“ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗОХИОЛЧИД МОНГОЛД” төслийг ”Нэпко” болон “Тагтаа” хэвлэлийн газар хамтран эхлүүлж буй. Тус төслийн анхны зочноор Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсан билээ.
Зохиолч Үй Хуа есдүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зочлох ба Үндэсний номын баярын өдрүүдээр уншигчидтайгаа уулзаж, залуу зохиолчдод санал зөвлөгөө өгөх ажээ.
Тэрбээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг юм. Зохиолч нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагдсан байдаг.
Түүний “Амьдрахуй” романаар нэрт найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч байв. Эх оронд нь дээрх киног гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан билээ.
Түүний зохиол бүтээл доторх өнгөлж, гангалаагүй амьдралын үнэн төрх нь уран зохиолын үнэ цэн, чадал чансааг илтгэж буй. Үй Хуа зохиолчийн нэгэн ярилцлагаас иш татан түүний өөрийн үзэл бодол, өнгө аясаас уншигч танд хүргэж байна. 
(Эх сурвалж: Тагтаа паблишинг)

СУРВ: -Таны бүтээлүүдийг Хятадад хэт авангард, тэрслүү гэж үздэг байсан гэлцдэг. Яагаад тэгж үздэг байсан юм бол? Та үнэхээр зохиол бүтээлээрээ нийгэмтэйгээ тэрсэлддэг хэрэг үү?

ҮЙ ХУА: -Тийм ээ, 1980-аад онд намайг авангард, тэрс зохиолч гэлцдэг байлаа. Тэр үед уран зохиолоор хүн юу илэрхийлж болох тэр бүхнийг л туршихыг хүсэж байжээ. Намайг зохиол бичиж эхлэх үест Хятад орон Соёлын хувьсгалын он жилүүдийг ид туулж байлаа шүү дээ. Уран зохиол гээч юм байсан ч үгүй. Романууд нь ялгарах юмгүй ижилхэн. Маш эмгэнэлтэй нөхцөл байдалд байлаа шүү дээ, бид. Тэр цаг үеийг гэтэлж гарахын тулд бид бичлэгийн өөр өөр арга хэлбэрүүдийг туршиж эхэлсэн юм. Хятадын уран зохиол одоо ийм баялаг өнгө төрх, олон янзын илэрхийлэлтэй байгаа нь тэр үед элдэв янзын юм уйгагүй туршиж байсан миний болоод хэдэн нөхдийн минь гавьяа гэдэгт би итгэдэг. 1990 оноос хойш, “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл” хоёроо барьж авснаас эхлээд би харьцангуй хялбар, төвөг багатай хэв маягаар бичих болсон. Дүрүүдийнхээ дуу хоолойг сонсож эхэлсэн хэрэг. Зохиолдоо илүү автаж, дүрүүдийнхээ мөн биед орж явчихсан минь тэр. Үнэхээр гайхалтай мэдрэмж шүү.

СУРВ: -Авангард стилиэр бичдэг хүнд юу нөлөөлсөн болоод тийм уламжлалт, энгийн маягаар бичиж эхлээ вэ?

ҮЙ ХУА: -Хятадын уран зохиолын шүүмжлэгчид ч бас ингэж гайхдаг юм. Харин би бол дүрүүддээ ханддаг миний хандлага өөрчлөгдсөн учраас л тэр гэж хэлнэ. Наяад онд бичиж байсан юмсыг маань харвал зохиолч бол бурхан, зохиолч бүгдийг мэднэ, зохиолч бүгдийг зохиож чадна гэсэн хандлага давамгайлж байгаа. Тийм ч учраас босгосон дүрүүд маань дохио тэмдэг төдий абстракт болчихжээ. Харин 1990-ээд он гарах үест би дүр маань өөрийн гэсэн дуу хоолойтой, өөрийнхөө өмнөөс хүүрнэж чадах юм байна гэдгийг гэнэтхэн ухаарсан юм. Эхэндээ бол би юу бичихээ мэдэж байдаг, нэг мөр тавиад араас нь юу бичих, түүнийгээ залгуулаад ямар өгүүлбэр тавихаа ч бодчихсон, энэ хэсгийг бичих амархан, тэр хэсгийг бичих хэцүү байх болно гэдгийг ч тооцчихсон байдаг байлаа.

“ҮЙ ХУА: БИЧИЖ БАЙЖ МИНИЙ АМЬДРАЛ БҮТЭН БОЛДОГ
 2019-12-10  ЯРИЛЦЛАГА-аас хэсэгчлэн авав”
Зохиол бүтээлүүд нь олон улсад танигдахын хэрээр зохиолчийн нэр хүнд төдийчинээ өсөж, Жэймс Жойсын нэрэмжит шагнал болон Италийн утга зохиолын Grinzane Cavor, Францын утга зохиолын Courrier international зэрэг уран зохиолын нэр хүндтэй олон шагнал хүртжээ.
Зохиолч Хятадын багахан сууринд өссөн бөгөөд түүний эцэг, эх хоёулаа эмч мэргэжилтэй байсан гэдэг. Мөн зохиолч өөрөө шүдний эмчээр таван жилийн турш ажилласан байдаг.  Ажил мэргэжил болон соёлын хувьсгалын он жилүүд дунд өнгөрсөн сурагч насных нь дурдатгалууд ч зохиол бүтээлд нь шингэснийг түүний уран бүтээлийг шимтэн уншигчид андахгүй мэдэх биз ээ. 
Өмнөх жилүүдийнхээс илүү анхаарал татсан энэ жилийн номын баярыг зорих уран зохиолд шимтэгчдийн сэтгэл хүлээлтээр дүүрэн байгаа нь эргэлзээгүй. 
А.САЙХАН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу