Хиймэл оюун ухаан ашигласнаар бидний нийгэмд олон төрлийн үйлчилгээ дэлгэрч байна. Хамт байх боломжгүй нэгэнтэй нь хамт зураг болгон мөнхөлдөг Digital AI-ын үүсгэн байгуулагч Г.Анартай ярилцлаа. Технологийн дэвшилтэт хиймэл оюун ухаанаар дурсамж бүтээгч тэрбээр одоо 19 настай. Монголд хиймэл оюун ухаанаар бүтээж болох шинэлэг бүхнийг хийж үзэхийг хүсдэг нэгэн юм. 

Хиймэл оюун ухаан буюу “Digital AI” ашиглаж, олон хүн баярлуулж яваад баяр хүргэе. Анх энэ санаа хэзээ төрсөн бэ?  

-Анх энэхүү санааг эгч маань надад хэлж өгсөн. “Хүмүүс хиймэл оюун ухаанаар зураг зуруулахыг их сонирхдог болсон байна. Миний дүү судлаад үзээрэй” гэсэн. Судлаад үзтэл нэлээн олон хүн энэ үйлчилгээг үзүүлдэг болчихсон байсан. Тэдгээрийн бүтээлүүдийг харахад нүдний, чихний гэх мэт жижиг алдаа ихтэй санагдсан. Тэр бүгдийг хараад боломж байгаа юм байна гэж бодсон. Одоогоор найзтайгаа хамт ажилладаг. Найз маань Сингапурт сурдаг, сурангаа надтай хамт зураг бүтээдэг. Хоёр талаасаа 24\7 гэдэг шиг л ажиллаж байна (инээв.сурв).

-Зурж эхэлж байхдаа шантарч байв уу? Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх зурж эхлээд 15 хоногтоо нэг ч захиалгагүй шахам уналтад орж байлаа. Ер нь буруу зүйл хийчихэв үү ч гэж бодож үзсэн. Гэхдээ гэр бүлийнхэн, найз нөхөд, найз охин гээд бүгд намайг дэмжиж, хамтарч, тусалж байсан. Манай гэрийнхэн зургаа зурж суухад хүртэл саад болдоггүй. Энэ бүхэн мэдээж хичээх шалтгаан мөн.

-Хиймэл оюун ухааныг зураг бүтээхээс өөр чиглэлд ашиглах боломжтой юу?

-Нэгэнт хүмүүс өөрийнхөө зургийг бүтээлгэж байгаа юм чинь маш чанартай, бас хямдаар гаргаад өгвөл бид ч өөрсдийгөө хөгжүүлээд, үйлчлүүлэгчид ч мөн сэтгэл ханамжтай байх юм байна гэж бодсон. Энэ ажлаа хийх нь надад маш тааламжтай санагдаж байна. Цаашид ч үүнийгээ хөгжүүлээд явна. Дан ганц зураг биш, постер, видео хийхээр суралцаж байна. Одоогоор AI-аар видео бичлэг хийж буй хүн байхгүй. Энэ маш ирээдүйтэй санагдсан. Одоо зураг зурж, өөрийгөө хөгжүүлж байгаад бэлэн боллоо гэсэн үедээ видео руу орох төлөвлөгөөтэй байна.

-Монголд олон хувь хүн энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Таны хувьд бусдаас юугаараа ялгардаг вэ?

Бусад үйлчилгээнээс олон дүрийн сонголттойгоороо ялгардаг гэж  хэлж болно. Зарим нь зөвхөн монгол баатрын хувцастай, чонотой, морьтой гэх мэтчилэн түгээмэл байдаг бол бид хоёр илүү чөлөөтэй, олон сэдэв, сонголттой байлгахыг хичээдэг. Үйлчлүүлэгчийнхээ саналыг маш их сонсдог. Ямар байлгамаар байна, яг ямархуу зурагтай болохыг хүсэж байна гэх мэт. Өөр газраар зуруулаад, сэтгэлд хүрэхгүй байна гээд манайд хандах нь элбэг байдаг.

-Одоо ямар төсөл, арга хэмжээнд хамтарч ажиллаж байна вэ?

-Одоо реппер ThunderZ-ийн тоглолт дээр ажиллаж байна. Мөн “Ub comedy” хамт олныг “Avengers” киноны дүрүүдэд хувиргасан. Содоо ахыг уурлах вий гэж айсан ч маш гоё хүлээж авсан.  Ер нь маш олон артист, уран бүтээлчийг зурсан, олон хүний хүссэн зургийг бүтээж өгсөн. Хийж байгаа ажилдаа маш сэтгэл хангалуун байна. Цаашдаа ч төлөвлөсөн ажлууд олон бий.

-Хүмүүс ихэвчлэн ямар үйлчилгээ хүсдэг вэ?

-Хүмүүс монгол дээлтэй зуруулахыг хүсдэг. Гэхдээ AI нь одоогоор монгол дээл зурж чаддаггүй. Бид хоёр AI-ийн хөгжүүлэгчтэй монгол дээл зурдаг болох талаар санал тавиад ярилцаж байна. Эргээд хариу өгөхөөр болсон. Мэдээж бид хоёрын зүгээс хамтарч чадах зүйлээрээ туслаад, энэхүү ажлаа бүтээхийг зорьсон.  

-Бүтээж байсан хамгийн дурсамжтай зураг гэвэл?

-Маш олон эерэг сэтгэгдэл үйлчлүүлэгчдээс маань ирдэг. Хамгийн дурсамжтай нь нэг хуримын зураг байсан. Өглөөний 07.00 цагаас хурим эхэлнэ. Тэр үеэр аав, ээжтэйгээ хамт байгаагаар зурсан зураг хэрэгтэй байна гэсэн. Шөнө дунд авсан захиалга ч гэсэн хурим, тэгээд бурхан болсон аав, ээжтэйгээ хамт байгаа гэх мэт олон гоё мэдрэмж авч байсан. Хэдий яарч хийсэн ч гэлээ гоё бүтээл болж, үйлчлүүлэгч маань сэтгэл хангалуун байсан нь санаанаас гардаггүй юм.

-Ярилцлагаа таны үгээр жаргаая. Улам олон сайхан зураг бүтээж, олон хүн баярлуулаарай!

-Манайхаар үйлчлүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчдэдээ хандаж хэлэхэд хамгийн чанартай сайн бүтээлийг хямдаар гүйцэтгэж өгөх болно. Бид хичээх болно. Дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

May be an image of 1 person and text

-Ярилцсанд баярлалаа, Амжилт хүсье!

Ц.ХОНГОР

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                   

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу