DOBU.mn сайт аймгуудын Засаг дарга нарын талаарх мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Дархан-Уул аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргалыг онцолж байна.

Попролоороо олонд таалагдаж, анхаарал татдаг Засаг дарга нар аймаг, орон нутгуудад бий. Тэдний тэргүүн эгнээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал жагсана. Тэр цахим орчинд яаж олныг татаж, уянгалуулахаа сайн мэддэг нэгэн. 

2020 оны орон нутгийн сонгуулиар Дархан-Уул аймгийн 33 мандатын 32-ыг МАН авч, аймгийн Засаг даргад олонх нь Б.Азжаргалыг дэмжсэн. Улмаар У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ батламжилсан. Үүнээс өмнө тэрбээр Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, Засаг дарга, Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж, улмаар Дархан-Уул аймгийн Засаг дарга болсон.

Аймгийн Засаг даргын ажлаа авсан эхний өдрөө өөрийнхөө гар утсаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс 800 гаруй санал авсан гэдэг. Мөн тэр “Ковид-19”-ийн үед өөрийн биеэр голомтуудад ажиллаж, нүүрэн эгнээнд сөрж зогсдог баатрын дүрд тоглосон.

Энэ үеэр нийслэлчүүд цахим сүлжээнд “Д.Сумъяабазараар тулах уу” гэх зэргээр хөнгөн наргиад амжсан байдаг. Сүүлд гэхэд тэр “Электрон тамхи худалдаалахыг хориглох”, “есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан 2-5 настай, 1-р ангид элсэн орж буй хүүхэдтэй албан хаагчдад өглөө, өдөр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх үеэр 2 цагийн чөлөө олгох” зэрэг шийдвэрүүд гаргаснаа цахим хуудастаа нийтэлж, олон нийтээс ээлжит онц дүнгээ авсан. 

Б.Азжаргал сошиал сүлжээнд ийм идэвхтэй, төдийлөн ач холбогдолгүй ч олны хэрэгцээнд тулгуурласан “хөнгөн” шийдвэр гаргаж, тоглолт хийдэг. Үүнийхээ цаана хууль бус томилгоо, хууль бус газар олголтын асуудалтай холбогддог.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Дархан-Уул аймгийн газрын албаны дарга Д.Батчулуун 461-р хорих анги рүү ачигдахад Б.Азжаргал хамгийн их сандарч, үүдийг сахиж суусан гэдэг. Үүний шалтгааныг нь хэвлэлүүд газрын асуудалтай холбон тайлбарласаар ирсэн.

Энэ үзүүрээс нь хөөгөөд үзвэл, хөвөрсөөр эцэстээ 2.8 тэрбум төгрөгийн хахууль авчихаад 40 сая төгрөгөөр торгуулиад өнгөрсөн, УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дамдины Хаянхярваа дээр очиж байгаа юм. 

Учир нь Б.Азжаргал дарга Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат, Газрын албаны дарга Д.Батчулуун нартай хамтран газрын наймаа хийсэн байх магадлалтай гэх мэдээлэл бий юм.

С.Насанбатын тухайд 2012-2020 оны хооронд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. 2015 онд түүнийг замын тендер шалгаруулахдаа бусдаас авлига авсан байж болзошгүй хэмээн баривчилж байсан удаатай. Баривчлагдахынхаа өмнөхөн тэр ажлаасаа халагдаж, түүнийг Засаг даргаас нь буулгаж байсан. Энэ үед УИХ-ын гишүүн байсан Д.Хаянхярваа Төрийн ордноор заргалдаж, хөөцөлдөж гүйсээр С.Насанбатыг албан тушаалд нь эргүүлэн тавьсан гэдэг.

С.Насанбат Засаг даргаар ажиллах хугацаандаа Дарханы газрыг Дархан сумын 24,25, 31-р хороолол, Хонгор сумын тариалангийн газрууд, Дарханы амралт зугаалгын гол бүс нутаг болсон Зулзагын гол зэрэг ард иргэдийн оршин суух бүхий л ашигтай байрлал дахь газруудыг хуйгаар нь хууль бусаар өөрийн юм шиг бусдад олгосон гэдгийг хэвлэлүүд нотлох баримттай нь дэлгэж байлаа. 

Б.Азжаргалын АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад, Засаг даргаар томилогдохоос өмнө буюу 2019 онд түүний орлого 40 сая 195 мянган төгрөг байжээ. Харин 2022 оны мэдүүлэгт орлого нь тав дахин өсөж 227 сая 081 мянган төгрөг болсон байна.

2019 онд 385 сая төгрөгөөр үнэлэгдэх таван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай нэг байр, хоёр авто гаражтай байсан бол 2022 онд нэг амины орон сууц нэмэгдэж, нэг нийтийн орон сууцгүй, гаражгүй болсон байна. Түүний амины орон сууц Дарханыхны бухимдлыг төрүүлжээ. 

Дархан сумын 31 дүгээр хороололд дөрвөн айлын газар дээр нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй хаус бариулж, 216 сая төгрөгөөр тавилга авсан асуудлаар АТГ-т шалгагдаж байгааг урьд өмнө нь мэдээлж байсан. Гэвч энэ асуудал аль нэг газарт уусан алга болсон.

Мөн Засаг даргаар томилогдохоосоо өмнө автомашингүй хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд туулах чадвар өндөтэй Toyota, Land Cruiser 200 автомашинтай болсон байна.

Тэрбээр 1344 м2, 500 м2, 799 м2 гээд нийт 108.5 сая төгрөгөөр үнэлэгдэх газар эзэмшдэг. 52 сая төгрөгийн хадгаламжтай. 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудаст түүний боловсрол, ажлын туршлагын талаар байршуулсантай танилцъя.

Боловсрол:

  • 1989 – 1998 Дархан 1 дүгээр 10 жил
  • 1998 – 2002 МУБИС

Ажлын туршлага:

2002 – УИХ-ын Тамгын газар УИХ-ын бие Төлөөлөгч

2004 – Дархан сумын ЗДТГ Мэргэжилтэн

2005 – Дархан сумын ИТХ-ын дарга

2008 – Дархан сумын ЗДТГ Засаг даргын орлогч

2012 – Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч

2012 – Дархан сумын ЗДТГ-т Засаг дарга

2016 – Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч

2020 – Дархан-Уул аймгийн Засаг дарга

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу