Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Гюүг хааны захидлын дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барилаа.

Хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэйг Ватиканы нууц архивт хадгалагдаж буй харилцан солилцсон захидал, түүхэн баримт бичгүүд нотолдог. Тэдгээр захидлуудаас манай улс сүүлийн 30 жилд 10 захидлыг хуулбарлан авчээ.

Пап Францисын бэлэг болгон өгч буй захидлын хуулбар 777 жилийн тэртээ Пап IV Иннокентийн Их хаанд илгээсэн захидлын хариу юм.

Пап Францис “Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай” хэмээн хэлэв.


ТУХАЙН ҮЕИЙН ПАПЫН ЭЛЧ ПЛАНО КАРПИНИГИЙН ИХ ХААНД ХҮРГЭЖ БАЙСАН ЗАХИДЛЫН ТУХАЙ БОЛОН ГҮЮГ ХААНЫ ХАРИУ ЗАХИДАЛ

1245 он

Ромын Пап IV Инносент Монголын Их хаанд

Пап IV Инносент 1245 онд Монголын их хаанд илгээсэн захидлаа Плано Карпини-гаар хүргүүлсэн. Уг захидалд Их хааныг Европын орнуудыг эзлэн түрэмгийлэхээ зогсоохыг тэнгэр бурхны нэрийг барьж, гуйсан төдийгүй монголчуудыг найрамдаж, хойшид хэрхэхээ дуулгахыг хүссэн.

Мөн Плано Карпини монголчуудыг христийн шашинд орох ятгалгыг Гюүг хаанд амаар хэлсэн гэж түүхчид үздэг. Плано Карпини барууны ертөнцөөс анх удаа Папын элчээр томилогдон Монголын эзэнт гүрэнд очсон элч нарын нэг юм. Түүний бичиж үлдээсэн аяллын тэмдэглэл тухайн үеийн монголчуудын аж амьдралын талаар Европ тивд танигдсан бүтээлүүдийн нэг юм.

1246 он
Гүюг хаанаас Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал
“Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Корал хэмээх газар хуралдай хийж ахуйд та нар элч томилон гуйчлуулав. Гуйчлалыг чинь элчдэн сонсов. Та нар хэрвээ өөрийн үгэндээ суух болбол шашны их хаан чи биеэр ирж бидэн лүгээ учрах хэрэгтэй бөгөөд би та нарт засагт дурдаж бүхий зарлиг бүхнийг сонсгосугай.
Бас надад угаалын ёсыг хүлээлгэх нь сайны ёс хэмээн та нар хэлэв. Та нар элч томилон гуйчилсан нь цэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгоогүй болой. Бас та нар элч томилж, Та нар бүх Мажар ба Христосын мөргөлтний орныг эзлэв хэмээнэ. Би ихэд цочив. Бидэнд авч хэлбэл энэ нь аль хэр буруу аж? хэмээн надад хэлүүлэв.  Эдгээр үгийг тань бид үл ойлгов.

Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэдгээр хоёр хүмүүсийг тэнгэрийн бошгыг дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг эс дагав. Чиний өгүүлэн бүхий тэдгээр хүмүүс их чуулган цуглаж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийг алав. Тиймээс мөнх тэнгэрийн хүчинд, тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аврав. Энгийн иргэдийг хэрхэн барих ба алах вэ?

Чи өгүүлсэн биш үү? Би бол Христос мөргөлтөн. Дээд тэнгэрийг хайрлана. Байлдааныг жигшинэ. Гэтэл дээд тэнгэр чинь эл нүгэл хийсэн атал бас энэрэхүй сэтгэлийг өвөрлөнө гэснийг чи мэдэх үү? Чи ийм үг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних вэ?

Наран мандах орноос, наран шингэх орон хүртэлх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин маныг ивээв. Тэнгэрийн бошгоос гадуур хэн ч дураар үйлдэж үл болно. Одоо та нар бид болбол танай харьяат албат, эд хөрөнгийг дуртай өргөнө хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чиний харьяат ван нараа дагуулан нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбол бид та нарыг эеэр дагагч хэмээн үзнэ.

Хэрвээ та нар тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг минь эсэргүүцвээс даруй дайсан хэмээнэ. Дээр дурдсан аливаа зарлиг бүхнийг ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөл хэрхэхийг тэнгэр мэднэ”.

 Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу