МЭК судалгааны байгууллагаас сар бүр гаргадаг хүнсний багцын үнийн өөрчлөлтийн судалгааны арваннэгдүгээр сарын дүн гарчээ. Уг судалгааг авахдаа “Номин” супермаркетаас өрхийн нэг өдрийн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн худалдан авч, үнийг нь өмнөх сарынхтай харьцуулдаг юм.

ӨРХИЙН НЭГ ӨДРИЙН ХООЛНЫ МАТЕРИАЛ 51,598 ТӨГРӨГ БОЛЖ БАЙНА

Улаанбаатар хотод хамгийн олон сүлжээ дэлгүүртэй, “хамгийн хямд” гэх тодотголтой “Номин” супермаркетаас дараах бүтээгдэхүүнүүдийг худалдаж авчээ. Тодруулбал, өндөг, талх, наранцэцэгийн тос, хиам, сонгино, төмс, жүүс, цагаан будаа, хонины мах, сүү, гурил, тор зэргийг авсан байна.

Нарийн ногоогүй, амттангүйгээр ингэж авахад 51,598 төгрөг болжээ. Өдөр бүр ийм бүтээгдэхүүнүүд худалдаж авч, хэрэглэнэ гэж тооцвол сард ойролцоогоор 1,5 сая төгрөг болно.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын дундаж цалин 1.9 сая төгрөг байгаа гэх. Тэгэхээр иргэд цалингийнхаа 79 хувийг хүнсэндээ зарцуулж байна. 

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨМНӨХ САРААС ӨСӨӨГҮЙ БАЙНА

Нийт 12 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулжээ. Тус харьцуулалтаар наранцэцэгийн тосны үнэ 1691 төгрөгөөр буурсан байна. Харин “Лыбимый” жүүсний үнэ 1030 төгрөгөөр, 10 ширхэгийн савлагаатай өндөгний үнэ 300 төгрөгөөр нэмэгджээ. Бусад бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. 

ОН ГАРСНААС ХОЙШ ЦАГААН БУДААНЫ ҮНЭ 1680 ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ 

Энэ сард худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийг нэгдүгээр сарынхтай харьцуулжээ.  Нийт дүнгээр, нэгдүгээр сард 12 төрлийн бүтээгдэхүүнийг 50139 төгрөгөөр худалдаж авч байсан бол энэ сард 51598 төгрөг болж, үнэ нь 2.9 хувиар өссөн байна.

Нарийвчилбал, нэгдүгээр сараас хойш 10 ширхэгийн савлагаатай өндөгний үнэ 300 төгрөгөөр, “Мишээл” талхны үнэ 310 төгрөгөөр, хиамны үнэ 1112 төгрөгөөр, төмсний үнэ 150 төгрөгөөр, “Сакура” цагаан будааны үнэ 1680 төгрөгөөр, “Миний Монголын” сүүний үнэ 400 төгрөгөөр, дээд гурилын үнэ 380 төгрөгөөр, торны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин наранцэцэгийн тосны үнэ 1551 төгрөгөөр, сонгины үнэ 48 төгрөгөөр, “Лыбимый” жүүсний үнэ 370 төгрөгөөр, хонины махны үнэ 954 төгрөгөөр буурчээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Хүүк наа хужаа ногоо жимс гурил будаа бүх хүнсийг мэргэжлийн хяналт нэрийн дор атгаад 20 жил болж бн, хэзээ ч үндэсний үйлдвэрлэл дээш гарахгүй

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу