Олон үндэстний өв уламжлал, түүх, ёс заншил, соёлын өвийг тээж яваа Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын өвөл цагийн үзвэрийн 89 дэх жилийн нээлт “Асгандаан харгалдийл” тоглолтоор эхлэх гэж байна. Тэд тоглолтоо Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотоор хийхээр төлөвлөжээ. Ховд аймгийн Хөгжимт драмын театрын маркетингийн менежер Х.Мягмарсүрэнтэй тоглолтын талаар ярилцлаа. 

-Юуны өмнө тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай театр 34 жилийн дараа төвийн бүсийг зорьж, анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байна. Манай тоглолтын нэр болох “Асгандаан харгалдийл” гэдэг нь “Оройдоо уулзъя” гэсэн утгатай. Бид тоглолтоороо аймгийнхаа онцлогийг харуулж, олон угсаатны өв соёл, ардын язгуур урлагийг нэг дор харуулна. 

-34 жилийн дараа Улаанбаатарт ирж тоглолт хийх гэж байна гэлээ. Төвийн бүсийг зорих шалтгаан юунд байв?

-Соёл урлагийн салбарын шижир алт болсон уран бүтээлчид орон нутгийн театрт чимээгүйхэн ажиллаж байдаг. Орон нутгийн театр гэхээрээ нутагтаа чимээгүй байгаад байж болохгүй. Энэ мундаг хүмүүсийг олон нийтэд таниулах, авьяас чадварыг нь сурталчлах хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотод ирээд өөрсдийгөө ямар түвшинд явааг, төвийнхөнтэйгөө хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа эсэхийг дүгнэнэ.

Манай Ховд аймаг олон угсаатны өв соёлыг тээж явдаг учир Хөгжимт драмын театрын уран бүтээлчид маань тэр хэрээр маш их үүрэг, хариуцлага хүлээдэг. Тиймээс энэ сайхан өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийг зорьж явна.

-Танай театр хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай театр 73 жилийн түүхтэй. Анх байгуулагдах үед мэргэжлийн уран бүтээлчид ховор байсан учир сайн дурын уран сайханчид ажилладаг байлаа. Харин сүүлийн үед залуу уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэж байна. Аймгуудын театрт 50, 60 нас гарсан хөгшчүүд бугшаад байдаг гэдэг ойлголт байхгүй болсон. Ялангуяа манай хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн дийлэнх нь 35-аас доош насны залуучууд. 10 гаруй жил ажилласан цөөхөн хүн бий. Нэг ёсондоо залуучуудаа дэмждэг. Нөгөө талаас залуучууд театрт ажиллаж байна гэдэг нь өв соёлоо цааш уламжилж авч явах сайн талтай.

Манай театрт өнөөдрийн байдлаар 70 гаруй хүн ажиллаж байна. Улаанбатарыг зорьж ирсэн тоглолтод 40-45 хүн оролцохоор ирсэн.

-Олуулаа ирсэн юм байна…

-Тийм ээ. Бид энэ тоглолтод өндөр ач холбогдол өгч, бүхий л чадлаараа хичээж байна. 

-Ихэнх нь залуу уран бүтээлчид гэлээ. Тоглолт юугаараа онцлог байх вэ. Залуу хүмүүс тул бусад залуучуудыг татах, шинэ содон зүйл хийсэн болов уу?

-Залуучууд орчин үеийн чиг хандлагаа дагаад, шинэ содон зүйл сонирхож байна. Үүнийг нь дагаад уламжлал, өв соёлоо мартуулахгүй, түгээн дэлгэрүүлэхийн тулд тэр орчин үеийн зүйлтэй нь ардын урлагаа хослуулж гаргахыг хичээж байна. Тухайлбал, “The Hu” хамтлаг ардын  урлагтаа тулгуурлаж дэлхийд гарсан. Үүнтэй адил бид юу хийвэл олон хүнд хүрэх вэ гэдэг талаас нь анхаарч байна.

Тоглолт маань хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт угсаатны өв соёл, ардын цөөхүүл хөгжимд тулгуурлаад, үндэсний хэв шинжийг агуулсан үзүүлбэрүүд тоглогдоно.

Хоёрдугаар хэсэгт, орчин үеийн нийтийн дуу, ардын дуугаа хослуулан дуулна. Мөн баруун монгол угсаатны бүжгийг толилуулна. Үндэстэн, ястан бүрийн аж амьдралыг харуулсан бүжиг бий. Тэднийг нэгэн зэрэг харуулах юм. Тоглолтод ирсэн хүн бүр өөрийн үндэс угсаагаараа бахархаж, омогшвол бидний энэ тоглолтыг хийсэн зорилго биеллээ олно.

-Баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.


“Асгандаан харгалдийл” тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

  • 2023 оны 12-р сарын 1-нд Дархан хотын “Залуучууд театр”-ын тайзнаа 19:00 цагт
  • 2023 оны 12-р сарын 2-нд Эрдэнэт хотын “Хүүхэд залуучуудын театр”-ын тайзнаа 19:00 цагт
  • 2023 оны 12-р сарын 4-нд Улаанбаатар хотын “Соёлын төв өргөө”-ний тайзнаа 19:00 цагт

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу