ХОЛЫН ХҮНИЙ ХАРАА ХУРЦ

Сэтгүүлч Ш.Содномжамц

Хаврын сарын дундуур амин хувийн ажлаар Швейцарын Женев хотыг зорьж, хүүхдүүдтэйгээ уулзан, хөгшин Европоор сар гаруйн хугацаанд амарч аялав. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас өглөө эртлэн хөөрч, Туркийн Стамбул хотын нисэх буудалд хоёр цаг амсхийгээд цааш дөрвөн цаг орчим нисээд Женевийн нисэх буудалд газардав. Стамбул хот манайхаас таван цаг, Женев хот долоон цагийн зөрүүтэй тул цагийн зөрүү, өдөр, шөнө тэнгэрийн уудамд өнгөрч таарав.

Хоёр улсын бум бужигнаж, түм түжигнэсэн нисэх онгоцны буудал дамжиж, арван хэдэн цаг нисээд зорьсон газраа саадгүй ирэв. Женевт урьд орой нь бага зэрэг бороо орсон, цаг агаар гэж ёстой янзтай сайхан. Орон сууцны гурван давхрын тавцанд агаарлаж, хавь орчныг ажиглаж суухад нэн таатай…

/Сэтгүүлч Ш.Содномжамцын Швейцарын Женев хотоос хийсэн аян замын тэмдэглэлийг цувралаар хүргэж буй билээ. Тэмдэглэлийн дөрөв дэх хэсгийг танд хүргэж байна.

Аян замын цуврал тэмдэглэлийн

  • Нэгдүгээр хэсгийг ЭНД,
  • Хоёрдугаар хэсгийг ЭНД,
  • Гуравдугаар хэсгийг ЭНД,
  • Дөрөвдүгээр хэсгийг ЭНД дарж уншина уу/

 

БУРХАНЫ ХҮРТЭЭСЭН ХИШИГ

Эртний домогт өгүүлснээр Тэнгэрийн их эзэн дэлхийн хэвлийн баялгийг хуваарилж байх үед эдгээр нь Европын зүрхэнд байдаг Швейцар улсад хүрэлцээнүй гэнэ. Тиймээс энэ шударга бус байдлыг засахын тулд Бурхан швейцарчуудад өндөр уулс, гялалзсан мөсөн голууд, шуургатай хүрхрээ, үзэсгэлэнт хөндий, шуугиант гол мөрөн, хамгийн цэвэр ариун газрыг өмч болгон өгчээ. Швейцар улсын байгалийн энэхүү ер бусын үзэсгэлэнтэй дүр төрх нь дэлхийн олон мянган жуулчдыг татдаг, ид шид, диваажин байдаг гэдэгт итгүүлэх онцгой нэгэн ертөнц юм. Жилийн аль цагт аялахад Швейцарын ландшафтууд нь ямар ч улирал, ямар ч цаг агаарт урам хугарахгүй гэдэг үнэн ажээ.

Швейцарыг “Мянган нуурын орон” гэх нь бий. Учир нь тус улсад дэлхийд алдартай Женев нуураас гадна том, жижиг 1500 гаруй нуур байдаг аж. Нуурын эрэгт амрахаар сонгосон жуулчид амар амгалан, тайван байдал, үзэсгэлэнт газар нутаг, өндөр зэрэглэлийн үйлчилгээ авах бүрэн баталгаатай. Нууран дээрх наран шарлагын газрууд нь ихэвчлэн өвслөг ургамал, тэгш цэвэрхэн зүлэг ногоотой, тэгээд ч үнэ төлбөргүй. Тэндхийн хувийн зочид буудлуудад наран шарлагын газар байдаггүй. Нарны ор, шүхэр нь зөвхөн зочид буудлын усан санд л байдаг юм байна.

Цаст оргилууд, мөст голуудыг харж явахад сэтгэл сэргэнэ

Швейцарт Женев (582.4 ам дөрвөлжин км талбайтай) нуураас гадна Констанс (539 км2), Нойшател (217.9 км2), Маггиор (212.3 км2), Люцерн (113.8 км2), Цюрих (88.4 км2), Лугано (48.8 км2) зэрэг олон том нуур байдаг аж. Улирал, цаг уурын байдлаас болоод нуурын усанд сэлэх хугацаа янз бүр юм. Европ дахь хамгийн том Женев нуурын ус нь сэрүүн бөгөөд зөвхөн 7-8 дугаар саруудад усанд ороход их тохиромжтой гэнэ. Энд жуулчдыг далайн эрэг биш, харин цэвэр агаар, субтропикийн ургамал, уулсын цаст оргилууд татдаг. Люцерн нуурын ус нь Женевээс ч хүйтэн байдаг бол Лугано, Маггиор нуурын ус нь хамгийн дулаан бөгөөд газар зүйн байршлаасаа болоод ийм онцлогтой байдаг аж.

Швейцарыг бас “Мянган оргилын орон” гэж ч хэлж болно. Яагаад гэвэл дэлхийд алдартай Маттерхорны оргилоос эхлээд далайн төвшнээс 3000 метрээс дээш өндөртэй 208 уул, 4000 метрээс дээш өндөртэй 24 уул байдаг гэнэ. Эндхийн нуурууд нь үнэхээр ер бусын үзэсгэлэнтэй, ус нь тунгалаг сайхан, цаст оргилууд нь тэнгэрт цойлох мэт, сүрдмээр, биширмээр гайхам.

Женев нуурын зүүн эргээс Альпийн нуруу, Женев нуурыг ажихуйд

Швейцар орон, уулс хоёр нь салшгүй хоёр ойлголт юм. Учир нь уулс нь тус улсын газар нутгийн талаас илүү хувийг эзэлдэг. Швейцарт байгалийн гурван бүс ялгардаг бөгөөд эдгээр нь баруун хойд талаараа Юра нуруу, төв хэсэгт Швейцарын тэгш өндөрлөг, зүүн өмнөд хэсгийг бүхэлд нь эзэлдэг Альпийн нуруу юм. Швейцарын Альпийн нуруу нь бараг 200 км үргэлжилдэг бөгөөд энэ нь үзэсгэлэнтэй уулын даваа, хөндий, налуу энгэр, цаст оргилуудаас бүрдсэн өвөрмөц ландшафт бүхий байгаль, газар зүйн онцгой орчин юм.

Шинжлэх ухааны мэдээллээс үзэхэд Альпийн нуруу нь эрт дээр үед тектоник хавтангийн мөргөлдөөний үр дүнд үүссэн боловч гайхалтай нь судлаачид Швейцрын Альпийн нуруу нь бүрэлдэн тогтох шатандаа байгаа бөгөөд түүний өндөр жил бүр нэмэгдэж байгааг тооцоолж гаргасан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүчтэй газар хөдлөлт нь уулсын өсөлтийг хурдасгаж, 7 мянган метрийн өндөрт хүрнэ гэж шинжээчид үзэж байгаа ч энэ нь хоёр сая жилийн дараа тохиолдож болно гэсэн таамаг дэвшүүлжээ.

 

Уулс, хөндий, хот тосгон, зам хослох аяны харгуй

Альпийн нуруу өвөл, зунгүй хөл ихтэй байдаг амралт, аялал жуулчлалын цогцолборуудын нэг юм. Зуны улиралд Альпийн нуруу нь юун түрүүнд уулын гайхалтай дүр төрхөөрөө жуулчдын анхаарлыг татдаг, гэхдээ амралт, жуулчлалын газрууд нь мэдээж байгалийн гоо үзэсгэлэнгийн талаарх энгийн эргэцүүллээр хязгаарлагдахгүй. Альпийн нурууны бараг бүх хэсэгт жуулчдад дугуйн аялал санал болгодог агаад явган аяллын замууд ч үзэж харах, амрах ая тухтай орчин нөхцөлтэй, зам нь ч энгийн хялбараас эхлээд нарийн төвөгтэй, туулахад бэрхтэй байх нь их. Уулсын оргил хяр, хавцал хянга, хөндийн үзэсгэлэнт газрууд нь зөвхөн явганаар хүрэх боломжтой. Амралт, жуулчлалын газрууд нь ихэнхдээ өвөрмөц онцлогтой тосгонууд бүхий уулсын хэвлий хөндий, хам хавцал, хөндийнүүдийн дунд оршдог бөгөөд хамгийн жижиг нь ч гэсэн дээд зэргийн тохь тухтай байр, орчин нөхцөлтэй байдаг аж. Нэг сонин баримт дуулгахад бүх шөнийн амралтаа зөвхөн уулын тагт дахь хоргодох байранд өнгөрүүлж болох өвөрмөц маршрут ч бас байдаг гэнэ. Ийм нөхцөлд түүдэг галын дэргэд ч суух боломжгүй  бөгөөд зөвхөн аврах албаныхны туслалцаа авах шаардлагатай тулгарсан онцгой байдлын үед л гал асаахыг зөвшөөрдөг байна.

Аялагчдын дуртай зөөлөн цас, цавчим хясаа, цэнгэг агаар

Харин өвлийн улиралд Альпийн нурууны өвлийн амралт, жуулчлалын газрууд, цанын баазууд нь дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог. Их хэмжээний зөөлөн сэвсгэр цас, өө сэвгүй налуу, бас цавчим хадан хясаа, хавцал хөндий бүхий орчин нь цанын бэлтгэл хийэд нэн тохиромжтойн зэрэгцээ тохилог зочид буудал, гайхалтай хоолтой кафе, ресторан, дээд зэргийн үйлчилгээтэй. Энэ бүхнийг жуулчид аялагчдын төгс амралтад зориулж бүтээсэн байдаг аж. Спорт сонирхогчид уруудах болон гүйлтийн цана, сноуборд болон агаарын бордо, чарга, тэшүүрээр гулгах, тэр ч байтугай мөстэй усанд шумбах гээд гайхалтай өнгөрүүлэх боломжтой. Илүү тайван амрах дуртай хүмүүст зориулан явган аялал, чаргаар гулгах, халуун, хүйтэн рашаанд орох, загасчлах, Швейцарын өвөрмөц соёл, уламжлалтай танилцахыг санал болгодог байна. Тиймээс энэ нь зүгээр нэг амралт биш, харин жинхэнэ өвлийн үлгэр гэлтэй содон сонин байдаг гэлцэнэ.

Дэлхийд алдартай Маттерхорны оргил

Альпийн нурууны хамгийн алдартай оргил нь Швейцар, Италийн хил дээр орших Маттерхорн юм. Түүний ердийн пирамид хэлбэртэй оргил нь бусад оргилуудаас хол, тэгш тал, намхан толгодын дунд оршдог тул түүнийг тал бүрээс нь ажиглахад юу ч саад болохгүй. Тиймээс Маттерхорн нь аялагчдын дуранд бусад газруудаас хамаагүй илүү буусан байдаг аж. Дэлхийд алдартай Швейцарын “Toblerone” шоколадыг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ савлагаан дээр Маттерхорны оргилын дүрсийг байрлуулсан байдаг төдийгүй 2004 онд “Маттерхорн” нэрээр 50 швейцар франкийн үнэ бүхий дурсгалын алтан зоос гаргажээ. Тиймээс энэ уулыг Швейцарын бэлгэдэл гэхээс аргагүй юм.

Маттерхорны бэлгэдэл-Toblerone

Маттерхорн нь далайн түвшнээс дээш 4478 метр өндөрт өргөгдсөн бөгөөд сайн ажиглавал уг уул нь бие биенээсээ зуу орчим метрийн зайд орших хоёр оргилтойг харж болно. Тэдний нэг нь нурууны зүүн талд байрлах Швейцарын оргил, харин Итали улсын нутагт хамаарах баруун оргил нь нөгөө оргилоосоо ердөө нэг метр намхан аж. Гэхдээ хоёр оргилыг Швейцар, Италийн гэж улс орны харьяаллаар огтхон ч нэрлэдэггүй. Хоёулаа хилийн зааг дээр байрладаг учраас яг зүүн талаад нь Швейцарийн нутаг дэвсгэрээс, баруун талаад нь Италиас анхны авиралт хийсэн түүхтэй гэнэ. Маттерхон нь хавчим хясаа хадтай, уулчдын хувьд хамгийн авирахад бэрх газруудын нэгд тооцогддог байсан тул удаан хугацааны турш уулчид зориглон дайрч чадахгүй байсаар анх 1865 онд л мэргэжлийн уулчид оргилд хүрч чадсан ажээ.

Байгалийн үзэсгэлэн, аялал жуулчлалын цогц бүрдэл

Энэ удаад улирал, цаг уурын нөхцөл байдлаас болоод уулын аяллын маршрут бүрэн нээгдээгүй байсан тул алдарт Маттерхорны хажууд хүрч чадсангүй. Гэхдээ уулын бэл, хажуу тосгоноос цаст цавчим оргилыг нь харж, үүх түүхээс сонсоод буцлаа. Дараа ирэхдээ дэргэд нь зааал хүрч, цасан нөмрөгт нь хөл тавьж, музейг нь сонирхож, байгалийн сүр хүч, үзэсгэлэн төгсийг үзнэ ээ.

Түүхээс үзвэл Альпийн нурууны Маттерхорны бэлд Ромын эзэнт гүрний үед анхны хүмүүс суурьшжээ. Гэвч эртний овог, аймгууд энэ газрыг “Чөтгөрийн амьдрах орчин” гэж үздэг байсан тул газрын налуу дээр суурьшиж зүрхлээгүй аж. Энэ итгэл үнэмшил нь нэг талаас уулын аймшигт дүр төрх, нөгөөтэйгүүр цасан нуранги байн байн үүсдэг байсантай холбоотой байж ч магадгүй юм.

Харин XIX зуунд Англид хамгийн аюултай налууг эзлэхийг хүссэн ижил төстэй хүмүүсийн хөдөлгөөн гарч ирэв. Бүлгийн авирагчид Альпын бүх налуу руу авирахаар зүтгэж байсан ч Монблан, Маттерхорны оргил өөд авирч зүрхэлсэнгүй. Гэвч 1861 онд Английн зураач Эдвард Уимпер анх Маттерхорны оргилд гарах гэж оролдов. Тэрээр Швейцарын хөтөч Жан-Антуан Каррел болон авга ахынхаа хамт уулын өмнөд энгэрийг эзлэх гэж оролдсон ч авиралт үр дүнгүй өнгөрчээ.

Маттерхорны оргилд гарах нь уулчдын хүсэл мөрөөдөл байсаар иржээ

Жилийн дараа Вимпер дахиад Италийн нутгийн хэсгээс оргил өөд авирахыг оролдсон байна. Тэрээр бараг дөрвөн мянга метрийн өндрийг давсан боловч хөлөө хүнд гэмтээгээд буцжээ. Харин тэр жилийнх нь зун Тиндалл, Беннен нар Швейцарын уулын ихэнх хэсгийг туулж, эдүгээ “Тиндаллын оргил” гэж нэрлэдэг тэр хэсэгт хүрсэн ч зам дээрх гүн хавцал уулчдыг зогсоожээ. Улмаар 1863 онд Уимпер дахиад л Маттерхорны оргилыг эзлэх гэж оролдсон боловч цасан шуурга түүнийг буцахад хүргэсэн байна. Ингээд тэрээр 1865 онд уулын өмнөд энгэр өөд  авирах шинэ төлөвлөгөө боловсруулж, зургаадугаар сарын 21-нд оргил өөд авирах гэсэн оролдлого хийсэн ч хүчтэй чулуу унаж замыг хаачихжээ. Харин долоодугаар сарын 14-нд дахин хийсэн оролдлого нь амжилтад хүрсэн хэдий ч уулчдын үхлээр төгссөн гуниг түүхтэй аж.

Уулчин Вимпер тэмдэглэлдээ “Швейцарын талаас хийсэн авиралт нь Италийн налуу дагуух замаас хялбар байсан” гэж тэмдэглэсэн байдаг аж. Гэсэн ч уулын налуугаас оргил өөд шилжих үед улам илүү эгц, илүү аюултай болж байсныг ч дурдсан байдаг гэнэ. Уулчдын эхнийх нь Эдвард Уимпер, Мишель Кроз нар байж. Бүлэг доош буухад Хадов, Кроз, Хадсон, Дуглас гэсэн гурван уулчин нь унаж, осолджээ. Дугласын цогцос мөсөн голоос олдоогүй тул бусад гурван хүний ​​цогцсыг Зерматтад оршуулсан ажээ.

Уул ба музей

Швейцарын Маттерхорн уулын гол аюул нь урьдчилан таамаглах аргагүй цаг агаар юм. Энд үүл бага ч оргилуудыг бүрхэж, ихэвчлэн байнгын өтгөн манантай байдаг аж. Нэг метрийн зайд юу ч харагдахгүй байх тохиолдол ч  гарна. Цаг агаар арав хорьхон минутын дотор л өөрчлөгдөж болно. Манангаас гадна уулчид шуурга, цасанд нэрвэгдэх нь их. Цаг агаар өөрчлөгдөх хурдыг харгалзан цаг агаарын таагүй байдлаас хамгаалах байр олох нь маш хэцүү байдаг аж.

Дэлхийн хамгийн өндөрт баригдсан аяллын төмөр зам

Уулчид, аялагч жуулчид Маттерхорныг бүрэн дүр зургаар нь харахын тулд түүний ойролцоох Горнерграт ууланд авирч, гурван мянга гаруй метр замыг явганаар, харин эгц авиралтыг даван туулах панорам галт тэргээр туулж болдог гэнэ. Энэ маршрутаар аялбал оргилд хамгийн ойрхон хүрэх бөгөөд зам зууртаа уулсын хөндий, хавцлын ой модод, үзэсгэлэнт хүрхрээний гайхалтай үзэмжүүд, бас байгалийн хатуу ширүүн нөхцөл, түүнийг даван туулж зам жим гаргасан хүний хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрнэ.

Ер нь Альпийн нуруунд олон тооны нарийн царигтай төмөр замууд байдаг бөгөөд эдгээр нь ихэнхдээ хувийн эзэмшилд байдаг гэнэ. Төмөр зам нь өвлийн улиралд өндөр уулын тосгодыг бусад хот, мужууд, зэргэлдээ улстай холбодог цорын ганц тээврийн гол зам юм. Түүгээр ч зогсохгүй олон галт тэрэг нь жуулчид түрээсийн машин авч явах тусгай тавцангаар тоноглогдсон байдаг аж.

Төмөр зам, дүүжин тээвэр, явган аяллын зам, гүүрийн нь ч аялахад таатай

Маттерхорны бэлд дэлхийд алдартай амралт, аялал жууллчалын газрууд олон байдаг аж. Италийн талд л гэхэд Брейл-Сервиниа, харин Швейцарын талд Зерматт гэх жишээний. Хоёр улсын энэ хоёр амралт, аялал жуулчлалын тосгоныг Теодулын даваа тусгаарладаг. Эрт дээр үеэс Теодулын давааг Европын хойд ба өмнөд хэсгийн худалдааны холболтод ашиглаж ирсэн түүхтэй аж.

Зерматт руу Швейцарын Женев, Италийн Милан, Германы Штутгарт, Мюнхен зэрэг томоохон хотуудаас галт тэргээр хүрч болно. Мөн Женевээс машинаар Таш амралтын газар хүрээд тэндээсээ Зерматт руу цахилгаан такси, эсвэл цахилгаан автобусаар явах боломжтой аж. Энэ мэтээр байгалийн үзэсгэлэн, хүний сонирхлыг хослуулан ая тухтай, бас сонирхолтой, өвөрмөц орчинг нэг дор цогцлуулж чаджээ.

УУЛЫН ТАГТ ДАХЬ ХАЛУУН РАШААН

Швейцарын цасан малгайтай өндөр уул, нурууд, тэдгээрээс эх авч шуугих ширүүн урсгалт гол, горхинууд, уулын хэвлийгээр мэлтэлзэх тунгалаг цэнхэр нуурууд гээд байгалийн үзэсгэлэнг гайхаад барамгүй.

Тэдгээрийн нэг нь уулын тагтад орших Лейкербад хэмээх халуун рашаан бүхий амралт, аялал жуулчлалын үзэсгэлэнт бяцхан суурин юм. Женевээс машинаар гарч, нуурын зүүн эрэг дагуу орших Вевей, Монтре Ривьера, Вильнен, Мартину, Нендаз, Сиан гээд зөвхөн швейцарчууд төдийгүй европчууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлж, аялж зугаалах дуртай эртний түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрууд бүхий жижиг хот, суурингуудаар дайрч хурдны замаар 170 гаруй км давхиад Лейкербадын хөндий хүрнэ. Энэ зам цааш хөтөлсөөр Италийн нутаг руу ордог аж.

Зөөлөн дулаан уур амьсгалтай Вевей хотод л гэхэд Женев нуурын сүр жавхлан, эртний түүхт Чиллоны цайз, Гранд зочид буудлын дэгжин байдал, Лаваусын дэнжийн усан үзэмний тариалангийн талбайн өнгө үзэмж төгс нийцэж, нэг л ая тухтай, таатай мэдрэмж төрүүлнэ. Женев нуурын зүүн эргийн төгсгөл болох Монтре Ривьера хот нь 200 гаруй жилийн түүхтэй агаад Фредди Меркурий, Жак Руссо, Набоков, Хатан хаан Сиси, хунтайж Игорь Стравский зэрэг олон алдартны сэтгэл зүрхийг татаж ирсэн түүхтэй нутаг ажээ.

Лейкербад нь Швейцарын 26 муж буюу кантоны нэг Валейсын нутагт, далайн төвшнөөс дээш 2315 метр өндөрт оршдог. Эндхийн хүмүүс голдуу франц, германаар ярьдаг гэнэ. Лейкербадын түүх нь манай эриний өмнөх дөрөвдүгээр зуунаас эхлэлтэй агаад хожуу 1315 онд бие даасан коммун болсон түүхтэй аж. Анхандаа нутгийн цөөн айл өрх энэ орчимд суурьшиж, ан гөрөө хийж, жимс тариалж аж төрдөг байжээ.

Лейкербад нь цасан бүрхүүлтэй өндөр уулын тагтад, цавчим хадан хясаат уулын элгэнд байдаг, хажуугаар нь уулын ширүүн урсгалт гол урсдаг, энд тэндээ халуун рашааны жижиг жижиг ундаргатай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй нутаг байсаар иржээ. Тиймээс нутгийн хүмүүс жижиг байшин сарай барьж, халуун рашааныг нь эртнээс ашиглан явуулын хүмүүст үйлчилдэг байж. Харин 1501 онд Бишоп, Кардинил Меаттеус гэдэг хоёр хүн эндхийн рашаан усанд орох эрхийг авч, яваандаа амралтын газар байгуулах талаар ярилцдаг байжээ.

Лейкербадын хөндий дэх эртний тосгон, Өнөөгийн Лейкербадын шинэ суурин

Энэ хавь нь өвөлдөө цас их унадаг, зун, намартаа бороо их ордог, тэгээд ч уулын нарийн хавцал газар тул XYI-XYIII зууны үед хэд хэдэн удаа цасан нуранги болж, тосгон суурин нь эвдэрч сүйдсэн ч орчин суугчид нь тухай бүрт нь суурингаа дахин босгосоор иржээ. Түүхэн баримтад дурдсанаас харахад 1779 онд Вольфганг фон Гетё, 1877 онд Ги де Мопассан, 1878 онд Марз Твен нарын алдартай зохиолчид үүгээр зочилж байсан гэнэ. Улмаар 1908 онд анхны компани байгуулагдан, тосгон руу нэвтрэх анхны авто зам болон төмөр зам тавигдаж, галт тэрэгний зогсоолтой болжээ.

Хүмүүсийн сонирхол нэмэгдэж, жуулчлал өсөхийн хэрээр дэд бүтцийг улам сайжруулж, 1957 онд Жемми давааны оройд хүрэх кабелийн вагон, 1970-1972 онд Альпийн төмөр замыг тавьж, улмаар 1980-аад оноос асар их хөрөнгө оруулалт хийснээр өнөөгийн гайхамшигт Лейкербадын шинэ дүр төрх бий болсон байна.

Лейкербад нь Швейцарын өмнөд хэсэгт байдаг Валейс кантонд хамаардаг, 67.2 ам дөрвөлжин км газар нутагтай амралт, аялал жуулчлалын суурин юм. Зочид буудал, хоолны газар, халуун рашаанд орох ванн, саун, байгалийн цэвэр усыг бүлээсгэн тодорхой хэмд хадгалж байдаг бассейн гээд амрагчдыг ая тухтай байлгах бий л нөхцөлийг бүрдүүлсэн өвөрмөц орчин бүхий тун сонирхолтой газар юм.

Лейкербадын халуун рашааны байдал

Бассейны усыг ойр ойрхон хэмжиж, усны халуун, хүйтнийг тохируулах агаад гадна, дотор талдаа хоёр хоёр том талбай бүхий усан сантай. Ус нь хүний толгой, мөр, хөлийн ул, нуруу, гуя, бүсэлхий рүү хүчтэй даралтаар шахах, шүрших зэрэг янз бүрийн үйлчилгээтэй юм. Нэг хүн 27 швейцар франк төлөөд гурван цаг бассейнд суудаг юм байна. Жуулчид, амрагчид голдуу гэр бүл, найз нөхдийн хамт ирж хонож өнжөөд, алжаал тайлж амарч цэнгээд явдаг аж.

Суурингийн дээрээс уулын цавчим хадан хясаа өнгийж, хажуугаар нь ширүүн урсгалт гол хүрхрэн урсаж, уулын цаст оргил гялалзан харагдах нь нэн сүрлэг. Суурин хүрэх машин зам нь бүр сүрдмээр. Өндөр уулын тэхий дундуур хадан хясааг нурааж янзлан засаж, зарим хэсэгт нь хадыг нүхлэн ганц машин, тэр дундаа зөвхөн суудлын жижиг тэрэг явах зам гаргажээ. Доош харахад толгой эргэмээр, Хоёр машин зөрж өнгөрөхөд бүр хэцүү. Замын зарим хэсгийг жаахан өргөсгөж, нэг машин нь тэр хэсэгт хүлээж байгаад нөгөө машинаа өнгөрүүлэх юм.

Уулын зам, үзэсгэлэнт байгалийн төгс зохицол

Баруунд замын хөдөлгөөний дүрэм нарийн, жолооч нар дүрмээ ягштал барьдаг, манайхан шиг хэн нэг нь түрэмгийлж дайраад байна гэж үгүй болохоор асуудал гардаггүй аж. Ийм нүхэн гарцаар автобус багтаж гарахгүй учраас суурин хүрэх жуулчдын автобус хавцлын хажуугаар тавьсан замаар дээшлээд нэг урсгалтай нарийн замын явсаар төгсгөлд үндсэн замтайгаа нийлдэг юм байна.

Байгалийн гоо үзэсгэлэн, сүрлэг бардам байдал, хүний оюун ухааны гайхамшиг, техникийн хүч чадал, энэ бүхэн нийлж байж, ийм цогц байдлыг бий болгодог ажээ. Үүний гэрч нь Лейкербад юм.

 

                                     Үргэлжлэл бий…

                                     Швейцар, Женев хот. 2023 оны дөрөвдүгээр сар.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу