Аймгуудын өрсөлдөх чадварын дүнгээр Завхан аймаг сүүл мушгиж ирсэн. Үүнийг нь ч аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Түвшинжаргалтай холбож, түүнийг ажлаа хийдэггүй, шинийг санаачилдаггүй, залхуу хэмээсээр албан тушаалаас нь огцруулсан. Харин Д.Түвшинжаргалыг ажлаас нь чөлөөлөхөөс өмнө түүний суудлыг Г.Өнөрбаярт өгөхөөр тохироо хийгдсэн байсан гэдэг. Ямартай ч Д.Түвшинжаргалыг буулгаснаар Г.Өнөрбаяр төрсөн нутгийнхаа Засаг ноёны сэнтийд заларсан. 

Шинэхэн Засаг даргын намтрыг сөхвөл тэрбээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр дунд сургуулийг төгсжээ. Улмаар МУИС-д сэтгүүлчээр, Японы Кюшүгийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. 

2005-2009 оны хооронд Үйлдвэр худалдааны, Барилга, хот байгуулалтын, Гадаад харилцааны яаманд тус тус ажиллаж байгаад Сү.Батболдыг Ерөнхий сайд болоход зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. Ингэж тэр Сү.Батболдын дэмжлэгээр улс төрд хөл тавьсан. Улмаар Сү.Батболдыг Ерөнхий сайдаас буухад УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөхөөр ажилласан билээ. 

2016 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад, 2023 оны зургаадугаар сарын 7-нд Завхан аймгийн Засаг дарга болсон юм.

Аймгийн Засаг дарга болсноосоо хойш долоо хоногийн дараа тэрбээр “Улиастай хотыг мал, малын нүүдэл муухай харагдуулж байна” гэж хэлээд, олны шүүмжлэлд өртсөн ч төд удалгүй аймгийнхаа газрын дарга нарыг загнаж буй бичлэгүүдийг ээлж дараалан цацаж, оноо авсан. Тухайлбал, аймгийнхаа Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажлыг долоон жил хашсан Б.Мөнхбат гэх хүнийг ажлаа мэдэхгүй байна хэмээн загнаж харагдсан.

Нөгөөх нь яах ч аргагүй мэргэжилтнүүд хариулна гээд хээв нэг сууж байсан юм. Үүнээс хойш төд удалгүй “Ус ашигласны төлбөрөө 20-30 жил төлөөгүй аж ахуйн нэгж байна, яагаад төлүүлдэггүй юм бэ” гэж аймгийнхаа холбогдох албаныхан руу зандарч суусан.

Ажлаа хийдэггүй, мэддэггүй нөхдүүдийг шахаж шаардаж, чадахгүйг нь халж, сэлгэх нь зөв. Гэхдээ ингэх бүрдээ хэн нэгнээр камер бариулж буй нь МАН-ын ах нарынхаа поп үйлдлийг дуурайж байна уу гэлтэй. Түүний эл үйлдлийг зарим хүн ирэх жилийн сонгуульд өөрийн төрсөн нутгаас нэр дэвшихийн тулд сонгогчдодоо танигдаж, санал авахаар санаархаж буй овжин арга гэх юм билээ. Ямартай ч Завханд ийм нэг хүн Засаг даргаар очиж, даргын суудал дуу чангатайг харуулж явна. 

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, өөрийн орлого нь 39 сая 387 мянган төгрөг. Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 13 сая 754 мянга. 110 сая төгрөгөөр  үнэлэгдэх байртай, 700 га газартай. 

Түүний боловсрол, ажлын туршлагатай танилцъя.

БОЛОВСРОЛ

  • 1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 2001 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль, сэтгүүлч мэргэжлээр
  • 2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн магистрантур
  • 2007 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн докторантур
  • 2013 онд Японы Кюшүгийн их сургуулийн Хуулийн сургуулийг магистрантураар тус тус төгссөн.

АЖИЛ ЭРХЛЭЛТ

  • 2001-2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд цагийн багш
  • 2003-2005 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд дагалдан багш
  • 2005-2007 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд багш
  • 2007-2009 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд дэд профессор
  • 2005-2006 онд Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн
  • 2006-2007 онд Барилга, хот байгуулалтын яаманд хэлтсийн дарга
  • 2008-2009 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн
  • 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2013-2016 онд УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, ажлын албаны дарга
  • 2016-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2023 оноос Завхан аймгийн МАН-ын хорооны дарга, МАН-ын бага хурлын гишүүн, Завхан аймгийн Засаг дарга

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу