ХОЛЫН ХҮНИЙ ХАРАА ХУРЦ

Сэтгүүлч Ш.Содномжамц

Хаврын сарын дундуур амин хувийн ажлаар Швейцарын Женев хотыг зорьж, хүүхдүүдтэйгээ уулзан, хөгшин Европоор сар гаруйн хугацаанд амарч аялав. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас өглөө эртлэн хөөрч, Туркийн Стамбул хотын нисэх буудалд хоёр цаг амсхийгээд цааш дөрвөн цаг орчим нисээд Женевийн нисэх буудалд газардав. Стамбул хот манайхаас таван цаг, Женев хот долоон цагийн зөрүүтэй тул цагийн зөрүү, өдөр, шөнө тэнгэрийн уудамд өнгөрч таарав.

Хоёр улсын бум бужигнаж, түм түжигнэсэн нисэх онгоцны буудал дамжиж, арван хэдэн цаг нисээд зорьсон газраа саадгүй ирэв. Женевт урьд орой нь бага зэрэг бороо орсон, цаг агаар гэж ёстой янзтай сайхан. Орон сууцны гурван давхрын тавцанд агаарлаж, хавь орчныг ажиглаж суухад нэн таатай…

/Сэтгүүлч Ш.Содномжамцын Швейцарын Женев хотоос хийсэн аян замын тэмдэглэлийн хоёр дахь хэсгийг хүргэж байна. Өмнөх хэсгийг ЭНД дарж уншина уу/


 

ХОТ БА ХҮМҮҮС

Дэлхийн диваажин гэгддэг Швейцар улс нь нийт 26 мужаас бүрддэг олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг юм байна. Харин хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан байдаг аж. Хэрэв та сургалтын систем сайн, ажлын боломж ихтэй, аюулгүй, амар тайван, үзэсгэлэнтэй улсыг хайж байгаа бол Швейцар танд яг тохирох газрын нэг яах аргагүй мөн. Учир нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй орны нэг Швейцар улс нь чанартай боловсролын системээрээ дэлхийн өнцөг булан бүрээс оюутнуудыг татсаар иржээ.

Европын хэмжүүрээр харахад Швейцар нь том улс биш ч эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй орнуудын нэг. Байгалийн гоо үзэсгэлэн нь дэлхийн өнцөг булан бүрийн жуулчдыг маш их татдаг. Швейцар орны амгалан тайван байдал, хүний эрхийг дээдэлдэг байдал, дээр нь дэлхийн алдартай брэндүүдийг нэг дор цуглуулж цогцлоосон онцлог, үзэсгэлэн төгс байгаль, цаг уурын таатай нөхцөл, алдартай цаг, аялал жуулчлалын салбарын бараа бүтээгдэхүүн болон амтат шоколад, бяслаг гээд дэлхийн хүн зоны хүслэн, сонирхол анхаарал, бишрэл хүндлэлийг эндээс харж болно.

Аливаа улс орны нийслэл ч бай, жирийн нэгэн хот ч бай, гадны хүний нүдээр харахад тэнд өөр өөр өнцөг, өвөрмөц онцлог, сонин содон байдал, иргэд оршин суугчдынхаа төлөө гэсэн эерүү сэтгэл, мэдрэмж, таатай орчин байна уу, үгүй юу гэдэг нь заавал анзаарагддаг. Женев бол тийм сэтгэл, мэдрэмжид төгс нийцсэн, нийцсэн гэхээсээ илүүтэй нийцүүлсэн хот гэж хэлж болох аж. Тайван амгалан байдал, хүнд ойрхон үйлчилгээ, танихгүй ч гэлээ тааралдсан хүнтэйгээ заавал мэндэлдэг эелдэг ааш зан, тусалж ойлгуулахыг хичээж эрмэлздэг чанар, яриасаг нөхөрсөг байдал алхам тутамд мэдрэгдэнэ. Дээр нь хүний төлөөх таатай, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдал нь үнэхээр тааламжтай.

Пурхийх тоос шороо, сэрхийх салхигүй болохоор хүмүүс нь гудамж талбай, байшин болгоны дэргэдэх сүүдрэвчинд сууцгаан кофе, цай, дарс, зарим нь пиво шимцгээн, хооллож ундлангаа тамхи татацгаан элдвийг хүүрнэнэ. Ер нь швейцар хүний нэг онцлог нь их яриасаг, юм асуувал учир начрыг нь ойлгуулах гэж сэтгэлээсээ хичээдэг, харин нэг муу тал нь эр, эмгүй тамхи их татдаг бололтой.

Хүний эрхийг асар их дээдэлдэг, ажилгүй, орон гэргүй хүмүүстээ улсаас тусалж хүмүүнлэгийн шугамаар өдөрт гурван удаа хооллож ундалдаг, нийгэмд л аюулгүй бол хэн хаана, юу хийж явахыг огт тоодоггүй, дээр нь үнэ төлбөргүй, өндөр чанартай  сургалтын систем, хүүхдийн асрамж халамжийн тэтгэлэг гээд ихэд харж үздэг аж. Зүлэг мод, ногоон орчин, амарч зугаалах талбай, үзэж сонирхох музей, түүх дурсгалын зүйлсээр арвин. Ядаж л гудамж, талбай болгонд нь уух, ам зайлах цэвэр усны цорготой, бие засах газрууд нь ойр ойрхон агаад цэвэрхэн тохитой. Ийм газар хүн сэтгэл амар, тайван тухтай ажиллаж, амьдралгүй яахав гэсэн бодол сэтгэлд уяатай явлаа.

Швейцарын нэг онцлог нь орой 19 цаг гэхэд бүх дэлгүүр, мухлаг нь хаагдчихна. Тэгээд хүмүүс нь ихэвчлэн ресторан, зоогийн газар, баар цэнгээний газрууддаа хооллож, дарс ууцгаан ярьж сууцгаана. Бас бүтэн сайн өдөр нэг ч дэлгүүр ажиллахгүй, зөвхөн тамхины мухлаг нь л нээлттэй байдаг аж. Тиймээс дэлгүүр хаахаас өмнө, бас бүтэн сайнаас өмнө амжиж хоол хүнсээ базааж авцгаана. Манайхан шиг цагийг нь тулгаж байж амжуулдаг хэнэггүй хүмүүс амралтын өдөр талхгүй, идэх уух юмгүй хоосон сууж байж ч магадгүй юм билээ.

ХОТ БА ХӨШӨӨ ДУРСГАЛУУД

Аливаа улс оронд гадна, дотны хүмүүсийн нүдийг хужирлаж, тухайн улс орныхоо түүхийг өгүүлдэг гол зүйлсийн нэг нь хөшөө дурсгалууд байдаг.

Женев хотод л гэхэд анх газрын минийг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөнийг дэмжиж, дэлхийн улс орнуудыг олон улсын энэ талын конвенцид нэгтгэх зорилгоор босгосон 12 м өндөртэй, таван тонн хагас жинтэй, гурван хөлтэй асар том модон сандал, байгаль хамгаалах хийгээд цаг үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс анхлан байгуулсан дэлхийд алдартай цэцгэн цаг, Женев нуурын усан дотор байгуулсан дэлхийн хамгийн том, хүчирхэг усан оргилуур гээд этгээд сонин зохиомж загвар, хэлбэр хийц, өвөрмөц утга санаа, шийдэлтэй хөшөө дурсгал, бүтээн байгуулалт олон.

Хотын болоод улсын түүхийг өгүүлэх эртний түүхтэй уран барилгууд эгнэсэн, хүмүүс холхисон гудамж, талбайн аль нэгтээ түүхэнд нэр алдраа үлдээсэн гарамгай хүмүүсийн нүсэр том биш, авсаархан атлаа цэвэрхэн хийцтэй, гол төлөв цээж баримлууд олонтоо тааралдах юм. Ганц баримт дурдахад Женев хотын төв талбайн ойролцоох НҮБ-ын төрөлжсөн төв байруудын хажууханд байдаг Энэтхэгийн их удирдагч, хүний эрхийн төлөө тэмцэгч Махамата Гандийн дурсгалд зориулсан хөшөөн дээр “My life is my message” хэмээн бичсэн нь бий. 1937-1948 оны хооронд түүний нэрийг Нобелийн Энх тайвны шагналд таван удаа дэвшүүлсэн боловч авч байгаагүй аж. Хожим 1989 онд XIY Далай лам Нобелийн шагнал хүртэхэд нь шагнал гардуулсан комиссын дарга нь “Махамата Гандийн гэгээн дурсгалд үзүүлж буй хүндэтгэлийн хамтаар” хэмээн хэлж байсан тухай түүхэнд өгүүлсэн байдаг. Энэ үүднээс жил бүрийн аравдугаар сарын 2-нд болдог түүний төрсөн өдрийг “Олон улсын хүчирхийллийн эсрэг өдөр” болгож тэмдэглэдэг уламжлалтай.

Хөшөө дурсгалууд бол нэг талаас өнгөрсөн цаг үеийн түүх, нөгөө талаас өнөөгийн амьдралын толь болсон амьд, бүтээлч организм гэж хэлж болох юм. Тэр чанараараа хөшөө дурсгалууд нь загвар, хэлбэрийн хувьд сонин содон зохиомж, шийдэл, гоо сайхны мэдрэмж, агуулга, хэлбэрийн өвөрмөц хэв шинжийг шингээсэн байхыг шаарддаг онцлогтой. Ийм онцлогуудыг барууны аль ч хот, аль ч улс орноос харж болно.

Харин манайхан энэ тал дээр арай л учир дутагдалтай санагддаг. Наад зах нь сум болгон улсын цолтой нэг бөх, нэг хурдан морины барималтай. Уг нь улс орныхоо түүхэнд онцгой гавьяа байгуулж алдар нэрээ мөнхөлж үлдээсэн хувь хүний хөшөө дурсгалыг босгож болох юм. Гэхдээ хэний, юуны хөшөө дурсгал, баримал байхав, хэлбэр хийц, зохиомж шийдэл нь ямархуу байхав, түүнийг хаана босгохов гэдгийг бодож үзэх ёстой. Түүнээс биш мөнгөтэй нэг нь мөнгөөр, нутаг нуга гэсэн хаяа хатавчны явцуу бодлоос ангид байдлаар шийдэх учиртай санагдана. Энэ нь манайд эрх зүйн болоод ёс суртахууны зохицуулалт үгүйлэгдсэн асуудлын нэг юм.

ХОТ БА АЖ АМЬДРАЛ

Швейцар улс нь 8 сая орчим хүн амтай ч эдийн засгийн хөгжил, иргэдийн аж байдал, амьдрах орчин, хүний эрхийг эрхэмлэдэг байдал, түүх, нийгэм, соёлын хувьд Европ тивдээ тэргүүлдэг.

Женев хот нь тус улсын хоёр дахь том хот агаад том, жижгээрээ зөвхөн Цюрихийн дараа ордог бол хуулиар албан ёсоор оноож заагаагүй ч үнэндээ нийслэл нь Берн хотод төвлөрдөг аж. Харин романдууд хэмээх Швейцарын франц хэлтнүүд нутагладаг хэсгийн хамгийн олон хүн амтай хот нь Женев юм.

Тус улсын албан ёсны хэл нь германаар хүн амын 63.7 хувь нь ярьдаг бол франц (20.4 хувь), итали (6.5 хувь), эртний ром хэл болох руманш хэлээр 0.5 хувь нь ярьдаг гэнэ. Мөн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлд герман, франц хэл ордог аж. Ихэнх албан ёсны бичиг баримт, идэх уух зүйлсийн сав, баглаа боодол ч гэсэн герман, франц, итали хэлээр бичээстэй байдаг.

Германтай хил залгаа оршдог Цюрих хотын иргэд германаар ярьдаг тул тэндээс Женевт ирсэн хүн франц хэл ойлгохгүй будилдаг юм байна. Мөн Женевчүүд Швейцар улсын албан ёсны мөнгөн тэмдэгт швейцар франкаар худалдаа хийдэг бол хэдхэн алхмын цаана Францын хил давахад захын дэлгүүр, мухлагт еврог хэрэглэх жишээтэй.

 

Швейцар нь амьдралын өртөг өртөг өндөртэй ч иргэн болж төрөхөд хамгийн тохиромжтой улс гэдэг. Учир нь үнэгүй төлбөргүй сургалт, боловсролын дэлхийд тэргүүлэх систем, улсаас хүүхдэд үзүүлдэг анхаарал халамж гээд олон зүйлээр дэлхийд үлгэр жишээ болдог аж. Мөн энэ судалгаанд хүн амын тоо, гэмт хэргийн байдал, амьдралын түвшин, эрүүл мэндийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийн байдал гэх мэт олон хүчин зүйлс багтдаг байна.

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 84 мянган ам.доллар гээд төсөөл дөө. Гэхдээ татвар, даатгал өндөр, түүнийгээ дагаад халамж, хариуцлага нь ч өндөр, торгуулийн систем нь чанга аж. Ахмадууд өндөр насны тэтгэвэрт гараад нэг удаад манайхаар бол хамгийн багадаа 100-300 сая төгрөгийн тэтгэмжийг бөөнд нь авдаг, цаашдаа сар тутам өөрт ноогдох тэтгэврээ авдаг гэнэ. Энэ нь амьдралд нь хангалттай хүрэлцдэг байна. Тиймээс ахмадууд нь тайван амгалан амьдарч, ийш тийшээ аялж, үлдсэн насаа сэтгэл тайван, санаа зовних юмгүй амгалан өнгөрөөдөг ажээ. 

Женев хот нь Европ, Латин америк, Африк, Ази гээд шар, цагаан, хар, өнгөт арьстан бүхий олон үндэстэн ажиллаж амьдардаг, зүсэн зүйлийн хүмүүс бужигнасан их хөлийн газар юм. Хотын төв болон захын дүүрэг гэлтгүй орон сууцны хороолол, хувийн эдлэн хосолсон байх аж. Орон сууцны хорооллууд нь гол төлөв 5-10 давхар, цөөвтөрхөн нь 12 давхар бөгөөд хотын төв орчимд албан байгууллага, хувийн компанийн өндөр шилэн барилгууд хааяахан харагдах юм.

Орон сууцны байрыг улс нь эзэмшиж, иргэддээ түрээслүүлдэг бөгөөд ихэнхдээ нэгээс гурав, дөрвөн өрөөтэй. Хүүхдийн эрхийг чухалчилдаг тул хүүхдийг заавал унтлагын тусгай өрөөтэй байлгахыг шаарддаг гэнэ. Зочны өрөөг нийтийн өрөө гэж үздэг тул албан ёсны өрөөнд тооцдоггүй, гэхдээ төлбөр тооцоог тусгайлан авдаг аж.

Хувийн эдлэн газрууд нь манайх шиг бетон, тоосго, төмрөөр хийсэн нүсэр том хашаагүй, дотуур нь мод тарьсан авсаархан цэвэрхэн төмөр сараалжтай, нэг ёсондоо навчит модон хашаатай юм. Мод, зүлгээ хэлбэр оруулан цэмцийтэл нь засаж тэгшилсэн нь үзэмжтэй харагдах ажээ.

Үргэлжлэл бий…

Сэтгүүлч Шаравын Содномжамц

                                      Швейцар, Женев хот. 2023 оны дөрөвдүгээр сар.

4 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу