Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын гарьд М.Бадарч ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн.

Баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооноос 2023 оны наймдугаар сарын 21-нд улсын наадамд шөвгөрсөн 32 бөх допингийн А сорьцын шинжилгээ өгч, нэгээс нь допинг илэрсэн талаар мэдээлсэн. Улмаар түрүү бөх М.Бадарчийн А сорьцоос допингийн төрлийн метенолон гэх бодис илэрсэн нь ил болж, тэрбээр В сорьцоо задлахаар БНСУ-ыг зорьсон.

В сорьцоор түүний хэрэглэсэн бодис баталгаажсан тул наадмаар гаргасан амжилтыг нь тооцохгүй болж, Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд олгосон улсын арслан цолыг хураах юм.

Наадмын тавын даваанаас хойш түүнд унасан таван бөх цол нэмэх нь тодорхой болж байна. Тодруулбал, тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Э.Даш улсын харцага, долоогийн даваанд унасан аймгийн арслан С.Сүхбат улсын заан, наймын даваанд унасан улсын аварга О.Хангай чимэг нэмэх бол есийн даваанд унасан Улсын харцага Ц.Бямба-Отгон улсын арслан болно.

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн:

9.3.5.допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн баяр наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх,

9.3.6.олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан допингийн жагсаалтад орсон  хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага оногдуулах гэж заасан билээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн

8.2.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээг өгсөн бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг үндэслэн тухайн бөх, харваачид олгосон улсын цолыг хураалгах саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

8.3.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 8.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зарлиг гаргаж, тухайн бөх, сурын харваачид олгосон улсын цолыг хураана гэж заасан байдаг.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу