Баруун аймгаар тойрч явсаар Архангайд аяны дөрөө амсхийлгэв. Аргагүй сайхан намар тэнд л болж байна. Сүүлийн хэдэн өдөр бороо ороод жаахан зутруухан байна гэж малчид хэлэх ч магад намрын нэг л өнгө шүү дээ хэмээн бодож алхлаа. Аймгийн төв Цэцэрлэг хот, сумдын төвүүд эл хуль. Сургуулийн хэдэн хүүхдүүд, сугадалцан яаран алхах эмэгтэйчүүд л гудмаа чимнэ. Төвийн эрчүүд бүгд цэрэгт явчихаа юу гэмээр өдрийн од шиг харагдана.

“Танай эрчүүд хааччихаад ийм эл хуль байгаа юм” гэхэд “Манайхан самарт явсан” гэцгээнэ. Архангайн өрхүүдийн амьжиргаа залгуулах нэг боломж нь байгалийн самар юм байна. Ноднин тус нутагт самар ургаагүй ч энэ жил сайн ургасан байна лээ гэх үгс залуусыг нь уул руу хөтөлжээ. Аймаг, сумдын төвд тогтмол ажлын байр байхгүй тул байгалийн хишиг хүртэхээр хэд хэдээрээ нийлэн гал болж аваад гарч өгцгөөсөн байх юм. Төр нь залуусаа бодлогоор дэмжиж ажлын байр бий болгоогүй нөхцөлд хүн амьдрахын тулд өөр өөрийн замыг сонгодгийн нэг нь энэ жил самар болж байна.

Самар нэг талаасаа амьжиргаа залгуулах нэг хэрэгсэл мэт харадах ч татвар хураамжаа аваад зөв зүйлд зарцуулбал бүтээн байгуулалт болдог гэдгийг 2016 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумынхан харуулж байв. Яасан гэхээр тэр жил суманд нь самар сайн ургаж иргэдийн түүсэн самарны 1 кг тутмаас 800 төгрөгийн татвар авснаар 800 сая төгрөгийн татвар сумын төсөвт хуримтлагдан түүгээрээ сум нь хүрэлцээ багатай байсан хүүхдийн цэцэрлэг барьж тэр үедээ л шуугиулж байв. Цэцэрлэгээ “Боргоцой” хэмээн нэрлэж байсан санагдана.

Архангайн залуус ямартай ч ууланд гарч муна мөрлөн самар түүцгээж байгаа юм. Аймгийн төвийн төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудаас эхлээд төрийн албан хаагчид хүртэл бямба, ням гарагийн амралтаа дайруулан самарч явцгааж байна. Ноднин самар бага ургасан бол энэ жил байгаль хишгээ харамгүй хайрласан гэдгийг нутгийнхан ярьж байсан. Гагцхүү самарны үнэ өмнөх жилүүдээс хямд байгаа аж. Өмнө жилүүдэд нэг кг самрыг нь ченжүүд 12-15 мянган төгрөгөөр авч байсан бол одоо 6000 орчим төгрөгийн ханштай байгаа гэнэ.

Самарт явахаар хүнсээ зэхэж байсан зарим хүнтэй ярилцаж байхад “Энэ жил самарнаас олсон мөнгөөрөө приус 20 худалдаж авна. Хоёр сар ууланд байхад хийчих байх. Манай нутагт хүмүүс ирж ууланд өвөлжөөд хоёр өрөө байрны мөнгө хийгээд явдаг” хэмээн ярина.

Архангай аймгийн төвөөс хойшоо ууланд гараад самар түүчихдэг гэнэ. Ажил албатай хүмүүс нь амралтын өдрөөрөө, тогтсон ажилгүй иргэд нь өөрийн дураар самарт явцгааж, аймаг, сумдын төв эл хуль байна.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу