том дипломатын болон санхүүгийн төвүүдийн нэг, дэлхийн брэнд болсон цагны үйлдвэрлэлийн нийслэл, хамгийн сүүлийн үеийн цөмийн судалгааны төв юм.

Хуучинсаг мэт боловч амар амгалан, анир чимээгүй хоёрхоно
Хуучинсаг мэт боловч амар амгалан, анир чимээгүй хоёрхоно

Женев хот нь бас шашин шүтлэг, улс төрийн эрх чөлөөг эрэлхийлж буй бусад орны хүмүүст үүд хаалгаа цэлийтэл нээсэн хотуудын нэг. Мөн эдүгээ олон улсын байгууллагын хоёр зуу гаруй төв байр энд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг. Оршин суугчдынх нь дөчин дөрөв орчим хувь нь гадаадын иргэд юм.

Женев хотын Шинэ талбай нь тус хотын соёлын амьдралын гол төв юм. Энд авьяаслаг командлагч, инженер, топографич, Швейцарийн нарийвчилсан газрын зургийг анхлан бүтээсэн Анру Дуфуру, Дэлхийн улаан загалмайн нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг Анри Дунант нарын цээж баримлууд гээд хөшөө дурсгалууд олон юм. Мөн уг талбай дээр хөшөө дурсгалуудаас гадна Швейцарын Их театр, Хөгжмийн консерватор, Рат музей, Швейцарын хамгийн эртний урлагийн музей, Бастион Парк гээд эртний чамин тансаг барилгатай урлаг, соёлын төвүүд байдаг аж.

Швейцарийн Үндэсний түүхийн музей

Женев хотын төвд байрлах Үндэсний түүхийн музей нь л гэхэд ХХ зууны эхээр байгуулагджээ. Эл музей нь өөр өөр эрин үе, өөр өөр улс орнуудын урлагийн бүтээлүүдийн өргөн нэвтэрхий толь бичгийн цуглуулгыг танилцуулсан Женевт дэх ганц цуглуулга юм. Ван Гог, Моне гээд дэлхийн соруудын уран зургуудыг эртний Египетийн эд өлгийн зүйлсийн хамт энд дэлгэжээ. Мөн музейд эртний цэргийн зэвсэг, хуяг дуулга, сүмийн хувцас хэрэгсэл, гэр ахуйн эд зүйлс, керамик, шаазан эдлэлүүд гээд дундад зууны үеийн олон зуун үзмэр дэлгээстэй байх аж.

Дуурийн театр

Харин дуурийн театр нь 1879 онд баригджээ. Тансаг байдал, дэмий хоосон байдлыг үгүйсгэсэн шинэчлэлийн үзэл санааны нөлөөнд автсан тул Женев хот нь удаан хугацааны туршид хөгжмийн тайзгүй байжээ. Тэгж байгаад шинэ театртай болж, Ж.Россинигийн “Уильям Телл” дууриар шинэ театрын нээлтээ хийж байсан түүхтэй гэнэ. Гэвч ХХ зуунд театрын барилга галд бүрэн сүйрч, 1962 он гэхэд дахин сэргээжээ.

Женевийн өөр нэг алдартай уран барилга нь Гэгээн Петрийн сүм юм. Энэ нь анх XIII зуунд эртний Христийн шашны сүмүүдийн суурин дээр баригдсан Женев хотын гол сүм юм. Сүмийн барилга нь Романескийн хэв маягаар баригдсан боловч цаг хугацаа өнгөрөхөд готик элементүүдээр баяжин сэргээгдэж, улмаар XYIII зуунд өөр нэг бүтцийн өөрчлөлтийн үр дүнд сүм нь сонгодог фасадтай болсон аж. Уг сүмийг шинэчлэлийн үзэл санааг хүлээн авсан Европ дахь анхны сүмүүдийн нэг гэж үздэг байна.

Гэгээн Петрийн сүм

Женев бол яах аргагүй үзэсгэлэнтэй, амьд баялаг түүхтэй, амар тайван ноёлсон, эрх чөлөөнд умбасан хот юм. Аль улсын нийслэл Женев шиг түүх дурсгалт ийм олон сайхан газруудаар сайрхаж чадах бол гэсэн бодол төрж явлаа. Дашрамд сануулахад жилийн аль ч үед энэ хот гайхалтай байдаг ч тав, зургаа, ес, аравдугаар сарын үед ийшээ ирэхэд цаг агаарын хувьд тун таатай нь гэцгээдэг юм билээ.

ХОТ БА ХАМТЫН НИЙГЭМЛЭГ

Швейцар улс, тэр дундаа Женев хот нь дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын банк санхүүгийн салбарт асар их нөлөөтэй. Олон улсын гол байгууллагуудын төв байрууд энд байрладаг, дэлхийн хамгийн том, баян банкууд төвлөрдөг, санхүүгийн гол төв юм. Швейцарын банкууд яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй банкуудын тоонд ордог вэ гэвэл харилцагчдынхаа тухай ямарч мэдээллийг гадагш гаргадаггүй, өндөр нууцлалтай байдаг учраас тэр. Тиймээс тус улсын банкууд руу хэний мөнгө орж, гарч байдгийг тэр бүр мэдэх бололцоогүй. Ганц баримт дурдахад 2009 оны тавдугаар сард АНУ-д 15 тэрбум ам.долларын татвараас зайлсхийсэн 52 мянган иргэн байгаа гэх мэдээлэл гарч байж. Тэднийг Швейцарын UBS банканд харилцах болон хадгаламжийн данстай байж магадгүй гэж Америкийн татварын албаныхан сэрдэж байсан аж. Тиймээс тэд Швейцарын UBS банкнаас америк харилцагчдынхаа нэрсийг гаргаж өгөх хүсэлт тавьсан талаар дэлхийн хэвлэлүүд онцлон бичиж байв. Харин Швейцарын UBS банкныхан америк харилцагчдынхаа нэрсийг өгөхгүй гэдгээ шүүхийн өмнө албан ёсоор мэдэгдэж байжээ. Хэрэв америк харилцагчдынхаа тухай мэдээлэл өгвөл Швейцарын хуулийг зөрчсөн хэрэг болно гэж тус банкныхан мэдэгдэж байжээ. Цаашлаад тус банкны нэр хүнд дэлхийн тавцанд унаж, харилцагчдынх нь итгэл сулрах байсан гэж үзсэн байдаг.

Олон улсын төв байгууллагууд төвлөрдөг

Женев дэх НҮБ-ын байр л гэхэд нь тус байгууллагын дэлхийн дөрвөн гол оффисын нэг бөгөөд Нью-Йорк дахь төв байрны дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг аж. Энэ нь 1966 оноос Европ дахь НҮБ-ын гол төв байр болсон агаад энд жилдээ 8000 орчим хурал, чуулган болдог байна. Үүнээс 600 орчим нь олон улсын томоохон хуралд тооцогддог аж.

Мөн энд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын алба, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын ДОХ-ын эсрэг үндэсний хөтөлбөр зэрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн гол байгууллагууд төвлөрдөг аж.

Түүнчлэн Женев болон Швейцарын бусад томоохон хотод Олон улсын улаан загалмайн хороо, Дэлхийн цаг уурын байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн шуудан холбооны байгууллага, Олон улсын стандартчлалын байгууллага гээд дэлхийд нэр хүндтэй олон улсын байгууллагуудын төв байрууд байрладаг. 

Мөн тус улс нь Олон улсын парламентын холбоог үүсгэн байгуулах санаачилгыг анх гаргаж байсан түүхтэй бөгөөд төв байр нь ч энд төвлөрөхийн зэрэгцээ олон улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээрх сургалт, судалгаа шинжилгээний томоохон төв ажилладаг байна.

Гурван хөлтэй сандлын түүх

Женев дэх НҮБ-ын төв байрны урд талбайд гурван хөлтэй, асар том модон сандал байрлуулсан байдаг. Гурван хөлтэй, 12 метр өндөртэй энэ аварга сандлыг 5.5 тонн мод ашиглан хийжээ. Энэхүү бөримлын түүхийг сөхвөл 1997 онд мина буюу тэсрэх бөмбөг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцид зарим улс орон, эрх бүхий хүмүүс гарын үсэг зурахгүй удсан байна. Тэр үеэр Даниель Берсе, Луи Женев гэх хоёр хүн энэхүү сандлыг бүтээж, эл талбайд байрлуулсан түүхтэй гэдэг.

 

Бүх улс орон конвенцид гарын үсэг зуртал энэхүү сандлыг талбайгаас холдуулахгүй хэмээн олон нийт мэдэгдэж байсан ч уг сандал өнөөг хүртэл энд байсаар байна. Олон улсын хурал, чуулган хүний эрх, эрх чөлөө, энх тайвныг хамгаалахаар олонтоо хуралддаг ч бодит байдал дээр энх тайван гэдэг хугархай хөлтэй сандал шиг тогтворгүй байна гэдгийг энэхүү гурван хөлтэй аварга сандал илэрхийлэх болжээ.

Түүнчлэн уг талбайн баруунтаа гол төмрийг нь гогцооруулан ороож мушгисан эвдэрхий их бууг байрлуулсан байдаг. Швейцар улс нь 1815 оноос хойш дайн байлдааны дуу сонсоогүй, дайнаас хол байж, төвийг сахиж ирсэн уламжлалтай орон. Энэхүү эвдэрхий их буу нь ч дайн байлдааныг жигшдэг эл ард түмний энх тайванч сэтгэлийн илэрхийлэл юм. 

Дэлхийд алдартай усан оргилуур

Женев хотын билэг тэмдэг болсон “Jet d ‘Eau” усан оргилуурыг анх 1886 онд Женев нуурын захад байгуулсан бөгөөд тухайн үедээ ус нь 30 метр хүртэл оргилдог байжээ.

Харин 1891 онд Швейцарын Холбооны улсын 600 жилийн ойгоор одоогийн байгаа нуурын баруун эрэгт шилжүүлсэн аж. 1951 онд усан оргилуурыг нуурнаас шууд ус авдаг шинэ шахуургын системд холбосноор ус нь 140 метр хүртэл оргилдог болжээ. Оргилуур нь нэг секундэд 500 литр ус цацруулдаг гэнэ.

Цэцгэн цаг

Дэлхийд алдартай Швейцарын цаг үйлдвэрлэгчдэд зориулахын зэрэгцээ байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахын билэг тэмдэг болгож, 1955 онд Женев хотын төв хэсэгт нуурын захын эрэг орчимд энэхүү цэцгэн цагийг бүтээжээ.

Энэ цаг нь техникийн, дизайн урлагийн, цэцэрлэгжүүлэлтийн гээд олон талын ур ухааныг илтгэх өвөрмөц онцлогтой бүтээл гэж үнэлэгддэг аж. Цэцгэн цагны диаметр нь 5 метр агаад цэцгийн өнгө нь жилийн турш өөрчлөгдөж байдаг. Цагийг нийтдээ 6500 цэцэгсээр чимэглэж бүтээдэг байна.

Оньсон бүтээлийн музейд

Женев хотын төвөөр зугаалж, энэ тэрийг сонирхож явах зуураа өмнөх өдөр нь тус улсын Үндэсний түүхийн музейг нь үзсэн бол дараагийн өдөр нь астрономын шинжлэх ухааны музейг үзэв.

Эртний уран барилгын ур хийцийг илтгэх нүсэр том барилга бүхий Үндэсний түүхийн музей нь эртний өрнө дахины алдартай уран бүтээлчдийн уран зураг, баримлуудаар баялаг юм.

Харин астрономийн музейд дээр үеийн эрдэмтэн судлаачдын анхлан бүтээж, эрдмийн ажил, шинжлэх ухааны судалгаандаа туршин хэрэглэж байсан сонин сонин багаж төхөөрөмж, оньсон бүтээлүүдийг дэлгэжээ. Дэлхий, од гарагийн орчил хөдөлгөөн, өргөрөг уртраг, нар, сар, од гараг, тэнгэр эрхэс хоорондын зай хэмжээс, дуран авай, хүндийн болоод урт өндрийг хэмжих багаж төхөөрөмж, жин хэмжүүрүүд, цахилгаан, дулаан гаргагч үүсгэврүүд, электрод, дуу авиа дамжуулах төхөөрөмж гээд эрдэмтдийн анхлан санаачилж, хэрэглэж байсан ховор сонин зүйлсээр эл музей арвин юм. Эдгээрийн ихэнх нь асар жижиг деталь хэсгээс эхлээд өнөө үед огт санаанд оромгүй түмэн янзын эд ширхэг, эрэг шураг, оньс, түгжээ, механик хэсгүүдээс бүтсэн байх аж. Энэ ч үүднээс дэлхийд алдартай Швейцар цагны механизмын үүсэл хөгжилд хувь нэмэр оруулсан байж болох юм гэсэн бодол төрж явлаа.

-Үргэлжлэл бий-

Сэтгүүлч Шаравын Содномжамц

Женев хот. 2023 оны дөрөвдүгээр сар.

                             

7 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу