“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2023.09.12) эхэллээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан дараах тайлбарыг хийлээ. 

Тэрбээр “Нүүрсний гэх хэргийг шалгаад, их олон сар боллоо. Аль болох хурдан энэ хэрэг шийдэгдээсэй гэж хүсэж байна. Олон сар би энэ хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Надад нүүрстэй холбоотой ямар ч асуудал байхгүй.

Энэ 11 хүн тус бүрдээ янз бүрийн үндэслэлээр шалгуулж байгаа юм шиг байна. Энэ бүгдийг надад хамаатуулж  яриад байгаа нь буруу. Урьдчилсан хэлэлцүүлэг дахиад үргэлжилнэ. Та бүхэн бүх зүйлийг нээлттэй харна. Олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэж, үнэн мөнийг харуулах үүднээс шүүх хурлыг нээлттэй хийх санал гаргасан.

Үндэслэлгүй хөрөнгөжсөн, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэж зүйл ангиар шүүж байна. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэж хүний санаанд байж боломгүй зүйл ярьж байгаа юм. Шударга бус үйлдлүүдийн төлөө жагсаал цуглаан хийж, дуу хоолойгоо хүргэж явсныг маань харлуулж, гүтгэж байгаа хэрэг. Энэ нэг ёсны эрүү шүүлт гэж харж болно. Монгол Улсын иргэний ёсоор шүүхээ хүндэтгээд, шалгуулаад л явж байна.

Үндэслэлгүй хөрөнгөжих асуудал дээр ч мөн ялгаагүй. Анхнаасаа л би шалгуулсаар ирсэн. Бусдадаа ч би уриалдаг. Одоо зөвхөн нүүрсний хэргээр намайг шүүгээгүй. Өмнөх авлига, албан тушаалын асуудал байгаа талаар л хэрэг үүсгэж байна.

Миний ажлын албанд ажиллаж байсан хүмүүс тухайн компанид ажилд орсон асуудал байгаа юм билээ. Тэдний юу хийж, яаж явсныг би мэдэхгүй шүү дээ. Яг л та бүхний адил нүүрсний гэх хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна. Энд ирсэн байдлаар бол нүүрстэй холбоотой хэрэг байхгүй.

Зохион байгуулалттайгаар хэн нэгнийг, тэр тусмаа намайг харлуулах гэж оролдож байгаа энэ үйлдлүүд, захиалгатай мэдээллүүд цацагдаж байгаа нь жинхэнэ нүүрсний хэрэгтнүүд мултрах вий гэх хардлага төрүүлж байна. Нүүрсний бодит хэргийг замхруулах гэж оролдож байна. Шийдэгдсэн гэж ард иргэдэд ойлгуулаад, өөрсдөө мултрах арга хайж байгаа ч байж болох юм гэсэн хардлага төрж байна.

Эзэнгүй хэрэг байна гэж байхгүй. Хууль хяналтын байгууллагууд ч энэ тал дээр сайн ажиллах байх. Би нүүрсний сонсгол дээр ч өөрөө оролцох хүсэлтээ өгнө. Х.Нямбаатар сайд ч энэ асуудлыг хурдан шийдэхээр хичээж байгаа нь сайшаалтай байна” гэлээ. 

А.САЙХАН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу