Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн удирдагчдын уулзалт (БРИКС) Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Йоханнесбург хотноо эхлэв. Оролцогч талууд дэлхийн дэг журамд илүү тэнцвэртэй байдлыг бий болгохыг эрмэлзэж байна гэж NHK онцолжээ.

Энэхүү уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох эсэх асуудал олны анхаарлын төвд байв. Тэрбээр энэ удаагийн уулзалтад оролцсонгүй. Хэрэв оролцсон бол дайны гэмт хэрэгт буруутгагдан баривчлагдаж магадгүй байв.

Путин БРИКС-ийн уулзалтад дүрс бичлэгээр дамжуулан үг хэлсэн бөгөөд тус бүлэг “дэлхийн олонх”-ын төлөө ажиллаж буйг онцолжээ.

ОХУ-ын удирдагч “Бид эрх тэгш байх, бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан хамтран ажилладаг. Энэ бол манай холбооны ирээдүйн чиг баримжаа бүхий стратегийн чиг үүргийн мөн чанар бөгөөд дэлхий дахины дийлэнх хэсгийн хүсэл эрмэлзэлд нийцсэн чиг хандлага мөн” гэж хэлсэн байна.

Дэлхийн хүн амын 40 хувь нь амьдардаг улсууд БРИКС-т нэгдсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Зарим шинжээчид БРИКС-ийг “Долоогийн бүлэг” зэрэг барууны орнуудын тэргүүлсэн форумын өөр хувилбар болж чадна гэж үздэг. Тиймээс тус бүлэгт эгнээгээ өргөжүүлэхийг санал болгосоор иржээ.

Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао өнгөрсөн Мягмар гарагт тус улсын дарга Ши Жиньпинийг төлөөлөн бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалтад оролцож үг хэлжээ.

Тэрбээр “Өнөөдөр БРИКС-ийн орнууд болон бусад 50 гаруй орны төлөөлөл хэн нэгнийг татан оролцуулах, хэн нэгэн хийгээд аль нэг талыг сонгох, хуаран хоорондын сөргөлдөөнд оролцохын тулд бус, харин энх тайвнаар хөгжих агуу загварыг бүтээхээр Өмнөд Африкт чуулж байна” гэжээ.

“Брикс” бүлгийн 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын тов гарахаас өмнө гишүүн орнууд элсүүлж, бүл нэмэх асуудал яригдсан бөгөөд БНХАУ, БНЭУ-ын төрийн тэргүүнүүд элсэх хүсэлт гаргасан орнуудыг БРИКС-т элсүүлэх асуудалд нааштай хандаж, зөвшөөрсөн байр суурь илэрхийлсэн билээ.

ЮАР поддерживает расширение БРИКС, заявил Рамафоса - РИА Новости, 20.08.2023

ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса БРИКС-ийн гишүүнчлэлийг өргөжүүлэх асуудалд ӨАБНУ БНХАУ-тай ижил байр суурьтай байна. Бид стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нэгдлээ өргөжүүлэх нь хамгийн зөв сонголт. Энэ асуудалд дэлхийн өмнөд хэсэгт орших орнуудын төлөөллийг илүүтэй дэмжинэ” гэж мэдэгджээ.

БРИКС-ийн удирдагчид шинэ гишүүнчлэлтэй холбоотой шалгуурын талаар тохиролцоогүй байгаа аж. Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва тус бүлэг баян чинээлэг орнуудтай өрсөлдөх зорилгогүйг мэдэгдсэн байна. АНУ-ын эрх баригчид энэ санааг давтаж “БРИКС бол өөр өөр үзэл бодолтой янз бүрийн улс орнуудын бүлэг” юм гэжээ.

БРИКС 2009 онд анх байгуулагдсан, таван гишүүнтэй нэгдэл. Ирээдүйд G-5 болох том амбицтай байгууллага. Анх ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил гэсэн дөрвөн улс нэгдсэн. Гэвч хүрээ зангараг нь дэлхийн хэмжээнд нөлөөлөхүйц орнууд. Бараг бүх тивийг дамнасан улсын төлөөлөл энэ байгууллагад бий. Хожим ӨАБНУ нэгдэж орсон, бусад улсуудтай харьцуулахад хүчин чадал нь сул ч Африк тивдээ  нөлөөтэй том улс юм.

Зарим шинжээчид хоёрдугаар дайны дараа дэлхийн санхүүгийн тогтолцоонд ноёлж ирсэн, дэлхийн санхүүгийн бодлогыг тодорхойлдог Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг байгууллагын ноёлол, үйл ажиллагаатай өрсөлдөх зорилгоор байгуулагдсан, өөрийн гэсэн өнгө төрхтэй, дэлхийн хэмжээний шинэ санхүүгийн байгууллага гэж дүгнэсэн нь бий.

Эх сурвалж: NHK, TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу