Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 30 хувийг хангадаг “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна.

Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлдэг. Тус компани өнгөрсөн онд 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

Нэг тонн нүүрс олборлох зардал нь 45 мянган төгрөг, эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39 мянга байдгаас болж “Шивээ-Овоо” ХК алдагдалтай ажиллаж буй юм. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны алдагдал 15 тэрбум төгрөгт хүрчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанид ажиллах үеэрээ санхүүгийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна. Тэрбээр “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт-ийн цахилгаан станц барих асуудлыг судалж үзэхийг даалгасан байна. Энэ нь тус компанийн санхүүгийн алдагдлыг бууруулах нэг арга зам юм.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогтын хэлснээр, “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсийг дулааны цахилгаан станцад нийлүүлэхээс гадна экспортод гаргах боломж бий бөгөөд ойрын хугацаанд экспортод гаргахаар судалж байгаа аж.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу