“The New York Times” сонины Хятад дахь сурвалжлагч Дэвид Пиерсон Хятадын гадаад бодлого, эдийн засаг, соёлын харилцааны тухай мэдээ, мэдээллийг дэлхий дахинд түгээдэг. Монголд ирж, Төвдийн шашны удирдагчийн сүүлчийн хувилгаан хүүгийн гэр бүлийн гишүүдтэй ярилцлага хийсэн тухай түүний нийтлэл “The New York Times” сонинд “Төвдийн буддизмын төлөөх тэмцлийн төвд буй найман настай хүү” нэртэйгээр хэвлэгдсэнийг орчуулан хүргэж байна.

Хүү чинээлэг амьдарч, эрэл хайгуул хийх тавилантай мэт санагдав. Монголын уул уурхайн томоохон конгломератын гэр бүлд төрсөн түүнийг хэзээ нэгэн цагт тус улсын нийслэл дэх шил толь болсон төв байгууллагын удирдагчаар сонгох ч байсан байж магадгүй юм.

Өдгөө 8 настай тэр хүү Далай лам болон Хятадын коммунист нам хоорондын тэмцлийн “гол”-д байна. Бүх зүйл өөрчлөгдөх үед тэр дөнгөж хөлд орж байжээ.

Аав нь түүнийг ихэр дүүгийнх нь хамт нийслэл Улаанбаатар хотын Буддагийн алтадмал өндөр баримлаараа алдартай маш том хийдэд аваачин, өрөөнд оруулан, өөр долоон хүүгийн хамт нууц шалгалт өгүүлжээ.

Хүүхдүүдэд шашны эд зүйлсээр дүүрэн ширээ үзүүлсэн байна. Тэдний зарим нь эцэг, эхээсээ салахаас татгалзсан бол зарим нь анхаарлыг нь сарниулах зорилгоор тавьсан өнгөлөг чихэрт “татагджээ”.

А.Алтаннар хүүгийн хувьд тэс өөр байж. Тэрбээр эрхи сонгон, хүзүүндээ зүүж, ном хурахад ашигладаг хонх дуугаргаж, улмаар өрөөн дэх нэгэн ламын дэргэд очин, хөл өөд нь “авирчээ”.

Хүүг хоёр том ламын хамт ажиглаж байсан шашны эрдэмтэн Мишиг-Ишийн Батаа “Эдгээр нь маш онцгой шинж тэмдэг байсан. Бид бие бие рүүгээ харахаас  өөр юу ч хэлээгүй” гэжээ.

Буддын шашны хамгийн чухал гурван хүний нэг, Монголын оюун санааны удирдагч болох Богдын Х хувилгааныг ийн олж тодруулжээ. Гэвч түүнээс хойш түүний хэн болохыг долоон жилийн турш нууцалсан байна. Эцэст нь энэ жилийн гуравдугаар сард Далай лам Энэтхэгт айлчлах үеэрээ X Богд тодорсныг зарласан.

Богд нь ХХ зууны эхэн үед Монголын теократ удирдагч байсан бөгөөд бурхан мэт тахигдсан. Өдгөө энэ нэр банк, ноолууран эдлэлийн брэнд, авто дилерүүдийн нэршил болжээ. Монголчууд тэр бүү хэл нэгийгээ найтаахад “Богд өршөө” гэж хэлдэг.

Хэн Богд болох вэ гэдэг Монгол, Хятад, Төвдөд хамаатай эмзэг асуулт юм. Хятадын Коммунист нам хилийн чанадад ч Төвдийн буддизмд эрх мэдлээ тогтоохыг хичээсээр ирсэн.

Энэтхэгт амьдарч буй 88 настай Далай ламыг Төвдийг Хятадын дарлалаас чөлөөлөх дайсан гэж тус улс үздэг. Далай лам Х богдтой хамт олны өмнө гарч ирсэн нь Хятадын үзэл баримтлалыг эсэргүүцсэн хэрэг болсон.

Өдгөө ТикТок болон видео тоглоомд дуртай гуравдугаар ангийн сурагч хүү Монголын буддизмыг Хятадын дарамтаас хамгаалах хүнд хариуцлага хүлээж байна. Нэг талаасаа түүний ихэр ч адил хариуцлага хүлээнэ. Хүүг олны нүднээс хамгаалахын тулд ихэртэй нь байнга хамт харуулдаг. Чухамдаа Х богдыг залах ёслол дээр ихэр хүүгийн хэнийг нь танилцуулсан нь тодорхойгүй.

Богд цол монголчуудад харъяалагддаг болоод 300 орчим жил болсон. Монголчууд Төвд гаралтай наймдугаар Богдоор Богдын залгамж тасарсан гэж бодож байжээ. Улмаар Далай лам 1936 онд Төвдөд дөрвөн настай хүүг есдүгээр Богд хэмээн өргөмжилсөн байна. Есдүгээр богд 79 насандаа таалал төгсөхдөө хойд дүрээ төвд биш монгол хүн байх ёстойг гэрээслэжээ.

Монгол Улс Х Богдоор монгол хүн нэрлэсэн учир Хятад, Далай лам хоёрын хоорондох улс төрийн тоглоомд улам гүн гүнзгий оролцоно гэсэн үг.

Монгол Улс Хятадаас экспорт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хувьд ихээхэн хамааралтай. Иймд Монголын хувьд Хятадын нүдэн дээр буруу алхам хийх эрсдэлтэй.

Далай лам 2016 онд Монголд айлчлах үеэрээ Монголоос Богд тодруулсан гэж анх хэлсэн нь тэсрэх бөмбөг адил мэдэгдэл байж. Хятад тэр даруй хариу арга хэмжээ авч, хилийн боомтуудаа хааж, тариф тогтоож, хэлэлцээрийг цуцалжээ.

Эх сурвалж: NYT
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу