Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үерийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж буй. Нөхцөл байдлыг сурвалжлахаар тус газрыг зорилоо.       Баянзүрх дүүргийн 21-р хороо буюу бидний хэлж заншсанаар Дарь-Эхээс Монел өгсөх зам тэр чигтээ Жамсран уулаас буусан уруйн үерт автсан. Хэт халууны дараа гэнэт асгарсан аадар бороонд хэн хүнгүй л бэлэн биш байлаа.

300 шахам айлын хаяагаар улаанаар эргэлдэж буусан уулын үер дөрвөн хүний эрдэнэт амийг аван одсон. Тун харамсалтай уг үйл явдлын араас нийгэм тэр чигээрээ цахим хуудсаар хэн нэгнийг буруутган, эрэл хайгуул, хэрүүл уруул хийж, өөр нэг хэсэг нь хандив буяны ажил хийгээд завгүй.

Энэ зуур нийслэл хотын ажлын алба, Онцгой байдлын газар, зэвсэгт хүчний анги салбар, Тохижилт үйлчилгээний газар, эрүүл мэндийн салбар төвүүд, Усны  газар гэх мэтчилэн хамаг л хүн хүчин нөхцөл байдалтай нүүр тулан, өдөр шөнөгүй ажиллаж байлаа.

Манай сурвалжлах баг маань Дарь-Эхийн уулзвараас дээш явган алхаж, шороо зөөсөн том оврын машинуудын тоосон дундуур өгслөө. Үерийн өмнөхөн явснаа санахад замын хажуугаар тасралтгүй үргэлжлэх улаан хашаатай айлууд байсан сан. Гэтэл энэхүү дүр зураг нүднээ хоосон, хөндүүртэй бууж байв. Хашаа байсан газар овоолсон хэдэн банз, урсаж ирсэн хог шороонд хутгалдан юу ч биш болчихсон овоорно.

Ажлын бээлийтэй нэгэн өвөө нурж унасан амбаараасаа юу ч мэдэгдэхгүй болсон эд хогшил гаргаж харагдана. Зарим нэг айл хашаанд нь орвонгоороо эргэсэн байдлаа ажин толгой гудайлган сууна.

Онцгойн ажилчид болон ТҮК-ийнхан тасралтгүй хүрздэж, лаг хагшаасыг цэвэрлэнэ. Дуу чимээ, дүр зураг гээд л дайн, гамшгийн дараах хөндүүрлэм кино мэт. Айлууд эвдэрч хэмхэрсэн хашаа хороо, гэр бараагаа наранд гаргаж, зогсоо зайгүй хөдөлцгөөнө. Тэдний хувцас, нүүрэнд нь чийхарсан хөлсийг харахад дэвтэр барин алхаж буйдаа жаахан эмзэглэх шиг.

Ариутгалын усан буутай том машин тогтмол дээш, доош явах хэдий ч урсаж гарсан нойлын үнэр үе үе хамар сэтлэх шахаж байлаа.

Явган хүн явах зай бараг л үгүй бөгөөд өгсүүр ширтэхэд хараа дүүрэн том машин, овоолсон хог шороо л угтана. Мөн нөхцөл байдалд ажиллаж буй албан хаагчид дээр нэмэгдэн сайн дурынхан ч ирж харагдана. Хамгаалалтын цагаан хувцас өмссөн 30 шахам хүн цугларч, хүрз шуудай болжээ.

Хариуцсан нэгэнтэй уулзах санаа төрөөд алхаж байтал өөрөө тосож ирэв. Цагаан хувцасныхаа малгайг буулгаж, өөрийгөө танилцуулаад “Ардчилсан намынхан сайн дураараа нэгдлээ” гэх аж. Угтаа бол сайн дураараа гэмээнэ хариу нэхээгүй тус байдаг сан биш билүү. Олонд харагдчих юмсан гэж сэтгээд, зураг хөргөө татуулж байж л ажил нь эхэлдэг болчихсон бололтой юм. 

Нэгэнтээ нөхцөл байдал ийм байгаад туслахаар ирсэн нь тун сайхан болохоор яриа тодруулга авч өгөхөөр боллоо. Гэтэл нэг залуу камерын өмнө “Манай намынхан цуглаад” гэж ярина. Энэ нөхцөл байдалд ийм үг хэлээд зогсож байдаг нь ой гутам биш гэж үү?

“Нөхцөл байдал ийм байгаа нь үнэхээр сэтгэл өвтгөж байгаа учраас манай АН-ын залуус нэгдээд энд ирж байгаа юм аа” гэж хэлээд, нэг тийм лоозон уншиж байгаа сумын ухуулагч шиг санагдах дор яриа авахаа болимоор санагдсан юм.

Аль ч нам нь бай ард иргэдийн зовлон дээр зоолж буй нохой шиг үйлдэл гаргах нь доромжлол мэт санагдана. Цахим хуудсаар ч мөн “сонгогдсон гишүүд нь” гэж ирээд л хэрүүл эхэлж харагдана. Энд яг юу чухал вэ?

Орон гэргүй болсон иргэд түр хонуулах байранд үр хүүхдээ орхиод, хашаа хороогоо засан өдөр шөнөгүй ажиллаж байхад “Манай намынхан ирлээ” гэх нь дургүй хүргэх нь ойлгомжтой.

Ерөнхий боловсролын 127-р дунд сургуульд хүрэхэд албан хаагчид ээлжлэн хоолондоо орж байлаа. Ачаа барааны цуваа бэлдэж, хэрэгсэл хангамжийн тооллого тасралтгүй өрнөнө. Нөхцөл байдлын судалгаа хийж буй удирдах албан тушаалтан тодруулга өгөхөөс ч цааргалан ажлаа шалавлаж байсан юм. Энд ийм байхад тэнд зураг татуулж байдаг гэж бодсоор дээш өгслөө.

Уулын энгэрт байх нэгэн гэр тэр чигтээ үерт автаад, бүртийх ч зүйл үгүй болсон бололтой. Нэгэн ахимаг насны эр бодол болон суух аж. Гэрийн мод, ачаа бараа талаар нэг. Чухам ажлын хүн хүч доороос эхлэн зам, хашаа хайсыг цэвэрлэсээр дээшилж буй. Гэтэл яг үерийн эхэн болсон газрын ойролцоо хүн хүчин арай л ирж амжаагүй байв. Олны анхаарлын төвд бөөнөөрөө байсан дор тал талд таран иргэдэд очих нь уг нь хэрэгтэй сэн гэж өнөөх цугласан хэдийг бодно.

Ийн бодолхийлэн алхаж байхад явган хүний замын хэсэг урсан алга болсныг харахад гайхал төрнө. Явган хүний замын хажуу хэсэг тэр чигтээ усанд угаагдан хоосон болоод, асфальтан зам нь ховхорч буй шавар шиг зомголтон үлдсэн байлаа. Мэдээж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө нийслэлчүүд бидний бүтээсэн хот ямагт сул дорой. Тэр тусмаа өнөөдрийг хүртэл сул дорой байж ирсэн.

Өдрийн халуун, сул шороо, бохирын үнэртэй холилдон манарсан их хөл хөдөлгөөн хотын төвөөс хэдхэн километрийн зайд өрнөнө. Дуу чимээ, хэрүүл маргаан, цахим ертөнц энэ бүхнээс ангид жирийн ажилчин, жирийн иргэний хөлс урсаж, нулимс цийлэгнэнэ.

Усанд хамагдан урсаж ирсэн машинуудыг гаргаж тавьсан байх ба хэн нэгний хүч хөдөлмөрөөрөө авсан эд хөрөнгө цаасан завь шиг шалба норон үнгэгджээ. Энэ мэтчилэн гамшигийн голомтыг ажиглаад буцах зуур цэвэрлэх ажил өчүүхэн ч саараагүй үргэлжилнэ.

Энэхүү дуусаагүй сурвалжилга шиг дуусаагүй их ажил байхад хэн хэн нь тийм ийм гээд яалтай. Нэг голын усанд хоёр орохгүй ч нэг үерийн амаар дахин үер болох л байх гэж санана.

Хотын дарга газар хууль бусаар олгосон хорооны дарга нарт яаралтай хариуцлага тооцохыг Баянзүрх дүүргийн засагт даалгасан. Ингээд бодохоор их цэвэрлэгээний ажлын дараа нэлээн л юм болох болов уу.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу