Өдөр бүр бяцхан үр амиа алдсан гэх сэрдхийм явдлууд тохиолдох боллоо. Есдүгээр сарын 30-нд Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны …дугаар байрны 10 давхрын цонхоор таван настай хүү унаж, эндсэн. Энэ харамсам хэргээс хоёрхон хоногийн дараа буюу аравдугаар сарын 2-нд тав болон долоон настай эгч, дүүс есөн давхрын цонхоор унаж, нас барсан хэрэг гарлаа.

Томчууд бидний хайхрамжгүй, хариуцлагагүйгээс болж бяцхан үрс амиа алдсан хэрэг гарсаар байна. Тиймээс бид сэрэмжлүүлж, хариуцлагатай байхыг уриалах үүднээс хоёр бяцхан үр амиа амиа алдсан хэргийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Багынх нь цэцэрлэг рүү очихоор түр гарахдаа хоёр эгчийг нь хараа
хяналтгүй үлдээжээ

Энэ байрны баруун захын есөн давхрын цонхоор хүүхдүүд унаж, амиа алджээ

“Харуул Алтай” хотхон Дотоод хэргийн их сургуулийн хойно байрлах ажээ. Эгнүүлэн барьсан тус бүр 10 давхар бүхий зургаан блок байрны баруун захын есөн давхраас хүүхдүүд унасан байна. Тэднийг ээж, аав нь түр орхиод, гурван настай бага хүүхдийнхээ цэцэрлэг рүү явсан аж.

Энэ хооронд хүүхдүүд гэрээс гарч, ээж, аав руугаа очихыг хүссэн үү гэлтэй ягаан, шар куртиктэйгээ цонхоор унасан байдалтай нас барсан байжээ. Хүүхдүүдийг унасан байхыг байрны оршин суугч хараад, 18:40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. 

Болсон явдлын талаар оршин суугчдаас тодруулахад “Лифтэд сууж байх үед нэг хүн орж ирээд “Энэ хавиар цагдаа нар ирчихсэн байна. Юу болсон юм бэ” гээд надаас асуусан юм. Би юу ч мэдээгүй байсан учраас мэдэхгүй гэдгээ хэлээд зогсож байсан. Гэтэл нэг хүүхэд араас орж ирээд, “Есөн давхраас хүүхэд уначихаж, нэг нь газар дээрээ нас барчихсан юм шиг байна” гэсэн. Байрны урд хэсэгт юу ч байгаагүй, хойшоо харсан цонхтой айлын хүүхдүүд цонхоороо унасан юм шиг байна лээ” гэсэн юм. 

Мөн оршин суугчдын хэлж байгаагаар, энэ айл дөрвөн хүүхэдтэй ажээ. Аав нь ажил хийдэг, ээж нь гэртээ хүүхдүүдээ хардаг. Тухайн өдөр том нь сургуулиасаа ирээгүй, багынх нь цэцэрлэгийн багш дуудсан учир дунд хоёроо үлдээгээд, түр гарчээ. Эргээд гэртээ иртэл хүүхдүүд нь амиа алдсан байж. Хоёр хүүхдийн бага нь цонхоор унах үед эгч нь татах гэж байгаад араас нь унасан байх хэмээн ойр орчмын хүмүүс нь таамаглаж буйгаа хэллээ. 

Оршин суугч: Айлууд цонхондоо хаалт хийж, хөршийн холбоогоо
сайжруулахаар болсон

“Харуул Алтай” хотхоны барилга 10 давхар, 18 баганатай. Тэгэхээр нэг байр нэг талдаа 180 цонхтой гэсэн үг. Охидын амиа алдсан талын айлуудын цонхыг харвал 180 цонхноос 15 орчим нь зориулалтын хамгаалалттай, ихэнх нь ялааны тортой байв. Цонхны хаалтгүйгээс болж хажууханд нь хоёр бяцхан амь хорвоог орхисон “гашуун түүх” байхад тэд сургамж аваагүй гэлтэй.

Бид энэ талаар оршин суугчдаас тодруулсан юм. Оршин суугч Н “Манай хотхоныхон нэгдсэн журмаар групп чат нээсэн. Айлууд цонхондоо хаалт хийхээр дор бүрнээ арга хэмжээ авч байна. Мөн хөршийн холбоогоо сайжруулахаар ярилцсан. Хүүхдийг нь харах хүнгүй эцэг, эхчүүд 30 минутаас нэг цагийн хугацаанд гарах шаардлагатай болсон тохиолдолд байрныхаа оршин суугчдадаа хэлж, боломжтой нь хүүхдийг нь харах байдлаар нэгэндээ тус дэм болохоор шийдсэн. 70, 80-аад онд байсан шиг хөршийн холбоог сайжруулбал ийм хэрэг гарахгүй байх гэж бодож байна” гэлээ. 

Мөн өөр нэгэн оршин суугч “Барилгын компаниуд орон сууц барихдаа гурваас дээш давхрын айлуудын цонхонд хаалт хийдэг болох хэрэгтэй. Өндөрт байгаа айлууд цонхныхоо хаалтыг өөрсдөө хийж чадахгүй. Өндөр шат нь бидэнд тэр бүр олдохгүй. Тиймээс барилгын компаниуд үүнд анхаараасай” хэмээн ярьсан юм. 

ЦЕГ: Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа

Цагдаагийн байгууллагад 2023 он гарснаас хойш хүүхэд өндрөөс унасан гэх 12 дуудлага бүртгэгдсэнээс долоо нь нас барж, тав нь гэмтсэн байна. 

Хэргийн талаар “Аравдугаар сарын 2-нд “Нэр бүхий хотхоны есдүгээр давхраас хүүхдүүд уначихлаа” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход нэг гэр бүлийн 5-7 насны хоёр хүүхэд унаж, амь насаа алдсан байсан. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Шалгалтын ажиллагаагаар тухайн хүүхдүүдийн эцэг, эх асран хамгаалагч нь байгаагүй, түр хугацаагаар гарсан гэдэг нь тогтоогдсон” гэсэн мэдээлэл өгсөн юм. 

“Түр зуур” гэх үгээр өөрийгөө тайвшруулж, онгорхой цонх, эзэнгүй гэрт үлдээснээс болж энгэртээ тэвэрч, энхрийлж өсгөсөн хоёр үр нь амиа алдлаа. Энэ үйл явдал бидэнд гашуун сургамж болж байна.

Юу ч мэдэхгүй цагаан цаас шиг бяцхан үрсээ томчууд бид цаг тутам анхаарч, хамгаалж, хайрлаж байх үүрэгтэй. Гэтэл эцэг, эх асран хамгаалагчдын хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүд ийнхүү хорвоог орхисоор байна. 

Б.ХОНГОРЗУЛ
Гэрэл зургийг Ч.ДАШДОРЖ

2 САНАЛ

  1. Munge huuj.avulgalaar gazar avaad l surguuli.tsetseleg ch bhgui.ender davhart tsonhnii haalt ch hiij egehgui novshiin kampami buruutai uildel.suuliin uein ender bairni ailuud tsonhoo ch archij chadajgui bga.Gadna tsonh archih uilchilgee bbal sain bn.daanch shat oldoh hetsuu biz.Buh ersdel tugjrel ch surguuli.tsetserleggui bairnaas l bolj bn

  2. яаж иймхэн 2 хүүхдээ цонхны хаалтгүй онгойлгож болохоор цонх тагттай гэртээ хээв нэг үлдээж чадаж бнаааааа!!!!! эвий бяцхан 2 сахиусан тэнгэрүүд, 1 ой өнгөрч байгаа хүүхэдтэй ч схя халуун зунаар авирч чадахгуй хүрэхгүйг нь мэдэж байвч цонхоо зөвхөн дээд хэсэгээр нь онгорхой байлгаж байсан, энгийн мэдлэг наад захын боловсролын л асуудал шүү энэ бол нээрээ!!!!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу