DOBU.mn сайт аймгуудын Засаг дарга нарын талаарх мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг онцолж байна.

Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгатай холбогддог бас нэгэн бөх нь Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар. Тэрбээр аймгийн заан цолтой. 2012-2016 оны хооронд аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байгаад, 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөж байв. 

О.Амгаланбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Улмаар зиндаа буурч, орон нутгийн сонгуульд өрсөлдсөнөөр дахин Засаг дарга болсон түүхтэй. Засаг даргаар томилогдсон даруйдаа намын ялгаа гарган, 30 гаруй мэргэшсэн төрийн албан хаагчийг ажлаас нь халж, оронд нь өөрийн хүмүүсээ томилсон гэдэг. Тухайн үед үндэслэлгүйгээр ажлаас халсныг нь хэдэн залуус эсэргүүцэхэд “Миний ард АН байгаа шүү” гэж томорсон байгаа юм. 

О.Амгаланбаатарын намчирхал хэрээс хэтэрсэн гэдгийг аймгийнхан нь ам уралдан ярьдаг юм билээ. Ер нь аймгийн иргэдээр ч зогсохгүй УИХ-ын түвшинд ч яригдаж байсан.

Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Говь-Алтай аймагт уулзалт хийх гэтэл хөгийн юм боллоо. Арайхийн хүмүүс цуглуулаад уулзалт хийх болтол тогоо тасалчих юм. Гадаа гараад мэдээлэл өгье, лайв хийе гэтэл дахиад тог тасалчих юм.

Энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь түгээгүүрийн нөхөр байдаг сурагтай. Сонгуулийн үеэр байнга тог тасалдаг, уулзалт хийхээр тог тасалдаг. Өөр намын хүн ирэхээр тогоо тасалчихдаг. Ийм нөхөр байна аа, хэтэрхий улс төржсөн. УИХ-ын гишүүн очоод, ажлаа тайлагнаж байхад тасалчихдаг, яах вэ” хэмээн хэлж байв. Үүнээс Говь-Алтайн Засаг дарга хүнийг ямар их нам, эвслээр нь ялгаварладаг вэ гэдгийг харж болно. 

О.Амгаланбаатараас хачин жигтэй санаанууд гардаг. Тухайлбал, 2016 оны сонгуулийн өмнөхөн “Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн хуванцар савтай цэвэр усан дээр өөрийнхөө зураг, албан тушаалыг хэвлүүлж явсан.  

Орон нутгийн хөрөнгөөр өөрийнхөө сурталчилгааг хийхийг завдсан уг үйлдлийг Авлигатай тэмцэх газар хянан үзээд, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус зөрчсөн байна гэж үзэж, сануулга өгсөн байдаг. 

Бас нэг тэнэглэл нь тэр өнгөрсөн онд “Алтайн залуус” чуулга уулзалт зохион байгуулж, үүгээрээ ганц бие залуусыг хооронд нь танилцуулж байв. Уг нь аймагт нь мундахгүй олон асуудал баймаар юм. Мөн тэрбээр аймгийн төсвийг зориулалтын бусаар ашигласан тухай мэдээллүүд хөвөрдөг.

Сүүлд гэхэд өнгөрсөн оны зургаадугаар сард аймгийн төсвийг зориулалтын бусаар зарцуулж, хамаарал бүхий этгээдүүдэд газар олгосон, Тамгын газрын нэр дээр байсан “Land Cruiser 200” маркийн автомашиныг нэг сая төгрөгөөр хувьчилсан гэх асуудал дэлгэгдэж, энэ талаар ярьж буй бичлэг нь цахим орчинд тарсан. Эл асуудал өндрөө авсан тул тэрбээр Авлигатай тэмцэх газарт өөрийн биеэр хандаж байв. 

О.Амгаланбаатар 2020 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогоо 3 сая 579 мянган төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлогоо 9 сая 240 мянган төгрөг хэмээн мэдүүлж байжээ. Харин 2022 онд өөрийн орлого нь 37 сая 690 мянга болж өссөн байна. Гэтэл гэр бүлийн орлого нь тэг болжээ. 

Тэрбээр 300 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 1,5 сая төгрөгийн хадгаламжтай. Харин үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, газар байхгүй гэж мэдүүлсэн байна. 

Түүний боловсрол, ажлын туршлагатай танилцъя.

Боловсрол: 

  • 1984-1994 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын нэгдүгээр сургуулийг
  • 1998 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 2013 онд Эдийн засаг-Бизнесийн дээд сургуульд “Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага ба төрийн алба” сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан. 
  • 2016 онд Хдөө аж ахуйн их сургуулийн Агрономын докторын сургуульд элсэн суралцжээ.

Ажлын туршлага: 

  • 2006-2008 онд Бургастай гаалийн хорооны гаалийн улсын байцаагч
  • 2008-2009 онд Эрдэнэт гаалийн хорооны гаалийн улсын байцаагч
  • 2009-2012 онд Гашуун сухайт гаалийн хорооны гаалийн улсын байцаагч
  • 2014-2016 онд Говь-Алтай аймгийн Засаг дарга
  • 2020 оноос Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Х.ТҮШИГ

Бидний бэлтгэсэн өмнөх мэдээллүүд: 

Х.Баттулгын бие хамгаалагчаас Булганы Засаг дарга болсон Б.Ариун-Эрдэнэ гэж хэн бэ

Томилогдоод дөрвөн сар болж буй Баян-Өлгийн Засаг дарга А.Камелият гэж хэн бэ

Эд хөрөнгө нь арвижин өсч яваа Архангайн Засаг дарга Б.Цэрэннадмид гэж хэн бэ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу